
С.Ганбаатар гишүүн хэлэхдээ, “Рио Тинто сүүлийн өдрүүдэд Монголын талаар сөрөг сурталчилгаа дайралт хийж, дэлхий нийтэд Монгол Улсыг муухай харагдуулах ажил хийж байна. Тэд анхны хөрөнгө оруулалтаа 24.4 тэрбум ам.доллар болгохоор улайрч, өрийн бичигт хүчээр гарын үсэг зуруулахаар тулгаж байна. Анхны хөрөнгө оруулалтыг Mонголын тал зөвшөөрснөөр 2031 оноос авч эхэлнэ гээд байгаа ногдол ашиг нь 2046 он хүртэл хойшилно. Анхны хөрөнгө оруулалтын гэрээнд заасан 5 тэрбум 124 сая ам.долларт ТЭЗҮ-ийн дүгнэлт цөм багтсан байдаг. Гэтэл Рио Тинто ийнхүү шахалт үзүүлж байгаа нь тэдний сурсан арга барил. Тэд уул уурхайн томоохон орд бүхий улс орныг залгихдаа Засгийн газрыг муухай харагдуулах, захиалгаар элдэв мэдээлэл тарааж, талцуулдагаараа алдартай. Засгийн газар Рио Тинтогийн шахалтыг зөвшөөрвөл бидний үр хүүхэд хойч үе бидэнд гомдоно. Тиймээс ирээдүйгээ өрөнд оруулахгүй гэж үзвэл Засгийн газар, монголын ард түмэн нэг талдаа зогсч, нэг санаатай болох ёстой. Засгийн газрыг ажлаа сайн хийж чадахгүй байгаа талаар яригдаж байна, Рио Тинто-гийн ятгалга, хатгаасанд битгий автаарай. Бид нэг талдаа зогсч байж улс эх орныхоо сайн сайхны төлөө, ирээдүйнхээ төлөө зөв сонголт хийх ёстой” гэлээ.
Монголын талд маш хохиролтой, ирээдүйд асар ноцтой, Монголын ард түмний нуруун дээр асар хүнд өрийн дарамт болох зээлийг Рио Тинто улайран шахаж байна. Бид ийм шаардлагагүй өрийн дарамтанд орохгүй. Бид гадны нөлөөлөлд оруулах энэхүү турхиралтанд эв нэгдэлтэй байж, бие биенээ хүндэтгэн зөв шийдвэр гаргах ёстой юм. Монголын Засгийн газар Монголын ирээдүйн төлөө асуудлыг зөвөөр тавьсныг миний бие дэмжиж байгаа бөгөөд шударга улстөрийг, улс төрчдийг дэмжиж ажиллахыг иргэддээ уриалж байгаагаа дуулгасан.