Хуучирсан мэдээ: 2010.06.10-нд нийтлэгдсэн

Бразилийн шигшээ баг


Хөлбөмбөгийн холбоо байгуулагдсан он:
1914
FIFA-д элссэн он: 1923
Холбооны ерөнхийлөгч: Рикардо Тейксейра
Ерөнхий дасгалжуулагч: Дунга /Бразил/
Багийн ахлагч: Лусио
Шигшээдээ олон тоглосон: Кафу – 142     
Олон гоол оруулсан: Пеле – 77
Одоогийн чансаа: 1
Хамгийн өндөр чансаа: 1 /1983, 2010/
Анхны тоглолт: Аргентин 3:0 Бразил /1914 он/
Хол зөрүүтэй ялалт: Бразил 14:0 Никарагуа /1975/
Хол зөрүүтэй хожигдол: Уругвай 6:0 Бразил /1920 он/
Хоч: Караниньо

Дэлхийн аваргын бүрэлдэхүүн:

Хаалгач: Дони, Жулио Цезарь, Эурелио Гомес
Хамгаалагч: Тьяго Сильва, Майкон, Жилберту, Луизао, Хуан, Дэни Альвес, Лусио
Хагас хамгаалагч: Рамирез, Мишел Бастос, Жозуэ, Элано, Фелипе Мело, Клеберсон, Жилберту Силва, Кака

Довтлогч: Графите, Луис Фабиано, Нилмар, Робиньо, Жулио Баптиста
Бразил гэдэг нэрийг цаг үргэлж “дэлхийн таван удаагийн аварга” гэх агуу нэр хүндтэй цол гуншин нь дагалдаж явдаг. Хөлбөмбөгийн спортын аль ч тавцанд яруу алдраа дуурсгасан тэд өнгөрсөн 80 жилийн түүхэнд бүх дэлхийн аваргад оролцсон цорын ганц баг юм. Бразилийн шигшээ багийн өмсгөлтэйгээр гурван ч дэлхийн аваргын дэвжээнд гарсан Дунгагаар удирдуулсан Бразилийн шигшээ энэ жил дэлхийн аваргад түрүүлж, зургаа дахь удаагаа алтан цом хүртэхэд үгүй гэх газаргүй юм.

Өмнөд Африк хүрэх замд:

Есөн тоглолтод хожиж, долоо тэнцэж, хоёр ялагдсан ч Бразилийн шигшээ багийнхан гурван тоглолтын нөөцтэйгээр Өмнөд Африкийг зорих эрхтэй болсон юм. Өмнөд Америкийн сонгон шалгаруулалтыг тэргүүлсэн ч Өмнөд Африкт хүрэх тэдний зам энхэл, донхолтой байлаа.

Од тоглогчид:

Хөлбөмбөгийн хөгжлөөрөө гайхагддаг ард түмнээс авьяасаараа цойлон гарч ирсэн 23-хан тоглогчийг сонгох гэдэг Дунгагийн хувьд амаргүй даваа байсан нь тодорхой. Жулио Цезарь гэгч найдвартай чанга гартнаар хаалгаа мануулсан бразилчууд эмээх зүйлгүй урагшаа тэмүүлэх биз. Харин энэ багийн довтолгоонд Кака чухал үүрэг гүйцэтгэх учиртай. Түүнээс гадна Луис Фабиано гэх авьяаслаг довтлогч Бразилийн багт бий.

Дасгалжуулагч:

2006 оны наймдугаар сард шигшээ багийнхаа дасгалжуулагчаар сонгогдсон Карлос Каетано Бледорн Верри буюу Дунга цагтаа Бразилийн шигшээ багт хүчин зүтгэж явсан нэгэн. 1990 оны Италид болсон дэлхийн аваргад азгүйтсэний дараа багагүй шүүмжлэл хүртсэн хагас хамгаалагч Дунга дөрвөн жилийн багаа АНУ-ын дэлхийн аваргад багаа ялалтад хүргэхэд багаа ахалж байв. Улсын шигшээ баг байтугай клуб ч дасгалжуулж үзээгүй “нялх мэргэжилтэн”-г шигшээ багийн дасгалжуулагчаар томилсонд олон нийт ихээхэн шүүмжилж байсан ч дасгалжуулагчийнхаа хувиар туршлага багатай Дунга авьяаслаг, мэдрэмжтэй нэгэн гэдгээ баталж, Бразилийн шигшээг 2007 оны Америкийн цом, 2009 онд Холбоодын цомд түрүүлүүлж, дэлхийн аваргад төвөггүй шалгаруулсан юм.

ДАШТ-ий амжилт:

Хөлбөмбөгийн агуу спортын түүхэнд бүх дэлхийн аваргад оролцсон цорын ганц баг төдийгүй хамгийн олон удаа буюу таван удаа дэлхийн аваргаар тодорч байсан арвин түүхтэй баг. Тэд 1958 онд анхлан түрүүлж, 1962, 1970 онд дахин түрүүлсэн бөгөөд 1970 оны дэлхийн аваргын дараа Жюля Римэгийн цомыг  Бразилийн багт үүрд гардуулсан юм. Хожим нь бразилчууд 1994 оны дэлхийн аваргын алтан цом өргөж, хамгийн сүүлд 2002 онд Азид болсон дэлхийн аваргын финалд Германы багийг хожсоноор тав дахиа түрүүлсэн билээ.

Бразилчуудын боломж:

Тэдний өмнө боломж бүрэн нээлттэй байгаа. Тодруулбал, 100 хувь.

С.Цэлмэг

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж