Америк найтаахад Ази ханиад хүрдэг

Хуучирсан мэдээ: 2010.06.10-нд нийтлэгдсэн

Америк найтаахад Ази ханиад хүрдэг

Токио, Өмнөд Солонгос, Хонгконг, Хятад, Сингапурын хөрөнгийн биржүүд дуу дуугаа авалцан савлаж гол индексүүд нь унаж байна. АНУ-ын моргейжийн зах зээлд төдий л дотно уяагдаагүй Азийн зах зээлийг 2008 оны АНУ-ын зээлийн зах зээлийн хямрал төдий л нөлөөлөөгүй. Гэсэн хэдий ч АНУ-ын эдийн засаг хөрөлтийн байдалд орсон нь АНУ-ын экспортогч Азийн компаниудын орлого, ашигт шууд нөлөө үзүүлж байна.

Германы Засгийн газар дөрөвдүгээр сард аж үйлдвэрийн захиалга 2.8 хувиар өссөн гэж мэдэгсэн. Энэ нь эдийн засагчдын таамаглаж байснаас илүү өндөр үзүүлэлт юм. Германы аж үйлдвэрийн захиалга өмнө нь гуравдугаар сард 5.1 хувь өссөн бөгөөд үүнээс үзэхэд Европын хамгийн том эдийн засаг еврогийн ханш суларч байгаагаас ашиг олж байгаа бололтой. 2008 онд Германы аж үйлдвэрийн бүтээмж 38 хувь унасан бөгөөд энэ оны дөрөвдүгээр сарын өсөлтийг оруулж тооцсон ч одоогийн байдлаар Германы эдийн засаг хямралын өмнөх төвшнөөс 17 хувь доогуур байна.

“Ганц өдрийн дотор Азийн хөрөнгийн биржүүд ингэж огцом унасан нь эдийн засгийн хямрал гүйцэд арилаагүй гэсэн айдас хөрөнгө оруулагчдын дунд байгааг харуулж байна. Ер нь АНУ-ын хэрэглээний индекс сүүлийн хэдэн арван жилийн туршид дэлхийн аж үйлдвэрийн салбарын өсөлт, бууралтыг тодорхойлдог гол хүчин зүйл хэвээр байсаар байгаа. Тиймээс хэрвээ АНУ-д ажилгүйдэл их байвал хөрөнгийн зах зээлүүд маш эмзэг, савалгаа ихтэй байсаар байх болно” гэж Их Британийн “Standard Life” хөрөнгө оруулалтын компанийн захирал Еуан Стрилинг “BBC” радиогоор ярьсан байна. Дэлхийн эрчим хүчний хэрэглээний өсөлт удааширч магадгүй гэсэн айдастай холбоотойгоор газрын тос, байгалийн хийн компаниудын хувьцааны ханш хамгийн их унасан байна. Японы газрын тосны боловсруулагч “JX Holdings” компанийн хувьцаа Токиогийн хөрөнгийн бирж дээр өчигдөр 8.3 хувь унасан байна.

Унгар улс Грекийнх шиг хямралд орж болзошгүй байна гэж Унгарын шинэ ерөнхий сайдын хэвлэлийн төлөөлөгч өнгөрсөн долоо хоногт мэдэгдсэн. Энэ мэдэгдэлд Грекийн Засгийн газар хэтрүүлсэн зүйрлэл, буруу нэр томъёо хэрэглэсэндээ хүлцэл өчиж байна гэж залруулаад байгаа. Гэсэн ч ийнхүү алдаатай мэдэгдэл хийснээс нь болоод Унгарын форинтын ам.доллартай харьцах ханш зургаан хувиар унаж Унгарын Засгийн газарт бас нэг шүдний өвчин нэмлээ. АНУ-д дөрөвдүгээр сард ажилгүйдэл 9.9 хувь байсан бол тавдугаар сард 9.7 хувь болж буурсан. АНУ-ын Мичиган мужид ажилгүйдэл 14 хувь байгаа бол эдийн засгийн хувьд хамгийн том муж Калифорнид ажилгүйдэл 12.6 хувьтай байна. “Эль Сентро” зэрэг зарим хотод ажилгүйдэл 27 хувьтай байна. 2000 онд АНУ-д ажилгүйдэл дөрвөн хувьтай байсан юм. 2001 оноос АНУ-ын ажилгүйдэл өсч, 2003 онд зургаан хувь хүрсэн. Түүнээс хойш 2007 оны хоёрдугаар улирал хүртэл буурч таван хувь болж байгаад 2008 оноос огцом өссөөр 2009 оны арванхоёрдугаар сард дээд хэмжээ буюу 10 хувь хүрсэн. Түүнээс хойш АНУ-ын ажилгүйдэл буурах хандлагатай байгаа ч эдийн засагчдын таамаглаж байсан шиг хурдан буурахгүй бололтой.

АНУ-ын эдийн засаг дэлхийд хоёрдугаарт ордог том эдийн засаг. Японы эдийн засгаас гурав дахин том энэ “аварга”-ын дотоодын нийт бүтээгдэхүүний хэмжээ 2009 онд 14.2 триллион ам.доллар болсон гэж Барак Обамагийн Засгийн газар мэдэгдсэн. Европын Холбоо, АНУ, Ази гэсэн гурван том тоглогчтой дэлхийн эдийн засаг нэг гол лидер Европ санхүүгийн хямралтай байгаа болохоор АНУ-ын эдийн засаг ямар байхаас Азийн эдийн засаг ихээхэн хамааралтай байна. Өөрөөр хэлбэл, Европ хатгаатай байгаа үед АНУ найтаахад Азийн хамар шархирч байх нь ээ. 

Т.Ариунсанаа.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж