Б.Лхагвасүрэн: Авьяас билэгтэй хүмүүс арьсгүй юм шиг мэдрэмтгий улс

Хуучирсан мэдээ: 2010.06.10-нд нийтлэгдсэн

Б.Лхагвасүрэн: Авьяас билэгтэй хүмүүс арьсгүй юм шиг мэдрэмтгий улс

Монгол Улсын Төрийн шагналт, Ардын уран зохиолч , яруу найргийн “Болор цом” наадмын гурван удаагийн шагналт, Драмын урлагийн “Гэгээн муза” наадмын хоёр удаагийн шагналт, утга зохиолын Алтан -Өд наадмын хоёр удаагийн шагналт, Монголын зохиолчдын эвлэлийн шагналт, Америкийн дэлхийн утга зохиолын их сургуулийн хүндэт доктор, PEN клубын гишүүн Б.Лхагвасүрэнтэй ярилцлаа. Түүнийг монголын утга зохиолын ноён оргилуудын нэг гэдэгт маргах хүн үгүй биз.  Ингээд их найрагчийн яриаг уншигч танд хүргэе.

-Яагаад ч юм би танд асуулт тавихаас сүрдээд байна?

-Би чамайг миний үзэж туулсан он жилүүд, наснаас минь сүрдэж байгаа байх гэж бодож байна. Тэрнээс  миний эрхэлж байгаа ажил алба, хийсэн бүтээсэн  туулсан зам хүн сурдмээр юм биш шүү дээ. Монголчууд ярьдаг. Хүн хоорондоо ярилцахаас гадна эхэлж “нүүр хагарах”  л хэцүү  гэж гэдэг. Тэр л байлгүй дээ гэж бодож байна.

-Бид хоёрыг уулзахаас өмнө таны гараас ямар уран бүтээл гарав аа?

-Хүмүүс нэг ярьдаг даа.”Чадахгүй байж донтой, шүдгүй байж амтай” гэж. Зүгээр сууж би ерөөсөө чадахгүй юм. Мэдэрсэн сэрсэн болгоноо шүлэг болгох гэж бодох юм. Би өөртэй чинь уулзахаас өмнөхөн Улсын драмын эрдмийн театрт “Маргааш байхгүй хаан” гэдэг нэртэй том эмгэнэлт жүжгээ өглөө. Энэ намар театрын тайзнаа тавигдах юм билээ. Өөрийгөө голохгүй өтөлнө гэдэг нэг бодлын сайн ч юм шиг атлаа  их “тэнэглэл” байхдаа гэж аймсаж сууна. Өдөртөө шүлгийн мөр тавихгүй байж чадахгүй л байна. Би буруу зөнөж байна мэднэ шүү. “Сэлэнгийн долгио” чуулга миний “Буур хээрийн домог “ гэдэг дуулалт бүжгийн жүжгийг минь тавьж байна. Ирэх сарын эхээр нээнэ. Иймэрхүү л байна даа.

-Хамгийн сүүлд бичсэн шүлгийн шадаас тань сонсож, оюуны цангаагаа тайлмаар байна?

-Онож унасан
Орилж ирсэн
Орчлон гэдэг хоосон юм байна
Эхнээсээ дуустал эрээд эрээд
Энд хайр алга
Эхлэхээсээ төгстөл эрээд эрээд
Энд үнэн алга
Амь тавин
Агдаж ирсэн
Алаг дэлхий хоосон юм байна
Амьдын төдийхэнд бодитой мэтэд эрээлжилсэн
Албин зүүдний зай юм байна
Хорвоо гэж

-Таныг Соёл урлагийн хорооны дарга хэмээх энэ өндөр албан тушаалын ард уран бүтээлийнхээ чадал чансаагаараа гарч чадаж байгаа байх гэж ойлгодог?
-Ажил үүрэг гэдэг бол суудлаас шалтгаалах хагас  эрх.  Уран бүтээл гэдэг надаас шалтгаалах бүтэн эрх. Зүгээр юмыг хэцүү бэрх гэж хэлэх амнаас их удаан гардаг үг л дээ.  Бас чадахгүй байгаа хүний үг л дээ.  Соёл урлагийн хорооны ажил бол бусдаас ялгагдаж ойлгогдох нь хэцүү ажил юм.  Бид хичнээн юм хийлээ, саналаа ч  яамны сүрд дарагдаад нэг л бүдэгхэн байх юм.  Бусад агентлагуудын нэгэн адилаар хэрэгжүүлэгч агентлаг бус, тохируулагч агентлаг байсан бол ажил хэрэг эрхийн хэмжээ арай илүү байсан даа. Бидэнд эрх, эдийн засаг хоёр алга байна. Энэ бол ажил хийхэд их мухардал болгож байна. Хэцүү юм аа. Монголын соёл урлагийн салбар бол их ойлгомжтой юм шиг мөртлөө хамгийн ээдрээтэй салбар. Бусад газрууд хүний идэвхи чармайлт, санаа бодол дээр ажилладаг бол манай салбар хүний сэтгэл дээр ажилладаг болохоор их эмзэг юм.  Авьяас билэгтнүүд арьсгүй юм шиг мэдрэмтгий. Тэдний гомдох баярлахын зай хоорондоо их ойрхон. Өгөгдсөн нөхцөл ийм болохоор гоц гойд шинэчлэл, сэтгэлгээний өөрчлөлтийг  л хүлээж авна уу гэхээс ажиллагааны тогтсон уламжлалын үргэлжлэлийг хүлээж авдаггүй хүмүүс байдаг. Ийм болохоор соёл урлагийн салбар хэцүү гэж арга буюу ам алдмаар байна. Миний ганц зорилго бол аливаа юмыг хийх нь чухаг болохоос хийснээ сурталчлах нь  чухал биш гэж боддог минь алдаа байж мэднэ. Өөрсдийн тухай ярих бол өрөөлийн тухай ярихаас хэцүү шүү дээ.

-Та улс төр хэмээх тогоонд чанагдаж үзсэн хүн. Ер нь тэр хоол хэр амттай вэ?
-Хоолны амт гэдэг эхлээд харах, дараа нь дурлах, идэхээр зориглох, зажлах тэгээд залгих, шингээх гэсэн олон дамжлагатай шүү дээ. Улс төр гэдэг өөрийгөө бодсон хүмүүст их амттай юм шиг байгаа юм. Өрөөлийг гэдэг хүнд гашуун юм шиг байгаа юм. Улс төрд зүтгэж байгаа хүний үр дүн гэдэг бол зарцуулсан ухаан сэтгэлгээнийнх нь үнэ байх ёстой.  Үнэн агаад шударга байсных нь үнэ байх ёстой. Улс төрд нэг үнэгүй юм байдаг. Энэ нь суу заль, сулхан оюун ухаан, шударга бус байдал энэ гурав улс төрд ямар ч үнэгүй. Ер нь орчлонд өгсөн, авсны хэмжээ хоёр тэнцэж байх учиртай.  Энэ бол хүн шиг хүн байхын нэг том шалтаг.

-Яруу найрагч хүн их зөнч гэдэг. Та бүр ч илүү зөнч юм шиг санагддаг. Таны шүлгэнд
 “Мохоо хутга шиг үг нь
  Монголоо зарах уу гэж асуух шиг” гэсэн мөр байдаг. Монгол  нутаг минь бусар хүний гараар орж зарагдаад байна уу даа гэсэн хардлага төрөөд байх боллоо?

-Дэлхийн уран зохиол ч гэсэн ер билэг, зөн совин руу их явж байна. Тэрнийг бичиж байгаа зохиолч нь зөнч гэдэгт би итгэхгүй байна. Зохиолч бүхэн зөнч биш байх. Ер нь хүмүүний амьдрал гэдэг чинь бодит үнэн, зөн совин хоёроос бүтдэг юм биш биз дээ. Миний бүтээлийн тухайд зөн совин түлхүү орсон юм гэвэл “Үр могой” гэдэг дууль, “Бүлээн нурам” кино зохиолд минь арай түлхүү орсон юм болов уу даа гэж би боддог.  Би зөнч хүн биш л дээ. Нялх залуу цагт хурдан том хүн болж, ханьтай болох юмсан, үр хүүхэдтэй болох юмсан гэсэн сайхан зөн мөрөөдөлд хатдаг л байлаа. Надад ирэх ойрхоны л зөн байж дээ. Ойрхон бүтэх зөнтэй амьдарч байсан болохоор далд чинадын зөн билэгт шатаж үзсэнгүй. Гэхдээ би нэг удаа “тэнэглээд” нэг шүлэгтээ ” Би ертөнцийн үүслээс хол ертөнцийн мөхөлд ойрхон амьдарлаа” гэж “солиорсон” юм. Энэ шүлэг миний зөн билгээс  бус мэдээллийн зууны шуугианаас шалтгаалж төрсөн байх л даа.

-Та “Би өөрөө амирлахын цагтаа  ангилан дээдэлдэг “Алтан-Өлгий”-д алдраа дагаж очихгүй  ажаагаа /аавынгаа/ дагаж  нутагтаа очиж  шингэнэ  гэж бичсэн байдаг?
-Хүн мэдэхгүй гэдэг үгийг хэлж чаддаг байх ёстой. Намайг  үхсэнээс хойш  би яахыг мэдэхгүй. Тэр мэдэхгүй бүхэндээ санамж өгч байгаа юм. Үүнийг миний гэрээслэл  ч гэж үзэж болно. Амьддаа бодож байсныг минь хүндэтгэх  аваас  тэдэнд сүнс минь баярлах болно.  Ийм л юм даа.

-Ингэхэд өөрийгөө хамгийн их “яллаж” байсан үе тань хэзээ вэ?
-Халуун залуу насны хар гайгаар аав ижий хоёроо зовоогоогүй ч гэсэн хүний үр шиг ачилж чадаагүйдээ өөрийгөө их “ялладаг”. Их юм аваад өгөөгүй  “хулгайч” гэж өөрийгөө ялладаг. Тэр хоёр минь намайг цагаатгадаг. Гэхдээ миний ял хөнгөрөөгүй. Одоо үхэл л намайг цагаатгах байх.

-Аан та тэгээд л энэ хорвоогоос үхлээс бусдыг тоож гуйхгүй гуйлгачин болсон юм уу?
-Тийм ээ. Хүний сэтгэлд эцэг уул нурдаггүй, эхийн сүү ээддэггүй юм билээ.  Би уул сүү хоёрын хүчинд хүн болсон юм шүү дээ.

-Таны  “Чамдаа би хайртай” шүлэгт:
Үнсэн таалж биеийн тань үнгэсэн эрийн өмнө
Үнэнээ алдаж явсныг минь мэддэг тусмаа чамдаа би бүр хайртай
гэсэн мөр байдаг. Үнэхээр сайхан ухааны охь шиг санагддаг?

-Орчлон бол тэр чинээгээрээ оноо мөртлөө, тэр чинээгээрээ алдаа юм шүү дээ. Их юмны дэргэд бага юм хүчгүй. Их хайрын дэргэд хайрын жижиг алдаа юу ч биш. Их байгаагаа авч үлдэж,багыгаа хаяж байж хүн төрөлхтөн оршдог юм шүү дээ. Тийм болохоор хайртай л юм бол уучилж амьдарна гэдгийг л  эрхэм болгодог. Энэ орчлонд сүүдэргүй чулуу гэж байхгүй.

-Уучлаарай, ингэхэд та хичнээн эмэгтэйд дурласан бэ. Нуухгүй хэлнэ гэдэгт итгэж байна?
-Дурлал бол хайр биш шүү дээ. Хайрын удиртгал. Миний дурлал уул хүндээ  хэр үнэтэй, хямд байсныг мэдэхгүй.  Залуу ахуйн минь сониуч нүдэнд өртсөн бүхэн минь зүүд болж дээ. Ухаарсан цагтаа дурласан хэрэгт дуудагдаж байгаагүй. Чиний энэ асуулт уншигчдад их сонин байх. Надад бол адайрын гижиг хөдөлгөсөн л асуулт байна. Надад тохиолдсон бүхний  зарим нэг нь надтай хамт үхэг л дээ.  Юу нь болохгүй гэж.

-Та  цоройндоо эвэрхийтэй болтлоо зодолдож үзсэн гэсэн?
-Энэ зүггүйтлийг өнөөдрийн Б.Лхагвасүрэн хариуцахгүй, миний зүггүй залуу нас хариуцах болно.

-Таны шүлгийн  түүвэр хятад хэл дээр хэвлэгдэж тэр их олон хүн амтай улсын оюуны цангааг тайлж байгаа. Монгол найрагчийн минь  бүтээл дэлхийд гайхагдана гэж бодохоор  сэтгэл өег байгаа шүү?
-Тийм ээ. Миний шүлгийн сонгомолыг хятад хэл дээр их гоё ном гаргасан. Сайхан санагдсан. Олон хятад хүн, хятад хэлтэн уншиж байгаа байх. Орчуулга сайн болсон тухай  манай монголын хятад судлаачид өндөр үнэлж байна лээ.  Үүнээс илүү баяр гэж юу байхав дээ.

-Та Монголын яруу найрагт гүтэг чимгийг оруулж ирсэн?
-Би монголын зохист аялгуунаас жаал зугаа юм “хумсалсан” гэж өөрийгөө боддог.

-Өдөр шөнө ээлжилдэг шиг монголын утга зохиол хэмээх их айл шинэ залуу уран бүтээлчдээр бүл нэмж байна.  Та монголын уран зохиолын ноён оргилын төлөөллийн хувьд тэдний шүлэг найргийг шүүмжилж, заримдаа урмын ташуур өгвөл өнөөгийн яруу найраг сэргэх байх?
-Би оргил нь биш бэл нь байж мэднэ. Монголын уран зохиолын залуу үеийг хайр судлал шүүмжлэлээр дутсан үе гэж боддог. Тэд нар маань өөр өөрийнхөөрөө өндийг. Хойч үеэ хүлээн зөвшөөрдөггүй уламжлалд би дургүй. Тийм болохоор би залуу үеийнхний тухай сайн муу аль ч үгийг дуугарахгүй яваа. Зориг дутсандаа биш л дээ. Зоргоороо өсөг дээ л гэж бодсон юм. Залуу насанд эрх чөлөө өгч бай. Ямар хэмжээтэй эрх чөлөөгөө эдлэхийн ухааныг бас өгч баймаар санагддаг юм.

-Аав тань танд нулимс ховортой явахыг захисан гэдэг. Харин та хүүхүүддээ юу гэж захидаг вэ?
-Хүн болоорой гэж их хэлдэг. Хүн болно гэдэг өндөр болж өсөх,амь зуух ухаантай байх, алба хэргэм, алдар хүндтэй болох энэ бүгдээс ангид юм шүү дээ. Хүн шиг хүн байх, болох гэдгийг цөөхөн хүн чаддаг юм шиг байгаа юм. Тийм болохоор л би хүн болоорой гэж их хэлдэг.

-Монголын үндэсний их баяр наадам хаяанд ирлээ. Ер нь бид хэрхэн наадах ёстой вэ. Энэ талаар…?
-Монгол наадам бол монгол цус “буцалдаг” өдөр. Зовлонгоо  бусдаар дуудуулж болдог ард түмэн жаргахаа хүнээр заалгахгүй байгаасай гэж боддог. Баярыг ийм байлгана, тийм байлгана гэсэн чалчаа мунхаг үгэнд дургүй би. Зарлиг тогтоолд дургүй би. Баяр бол хүний хувийн өмч. Сайхан баярлахаа иргэн хариуцаж, сайхан баярлуулахаа төр хариуцах ёстой. 

-Дэлхий дэлэгнэсэн зун цаг ирлээ.  Энэ зун ямар болох бол?
-Будагны өнгө гүйцэмгүй өнгөтэйгээр наран жаргаж, буудуулахгүйгээр бороо орж байгаад баярлаж,сайхан зун болно гэж бодож байна. Зуны шалтаг эхний сардаа монголчууд ярьдаг даа. Энэ жил одноос олон цэцэгтэй, ойрдоо болоогүй сайхан зун болоосой гэж горьдож байна. Зун зуны улирал ирэхэд би тэнэг сагуу болдог. Намар гуниглаж,өвөл хавар хоёрт бодолдоо тарчилдаг зантай хүн.

-Хүн хүнээ барьж идэх шахсан нийгэмд хөлөө олж амьдрахад хэцүү юм. Хэрхэн амьдрах вэ?
-Хүн хүнээ идэж байна гэвэл сонинуудад л сонирхолтой байх.  Хүн хүнийхээ сэтгэл зориг, урам хүсэл мөрөөлийг идэх л хамгийн аюултай. Хайр энэрэхгүй, хайрлах гурав дутахаар эд бүрэлддэггүй. Эв гэдэг чинь хайр юм шүү дээ. Хүн хүнээ хайрлахгүй болсон цагт эв үгүй болно. Эв худлаа байж болдоггүй. Олонхоор хүлээн зөвшөөрүүлсэн зорилго хүсэмжит төр хүлээцтэй ард түмэн эвийг бүрэлдүүлдэг. Эв гэдэг бол ухаан. Эвлэж бүрэлдсэн аливаа нэг цул нь  бэрхшээл, зовлон, үгүй дутуугийн өмнө хамгийн хүчтэй байдаг.  Би хүн төрөлхтөнийг орчлонгийн тогтолцоо шиг эвтэй байгаасай гэж боддог.

-Л.Хасар та хоёр зогсож, алхаж байгаа нь яг л “канондсон” юм шиг адилхан. Харин шүлэг нь өдөр шөнө шиг ялгаатай болохоор ааваасаа хуулчихаж гэж хардах хүн байх шиг?

-Хүү нь аавтайгаа адилхан байх чинь юу нь буруу юм бэ. Монголчуудын ярьдагаар Л.Хасар миний цээжний “гөлөг” шүү дээ. Шүлэг нь өөр байгаад нь  би баярладаг.

-Хүний амьдралын хамгийн том алдаа юу вэ?

-Хийхээсээ өмнө бус хийсэн хойноо ухаарах.

-Эцэст нь би танд баяртай гэж хэлэх сэтгэлийн их өртэй үлдлээ?
-Монголчууд тэмээний бурантайгийг чангааж, хамрыг нь сэтлэх жолоог нь чанга татаж, морины ам хагалахад дуртай улс биш.  Хөгшин ат шиг болсон намайг  олон асуултаар сөглөж, асуултынхаа ээдрээнд сөхрөөх  гэж чармайсан  адтай сурвалжлагч танд гялаалаа. Асуултанд тань зориулсан цагийг алдаа мадаггүй үнэн зөв, бичлэгээрээ нөхөж өгөөрэй. Ухаантай амьдраарай гэж чамаас хүсье.

Б.Анхцэцэг

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж