Оюутны байрыг ашиглалтад оруулахыг шаардав

Хуучирсан мэдээ: 2013.08.15-нд нийтлэгдсэн

Оюутны байрыг ашиглалтад оруулахыг шаардав

Оюутны Б хотхон буюу Арслантай гүүрний дэргэд баригдаж буй оюутны байрыг есдүгээр сарын 1-ний өдөр гэхэд ашиглалтад оруулахыг  УИХ-ын гишүүн А.Телехан, Ц.Даваасүрэн нар шаардлаа. А.Телейхан, Ц.Даваасүрэн гишүүн нь “1000 оюутны байр”-ыг санаачлагчдын төлөөлөл юм. Энэхүү мянган оюутны байр нь давхар бүртээ долоо өрөөтэй. Өрөө бүр нь дотроо хоёр тасалгаатай учир давхартаа 14 өрөө бүхий юм. Нэг өрөөнд том жижгийнх хэмжээнээс хамаараад хоёроос дөрвөн оюутан суух боломжтой байхаар төлөвлөсөн байна.

Эдгээр хоёр өрөө нь дундаа нэг 00, душ болон гал тогоотой байх юм. Хэрвээ Багануур дүүрэгт оюутны хотхоныг цогцоор шийдвэрлэх юм бол 1000 оюутны байрыг нийтийн байр хэлбэрээр ашиглаж, худалдаж болохоор тусгасан байна. Гэвч мянган оюутны байр гурван жилийн хугацаа өнгөрсөн ч ашиглалтад ордоггүй.    

Улаанбаатар хотод өглөө босоод ирэхэд нэг барилга нэмэгдчихсэн байдаг гэвэл арай хэтрүүлсэн болох биз. Хувийн компаниуд барилгыг ямар хурдан хугацаанд ашиглалтад оруулж болохыг бидэнд харуулсаар буй. Гэвч төрийн хөрөнгөөр баригдаж буй 1000 орчим оюутан залуусын оюутны дотуур байрны асуудлыг шийдвэрлэх чухалд тооцогдох энэхүү барилга өдийг хүртэл баригдсаар, үүрэг даалгавар авсаар, зарим нь нэг сайд, дарга нарын чихнээс “хонх уясаар” байх бас л ашиглалтад ордоггүй. Үүнийг гүйцэтгэгч компаниуд төрийн санхүүжилт хугацаандаа орохгүй байгаагаас үүдээд удааширч байна гэж УИХ-ын гишүүдэд тайлбарлаж байна. Учир нь 2010 онд 4,5 тэрбум төгрөгөөр барих тендерт ялсан “Хан хөхий”, “Хөвсгөл геологи” ХХК-ууд 1000 оютны байрыг барих явцдаа зайлшгүй шаардлагаар барилгын зураг төсөлд өөрчлөлт оруулсан гэнэ. Энэхүү зураг төслөөр 1000 мянган оюутны байр барихад дахин нэг тэрбум төгрөг шаардлагатай болжээ. Үүнийг нь УИХ 2013 оны улсын төсөвт суулгаж өгсөн ч компаниуд мөнгөө БШУЯ болон Сангийн яамнаас авч чадаагүйн улмаас барилга ийнхүү удааширсан гэж тайлбарлаж байна. 

1000 оюутны дотуур байрны ажлын явцтай УИХ-ын гишүүн А.Телейхан, Ц.Даваасүрэн нар зөвхөн танилцаж, хурдан ашиглалтад оруулахыг шаардаад байгаа юм биш. Өмнө нь оюутны дотуур байрыг хурдан ашиглалтад оруул, наад барилга чинь баригдсанаар монголын ирээдүй гэгдээд буй оюутан залуусын оюуны боловсролд хөрөнгө оруулалт болох юм гэдгийг анхааруулж иржээ. Тухайлбал, хамгийн сүүлд 2013 оны зургаадугаар сарын 21-нд Шинжлэх ухааны дэд сайд Б.Ургамалцэцэг 1000 оюутны байрны ажилтай танилцаад “Барилга гүйцэтгэгч компаниудад барилгын ажлыг 2013 оны долдугаар сарын 20 -ны дотор дуусгаж, Улсын комисст хүлээлгэн өгөх үүрэг өгсөн. Мөн түүнчлэн байр ашиглалтад орсоны дараа аль сургуулиас хэдэн оюутан оруулах болон бусад менежментийн ажлыг Монголын оюутны холбоонд хариуцуулна” гэж ярьж байсан. Гэсэн ч компаниудад өгсөн үүрэг даалгаврын хугацаа бараг хоёр сараар хоцорч байна. Өнөөдөр /2013 оны наймдугаар сарын 15/ л гэхэд барилга ашиглалтад орох болоогүй байгаа нь харагдаж байлаа.

Харин “Хөвсгөл геологи” ХХК хариуцан барьж буй байраа есдүгээр сарын 1-нд ашиглалтад оруулна гэж байна. “Хан хөхий” ХХК-ийн захирал Г.Дагвасүрэн “Зүтгэж байгаад есдүгээр сарын 20-ний орчим барилгаа дуусгах болно” гэж ярилаа. Харин “Шинээр зураг төсөлд тусгаж, нэмэгдэх шаардлагатай нэг тэрбум төгрөг нэгэнтээ улсын төсөвт суусан учир танай компаниуд ажлаа яаралтай гүйцэтгэж дуусгах ёстой. Санхүүжилтийг олгоход бидний зүгээс хийж чадах бүхнээ хийх болно” гэдгийг мянган оюутны байрны ажлын явцтай танилцсан гишүүд хэлсэн. 

Б.ОЙНБИЛЭГ










NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж