Г.Мөнхцэцэг найрагчийн нэрэмжит наадам болно

Хуучирсан мэдээ: 2013.08.15-нд нийтлэгдсэн

Г.Мөнхцэцэг найрагчийн нэрэмжит наадам болно

Дорноговь аймгийн Хатанбулаг сум жил бүрийн намраар найрагчдыг урьж найргийн хур буулгадаг уламжлалтай. Энэ жилийн намар унаган нутгийн охин МЗЭ-ийн шагналт, Болор цомын эзэн яруу найрагч Гомпилдоогийн Мөнхцэцэг найрагчийг урьж Г.Мөнхцэцэгийн нэрэмжит найраг эгшгийн наадмаа энэ сарын 22, 23-ны өдрүүдэд тэмдэглэн өнгөрүүлэхээр болжээ. Найрагчийн төрж, өссөн Хатанбулаг сум нь Монголд төдийгүй дэлхийд гайхагдсан байгалийн зүй тогтоц бүхий Эргэлийн зоо, дэлхийд гуравхан газарт ургадаг Цагаан зандан ургамлын өлгий нутаг юм. Бороо хур элбэгтэй, эл сайхан нутаг найрагчдыг тосон угтахдаа ч, үдэн мордуулахдаа ч уярч мэлмэрч байдаг торго нэвт дурдан цэнхэр тэнгэртэй билээ. Тэр ч утгаараа нутгийн ЗДТГ-аас санаачлан тус наадмыг зохиохоор болж, наадамд Ардын уран зохиолч Тангадын Галсан, “Болор цом”-ын эзэн Дамдинсүрэнгийн Урианхай, Цоодолын Хулан, Баярхүүгийн Ичинхорлоо, Жамсрангийн Баяржаргал, Норовын Гантулга болон Соёлын гавьяат зүтгэлтэн  дууны шүлгийн нэрт мастер Үржингийн Хүрэлбаатар, МЗЭ-ийн шагналт Намбарын Пүрэв, Д.Нацагдоржийн нэрэмжит шагналт Хайдавын Чилаажав, БНСУ-ын нэрт зохиолч Ким Ён Су зэрэг бичгийн их мэргэд оролцохоор болжээ. Г.Мөнхцэцэг найрагчийн нэрэмжит эл наадамд дуу хуураа өргөхөөр МУГЖ Г.Ариунбаатар, СТА Г.Эрдэнэтунгалаг нар хүрэлцэн ирэх аж. Энэхүү наадмыг “Үлэмж эгшиглэн сан” зохион байгуулж, наадмын өдрүүд домогт Сулинхээрийн тал дахь хилийн застав дээр өндөр үүдээ өргөхөөр товлогдсон байна.

Т.ДАРХАН
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж