Т.Очирхүү: Нэг агентлаг татан буулгахад 400-600 сая төгрөг л гарна

Хуучирсан мэдээ: 2010.06.10-нд нийтлэгдсэн

Т.Очирхүү: Нэг агентлаг татан буулгахад 400-600 сая төгрөг л гарна

УИХ-аар Монгол Улсын 2010 оны төсвийн тодотголыг ид хэлэлцэж буй. Энэ үед Сангийн дэд сайд Т.Очирхүүгээс зарим зүйлийг тодрууллаа.

-Олон улсын валютын сан /ОУВС/ төсвийн алдагдлыг ДНБ-ийн та­ван хувиас хэтрүүлэхгүй байхыг анхаа­руулсаар байгаа. Ингэж чадах уу?

-Бид төсвөө тооцож байна. ОУВС-гийн өгсөн зөвлөмжийг хэрэгжүүлэхээс өөр ямар ч арга байхгүй. Яагаад гэвэл төсвийн зээлийг бид ОУВС-гаас авна. Тэр зээлийг авахгүй бол төсвийн эх үүсвэргүй болно шүү дээ.

 -Энэ оны төсвийн тодотголд зардлыг 150 тэрбум төгрөгт багтаахыг ОУВС-гаас санал болгосон гэсэн. Тэгэхээр төсвийг хэдий хэмжээгээр танах шаардлагатай болж байгаа вэ?

-ОУВС 2010 оны төсвийн зардал 150 тэрбумаар л өсөх боломжтой гэсэн. Гэтэл бидний хэрэгцээ 600 тэрбум төгрөг байгаа. Тэгэхээр 500 орчим тэрбумаа хасах ёстой болж байгаа юм. Хөрөнгө оруулалт, урсгал зардал ч хасагдана гэсэн үг л дээ. Орон тоо, бүтцийн асуудал ч яригдаж л таарах байх. Асуудалд иж бүрэн хандана. Одоо хоёр намын бүлэг энэ талаар ярьж байгаа. Төсвийн байнгын хороон дээр ч ярина. Тодорхой хэлэхэд эрт байна. Гэхдээ ОУВС-ийн зөвлөмжийг  биелүүлье гэдэг зарчмыг хоёр бүлэг дээр шийдсэн байна билээ.

-Тэгвэл төрийн албаныхныг цомхот­гох ажил эрчимтэй хийгдэх нь дээ?

-Засгийн газар дээр бүтцийн өөрчлөл­тийн асуудал ярих байх. Гэхдээ тэндээс их мөнгө гардаггүй. Жишээ нь нэг агентлаг татан буулгалаа гэхэд 400-600 орчим сая төгрөг л гарч ирнэ. Тэгэхээр 10 агентлаг татан буулгалаа гэхэд дөрвөн тэрбум л гэсэн үг. Гэтэл яг хэрэгцээтэй нь дөрвөн тэрбум төгрөг биш, 600 тэрбум. Цалин хөлс, тэтгэвэр тэтгэмжид гэхэд л 80 тэрбум төгрөг хэрэгтэй. Гадаад орнууд хямралын үед гол төлөв иргэнээ ажилгүй болгохгүй гэж бага цалингаар олон орон тоо авч үлддэг. Уг нь тэр тактикийг барьж байсан юм. УИХ л эцэслэн шийднэ дээ.

-Уул уурхайгаас орох орлогыг хэт өндөр тооцсон байна гэж үзсэн гэсэн?

-ОУВС хоёр зүйл хэлж байгаагийн нэг нь орлого хэтэрхий өндөр байна гэсэн. Энэ бол эрсдэлд орох магадлалтай. Тийм учраас орлогын эх үүсвэр бий болбол эрсдэлийн сандаа авахыг зөвлөж байгаа. Тэгэхгүй бол байдал хүндэрнэ гэсэн.  Европыг жишээ болгоод байгаа. Грек, Испани, Португаль, хэдхэн хоногийн өмнө Унгар хямарч, еврогийн ханш асар их унаж байна. Тиймээс танайд маш их хүндрэлтэй нөхцөл үүсч болзошгүй гэж анхааруулсан.
Нөгөө талаас орлогыг хэт өндөр тооцсон нь үнэн. ОУВС-гийнхан “Төсөвт зэсийн үнийг нэг тонныг нь 7500 ам.доллараар авсан. Гэтэл төсөв хэлэлцэх явцад 7000 ам.доллар болж буурсан. Та нар 5800-6000 байна гэсэн чинь 2008 оны дунд үе шиг 3000 ам.доллар руу буувал яах вэ? Зэсийн үнийг бодитой тооцооч. Тэгэхгүй бол эдийн засаг сүйрнэ шүү гэж анхааруулж байгаа. Маш хүндрэлтэй байна шүү гэдгийг хаана хаанаа ойлгуулах хэрэгтэй байгаа л даа.

-Хүүхдийн мөнгийг ирэх сарын 1-нээс өгч чадах уу. Санхүүгийн бо­ломж нь байгаа юу?

-Хүүхдийн мөнгийг олгох эсэх асуудал дээр УИХ шийдвэрээ гаргана. Төсөв дээр маш том өөрчлөлт хийж байж л боломж гарна даа.
 
Г.Нэргүй

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж