Ээлжит уулзалтын эргэн тойронд

Хуучирсан мэдээ: 2010.06.10-нд нийтлэгдсэн

Ээлжит уулзалтын эргэн тойронд

Өнөөдөр Узбекистан улсын нийслэл Ташкент хотноо өнөө цаг үед тив дамнасан томоохон олон улсын эвслийн нэгэн болох Шанхайн  хамтын ажиллагааны байгууллагын ээлжит Чуулган болж байгаа юм. Энэ байгууллагын ажиглагч орны тэргүүний хувьд Монгол улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж тус Чуулга уулзалтад оролцож байгаа билээ. Евразийн хэмжээнд газар нутаг болоод хүн амын хэмжээгээр хамгийн томоохон орнуудыг багтаасан энэ байгууллагын Чуулга уулзалт дэлхий нийтийн анхаарлыг эрхгүй татаж байгаа нь тодорхой. ШХАБ –ын энэ удаагийн уулзалтын гол сэдэв юу байж болох вэ.

Зарим орны тэргүүн нарын Чуулга уулзалтын өмнөхөн хэлж байгаа үг болон мэдэгдлийг  шинжвэл бүс нутгийн улстөрийн тогтворгүй, хурцадмал болж байгаа нөхцөл байдлын тухай асуудал нэлээд чухал байр суурь эзлэх болоод байна. Энэ оны эхнээс тус байгууллагын гишүүн орон Киргизэд улс төрийн тогтворгүй байдал үүссэнээс үүдсэн хямралын “резонанс” болон гишүүн орнуудтай хил залгаа Афганистаны нөхцөл байдал улам хурцдаж байгаа, мөн Сололнгосын хойгт үүссэн сөргөлдөөн зэрэг нь оролцогч орнуудын харилцан яриа, ойлголцлын гол сэдвийн нэг байх нь дамжиггүй.

Тэр дундаа ШХАБ-ын энэ удаагийн Чуулганы үеэр оролцогч орнуудын тэргүүн нар Киргизийн улстөрийн өнөөгийн нөхцөл байдлыг нэлээд нухацтай бас ажил хэрэгчээр авч хэлэлцэхээр бэлтгэж байгаа гэсэн ажиглагчдийн мэдээлэл гарч байна. Ер нь л энэ удаагийн уулзалт ололн улсын байдал, бүс нутгийн бодит нөхцөлөөс учирч болох аюулгүй байдлын бэрхшээл зэрэгт багагүй цаг зарцуулах нь бололтой. Тийм ч учраас энэ удаагийн Чуулга уулзалт болж байгаа Ташкент хотод өөрийн хийж байгаа үйлдэл болон мэдэгдлээрээ өнөөгийн дэлхий нийтийн аюулгүй байдлын асуудалтай шууд холбогдож байдаг олны анхаарал татсан зочид очиж байгаа тухай мэдээллийн эх сурвалжууд онцолж байна. Тухайлбал Ираны Ерөнхийлөгч Ахмадинежад өчигдөр ШХАБ-ын гишүүн орон болох Тажикстанд очин Ерөнхийлөгч Эмомали Рахмантай уулзсан бөгөөд ШХАБ-ын Чуулганы үеэр Узбекистаны нийслэлд ирсэн байхаар аялалаа төлөвлөсөн байгаа аж.

Улстөр, аюулгүй байдлын асуудлаас гадна тус байгууллагын гишүүн орнуудын олон талт хамтын ажиллагаа, тэр дундаа эдийн засгийн хамтын ажиллагааны асуудал ч мөн зонхилох сэдэв болох нь ойлгомжтой байна. Ялангуяа гишүүн орнуудын хил орчмын худалдаа болон түүний зохицуулалттай холбоотой яриа хэлэлцээрүүд, эрчим хүчний хамтын систем байгуулах болон энэ салбарын нөөц бололцоог хамтран ашиглах асуудлууд ШХАБ-ын гишүүн орнуудын тэргүүн нарын хөндөж ярих сэдэв, санаа сэдэл гаргах асуудал болох нь харагдаж байна. Энэ нь ажиглагчаар оролцож байгаа Монгол улсын хувьд  ч чухал байх болов уу.
Энэ асуудлаар ОХУ-ын Засгийн газрын тэргүүн В.Путин хэлэхдээ,” Бидний хувьд ул суурьтайгаар яаралтай хийх ёстой хэд хэдэн эдийн засгийн бүтцүүд байна. Үүнд эдийн засгийн нэгдсэн орон зайг үүсгэх, эдийн засгийг шинэчлэх, үйлдвэрлэлийн болон хил орчмын хамтын ажиллагааг сэргээх,  тээврийн шинэ маршрутыг бий болгох, өндөр технологийн бүтцүүд болон эрчим хүчний зангилаануудыг байгуулах ажлууд орж байна” гэсэн байна. Мөн ШХАБ-ын гишүүн орнуудын бусад хамтын ажиллагааны салбар уулзалтууд тухайлбал гадаад хэргийн сайд нарын уулзалт, банк санхүүгийн байгууллагуудын салбар уулзалтууд өмнөх саруудад болсон юм.

Шанхайн хамтын ажиллагааны байгууллага – ШХАБ
Анх 1996 оноос БНХАУ, ОХУ, Тажикстан, Киргизстан, Казахстан гэсэн 5 улсыг нэгтгэсэн Шанхайн 5 нэртэй байгууллага байж байгаад 2001 онд Узбекистан улсыг нэгтгэснээр Шанхайн хамтын ажиллагааны байгууллага нэртэй болж өөрчлөгдсөн.
Шанхай хотноо үндэслэгдсэн гэж тооцогддог энэ байгууллага нь гишүүн орнуудын харилцан аюулгүй байдлаа хангах зорилготой хэмээн албан ёсоор тодорхойлогдсон байдаг.
Евразийн нийт 3020 орчим км. ам.дөрвөлжин газар нутгийг хамарсан энэ байгууллагын гишүүн орнуудад хоёр тивийн хүн амын тавны гурав нь буюу нэг тэрбум 600 гаруй сая хүн амьдарч байна.
Монгол улс тус байгууллагын анхны ажиглагч орноор 2004 оны Ташкентад болсон Чуулга уулзалтын үеэр бүртгэгдлсэн байна.
Мөн ажиглагч орноор 2005 оноос Пакистан, Энэтхэг, Иран улсууд бүртгэгдэн уулжит Чуулга уулзалтуудад оролцох болжээ.
Яриа хэлэлцээрийн хамтын ажиллагаанд оролцох эрхийг Шри Ланка болон Белорус улсууд эдэлдэг.

2005 онд АНУ Шанхайн хамтын ажиллагааны байгуулагын ажиглагч орноор бүтгүүлэхээр санал тавьсан ч хүлээж аваагүй байна.
Мөн энэ онд тус байгууллагаас өөрийн гишүүн орнуудын нутаг дэвсгэрт байрлаж байгаа цэргийн баазуудаа грагахыг АНУ-аас шаардсан байна.

2005 оны 7-р сард Казахстаны Астана хотод болсон Чуулга уулзалтын дараахан Узбек улс өөрийн нутагт байрлах АНУ-ын  К-2 цэргийн баазыг гаргахыг шаардсан байна.

2007 оны 10-р сард Шанхайн хамтын ажиллагааны байгууллагын гишүүн орнууд  Хамтарсан аюулгүй байдлын гэрээнд нэгдэх бичигт гарын үсэг зурцгаасан бөгөөд энэ Гэрээний дагуу аюулгүй байдлыг хангах, гэмт хэрэгтэй тэмцэх, хар тамхи, мансууруулах бодисын тээвэрлэх замыг хянах зэрэг чиглэлээр хамтран ажиллах бүтэц бий болгосон байна.

М.Наст

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж