Сур хөгжөөн дэмжигчдийг шүүмжилжээ

Хуучирсан мэдээ: 2013.08.15-нд нийтлэгдсэн

Сур хөгжөөн дэмжигчдийг шүүмжилжээ

ОХУ-ын Москва хотноо болж буй хөнгөн атлетикийн дэлхийн аварга шалгаруулах тэмцээний тулгууртай харайлтын төрөлд Елена Исинбаева 4.89 метрийн дээгүүр харайж, аварга болсон билээ. Энэхүү дэлхийн аваргын дараагаар их спортоо орхихоор зарлаад байсан алдарт тамирчнаа оросууд ихэд дэмжиж, харин түүний өрсөлдөгчдийг алдахад нь баярлан хашгиралдаж байсан талаар олимпийн аварга Женнифер Сур ярьсан байна.

"Намайг захиалсан өндрөө авч чадалгүй алдахад урьд нь хэзээ ч хөгжөөн дэмжигчид ингэтлээ баярлан, хашгиралдаж байсныг би үзээгүй. Гэхдээ би энэ ирэхдээ л намайг хүмүүс дэмжихгүй гэдгийг мэдэж байсан л даа" гэж Женнифер Сур өгүүлсэн байна.

АНУ-ын тамирчин Женнифер Сур 4.82 метр дээгүүр харайгаад дараа нь 4.89-ийг захиалсан ч давж чадаагүй тул мөнгөн медаль хүртсэн. Тэрбээр Лондоны олимпод 4.80 метрийн амжилтаар аварга болсон юм.

"Би Москвад ирэхээсээ өмнө л сандраад байсан. Хүмүүс намайг хэрхэн хүлээж авах бол гэж. Гэвч мөнгөн медаль хүртэх болзол хангаад цэнгэлдэхийг тойроход хүмүүс намайг алга ташин хүлээж авахад таатай санагдсан. Би Исинбаевагийн өмнөөс баяртай байна. Тэр гайхалтай сайхан хөгжөөн дэмжлэг дор аварга боллоо. Би түүний тухай их зүйл ярихгүй ээ. Цэнгэлдэхийн шуугиж, баяр хүргэж буйг сонсоход л тэр юунд хүрсэн, юу хийсэн хүн болох нь илт байна" гэж Женнифер Сур ярьжээ.

Харин хүрэл медаль хүртсэн Кубын тулгууртай харайгч Ярислей Сильва
"Исинбаева бол гайхалтай тамирчин. Их спортоо түүн шиг, ийм их дэмжлэг
дор орхихсон гэж эрхгүй бодогдож байна. Өнөөдөр би маш их баярлаж байна.
Учир нь энэ хүрэл медаль бол миний хувьд алтан медальтай адил" гэж
хэлжээ.

Бүх Оросын хөнгөн атлетикийн холбоо Елена Исинбаевагийн
амжилтыг дүгнээд түүнийг Рио-де-Жанейрогийн олимп гэхэд их спортдоо
эргэн ирэхийг ятгана гэдгээ мэдэгдээд байна.

Женнифер Сур

Р.ГЭГЭЭ 

Эх сурвалж: www.new.mn
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж