Нил мөрний салхи өөр тийшээ эргэлээ

Хуучирсан мэдээ: 2013.08.15-нд нийтлэгдсэн

Нил мөрний салхи өөр тийшээ эргэлээ

Анх Морсиг түлхэн унагааж засаглалыг өөр хүнд атгуулахыг хүссэн эсэргүүцлийн салхи өөр тийшээ эргэлээ. Жагсагчдын ихэнх нь Морсиг хууль ёсны удирдагч хэмээн хүлээн зөвшөөрч байна. Энэ бол мөхөс миний хэлсэн үг биш. Тэмцлийн гал дээр байгаа Египет сурвалжлагчийн хэлсэн үг юм шүү. Сүүлийн долоо хоногийн турш Египет улс цусаар уйлсан гэхэд болно. Албан бус тоогоор 100 гаруй амь насаа алдаж, 500 гаруй хүн гэмтэж бэртээд байна. Цаанаа хэдэн хүн тэнгэрт одож, хэдэн хүн тахир дутуу болсоныг хэн ч мэдэх аргагүй. Энэ жагсаал Морсигоос болж эхэлсэн одоо түүнээс шалтгаалан дуусах болчихоод байна. Нэг ёсондоо түлхүүр түүний гарт бий.

Яагаад Морсиг дэмжиж байгаа гэж

Эхлээд ажиглагчдын дүгнэлтийг харцгаая. Энэ жагсаалыг Муслимын ахан дүүс бүлэглэлээс эхлүүлсэн. Ерөнхий чиг шугам нь Хосни Мубаракын баримтлал. Гэхдээ 2011 онд болсон Арабын хаврын дараа Мубаракыг түлхэн унагагчдын гол дүрд тэд тоглосон. Одоо эхлээд байгаа энэ эмх замбараагүй байдлыг ч мөн тэд эхлүүлсэн. Гэхдээ тэдний ард өөр том тоглогчид бий. Тиймгүй бол зэвсэглэл ийм ихээр тараагдаж, мөн төдий тооны хүн амиа алдахгүй байсан. Гиза, Кайро, Суэц, Асют, Мансура зэрэг хотуудад хүчирхийлэлийн хэмжээ гаарсан. Тийм ч учраас анхнаасаа засаглалыг хэн нэгнээр сольж, өөр хүний гарт атгуулан улсаа хөгжүүлэх зорилгогүй байсан нь дэлхий нийтэд ил болоод эхэллээ. Египетийн цагдаагийн газрын 20 гаруй ажилтан амиа алдсан тухай яг одоо Египет даяар цуурайтаж байна. Ерөнхийлөгчийн албыг түр орлож байгаа Адли Мансурын эрх хэмжээ ч нэгэнт хүрэхээ байсан. Энэ нөхцөлд жагсагчид дахиад нэг зүйлийг бодож эхэлнэ. Хууль ёсны ерөнхийлөгч байвал энэ байдлыг хурдан эцэслэж болохгүй гэж үү? Тийм ч учраас зарим хотуудад эсэргүүцлийн жагсаалын сүр хүч бага зэрэг саараад байгаа. Ерөнхий хүч нь татраагүй ч жагсагчдын итгэл өөр тийшээ чиглэж эхэлсэн. Египетийн энэ жагсаал цуглаан одоо зөвхөн эсэргүүцлийн хөдөлгөөний савнаас хальж, улстөрийн томоохон хямрал болж хувираад байгаа. Түүнийг дарахын тулд түр орлосон ерөнхийлөгч бус жинхэнэ ерөнхийлөгч хэрэгтэй. Яг одоогийн энэ улангассан нөхцөлд сонгууль явуулах нь бэрх, дээрээс хөрөнгө мөнгө, цаг хугацаа шаардана. Тиймээс Морсид дахин итгэх нь хялбар сонголтын нэг байж болох. CNN агентлагын мэдээлж буйгаас харвал Рамадан сарын үеэр Кайро хотод олон тооны жагсагчид Морсигийн зургийг барин жагсацгаасан аж. Харин тэдэн рүү Египетийн цагдаагийн албаныхан очиж, хүч хэрэглэсэн тухай яриа хөөрөө дэлхий даяар цацагдаж байна.

Дахиад л Осама…

АНУ-чууд дарчихсан биш бил үү? Гэхдээ хоёр өндрийг нурааж, Обамагаас үхлийн пайз хүртсэн Осама биш. Мохаммед Морсигийн хүү Осама Морси хямралын салхийг эргүүлэхээр тэмцэж байна. Тэрээр тэмцэгчдийн голд орж, хямрал өрнөж байгаа гол, гол хотуудад ухуулга хийж байгаа. “Аав. Миний аав Египет улсын хууль ёсны ерөнхийлөгч. Тэр энэ улс орны төлөө, ард түмнийхээ төлөө тэмцэж байсан. Гэтэл гадны явуулга, тэрс үзэлтнүүдийн хорлолд өртөн энэ тэмцлээ үзүүлж чадахгүйд хүрээд байна. Яг л таа нартай адил. Муслимын ахан дүүс бол нэр нь сайхан ч цаанаа асар их булхиатай газар” гэж Осама Морси ярьжээ. Одоо түр орлож байгаа засгийн газраас түүнийг хараандаа онилж, баривчлах арга замыг сүвэгчилж байгаа. Гэхдээ жагсагчдын дийлэнхийх нь санаа бодол эргэж эхэлсэн учраас баривчлах нь амаргүй даваа. Бид нэг зүйлийг санах хэрэгтэй. Морси бол Муслимын ахан дүүсийн гишүүн. Түүнийг түлхэн унагах ажлыг ч тэд хийсэн. Харин түүний хүүгийн яриад байгаа зүйл бол жинхэнэ ахан дүүсийг харах. Одоогоор янз бүрийн шахалт хавчлаганд өртсөн энэ байгууллага хаашаа ч эргэх боломжгүй болчихоод байгааг Осама Морси сануулаад буй.

Эгзэгтэй байдлууд…

Морси албан ёсоор үүрэгт ажлаа өгөөгүй байгаа. Нэг ёсондоо шахалтаар суудлаа өгсөн. Мөнхүү Муслимын ахан дүүсийн дундаас ерөнхийлөгч болсон. Гэхдээ түүнийг албан ёсны ерөнхийлөгч гэдгийг нотлох хэд, хэдэн хөдөлгөөн хүчээ аваад байгаа. Адли Мансурын эрх мэдэл жагсаалыг бүрэн дарахад хүрэхгүй нь нэгэнт тодорхой болсон. Харин одоо Египетийг хэн удирдаж байгаа вэ? Үүнийг жагсагчид ч, дэлхий нийт ч, Египет ч мэдэхгүй. Хамгийн гол нь одоо дэлхийн томоохон гүрнүүд НАТО-г энэ ажилд оролцуулах эсэх талаар ярилцаж байна. Хамгийн түрүүнд энэ санал санаачилгыг АНУ-ын төрийн нарийн бичгийн дарга  Жон Керри гаргасан. НҮБ-ын ерөнхий нарийн бичгийн дарга Бан Ки Мүн ч цэнхэр дуулгатнуудыг оруулах талаар ярьж эхэлсэн. Холбоотны арми болоод европийн холбооны зарим улсын сайд нар ч Египетийн асуудлыг хөндөн ярих болсон. Энэ цаг үед байдал хаашаа эргэж байгааг та таах гээд оролд. Жагсагчдын санаа бодлыг Морсигийн талд эргүүлэх ажил өрнөж байгаа. Бас нэгэн зүйл байгаа нь Муслимын ахан дүүсчүүд түүнийг албан ёсоор халаагаа өгч, энхтайван байдлыг өөрөө зарлах сонголт бий. Аль нь ч байсан Морсид түлхүүр нь бий.

Баримт:
АНУ-ын тагнуулын төв газрын судалгаагаар Египет улсад 235 жирийн иргэн, 43 цагдаагийн офицер амь насаа алдсан гэсэн тооцоолол гарчээ.

Б.СҮХ





NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж