Шинэ үеэсээ ширвээтээд шилсэн тогтолцооноосоо буцах уу?

Хуучирсан мэдээ: 2010.06.10-нд нийтлэгдсэн

Шинэ үеэсээ ширвээтээд шилсэн тогтолцооноосоо буцах уу?

Пропорциональ тогтолцооны чимээ бүдгэрэв

Зуны дунд сар гарах гэж байхад тэнгэрийн ааш тогтохгүй, өвөл рүүгээ буцах нь уу гэлтэй цасаар шууран аяглаж байна. Эртний  Богдын лүндэнд хавар, намар нь өвөл, зунаа хавчиж хоёрхон улиралтай болно гэж буусан байдаг юм гэсэн. Тэр нь одоо ирэв бололтой. Эргэж хуйсганасан л зун болж байна. Тэгвэл улс төрийн тогоонд ч салхи эргээд, эрхэм гишүүд хэлсэн ярьснаасаа буцаад горьгүй нь.
Угтаа улс төрийн нам байгуулахын зорилго нь засгийн эрх барихад байдаг. Түүнийгээ хэрэгжүүлэх боломж дөрвөн жилд ганц тохиодог нь парламентын сонгууль. Ажлыг хийх тусам гаршиж, хялбаршдаг байтал Монголд сонгуульдах тусмаа бүтэлгүйтдэг гажуу тогтолцоо бий болоод удлаа. Илүү боловсронгуй болоосой гэтэл сонгууль будилах нь ихэсч, олон санал авсан нь бус, луйврын сүлжээ сайтай, бэлэн амтай, мөнгө ихтэй нь “эрийн сайн”-д төрийн түшээ болох магадлал нэмэгдсэээр байна. Энэ янзаараа байвал УИХ-ын 2012 оны сонгуулийн дараа эмэгтэй гишүүн, бие даагчид парламентад нэг ч орж ирэхгүй гэдэг үг үнэний ортой болж мэднэ. Дандаа намын харьяалалтай, бэл зузаан эрчүүд УИХ-д сонгогдож “ишигний зовлонг ухна мэддэггүй” гэгчээр санал өгсөн хэдэн сонгогчийн ахуй амьдрал хаашаа болж байгааг ухаарах сэхээгүй тэнгэр ширтэн хоохолзох нь л дээ.

Ийм байж болохгүй гэдгийг гишүүд уг нь ухаарч бас ч сонгуулийн тогтолцоогоо өөрчлөх гэж үзэж л сууна. Сонгуулийн тов зарлахаас хагас жилийн өмнө сонгуулийн хуулиар оролдохыг зогсоодог номтой, сонгууль дөхөх тусам улстөржсөн “шигтгээ” орох магадлалтай тул одооноос сонгуулийн хуулиа шинэчилж, тогтолцоогоо солихоор болж энэ хаврын чуулганаар түүнийг шийдэхээр төлөвлөсөн юм. Уг нь ажлын гараа гайгүй эхэлсэн. УИХ-ын 2008 оны сонгуулийн луйвар хэрээс хэтэрч, долдугаар сарын 1-нд сонгогчдын үймээн дэгдэж, таван хүний амь үрж, “хар гэр”-ээ улс төрийн хоригдлоор дүүргэснээсээ сэхээ авч, энэ удаагийн УИХ бүрдсэн цагаасаа шахам ажлын хэсэг гаргаж сүрхий бэлдсэн юм. Хоёр ч удаа хэрэглэсэн томсгосон 56 тойрогтой мажоритар тогтолцоо хэрэггүй гэдгээ харуулаад өгснийг ч хэлэх үү. МАХН-ын гишүүд хүртэл 50 хувийн саналтай нам далан хэдэн суудал авч, 40 хувийн санал авсан нь хоёр суудалтай хоцордог байсныг буруу гэж зөвшөөрдөг болов. УИХ дахь хоёр намын бүлгийн дарга нарыг оролцуулсан ажлын хэсэг хуулийн төслөө гаргасан. УИХ-ын гишүүн Л.Болд нарын 12 гишүүн ч УИХ-ын шинэчилсэн найруулгын төсөл боловсруулж өргөн мэдүүлсэн. Ингээд хоёр төсөлтэй болсон эрхэм гишүүд эхлээд нэлээд шуурхай хэлэлцэж эхэлсэн юм. Өмнө нь таван удаа, том, бага тойргоор туршиж үзээд тийм ч сайн болоогүй мажоритар тогтолцоог хувь тэнцүүлсэн пропорциональ системээр солихоор зориглож, аль аль төсөлд тусгасан.

Ажлын хэсэгт орсон гишүүд Монгол Улсыг бүхэлд нь нэг тойрог болгоод нам бүр 76 нэр дэвшигчийн нэр зоож өрсөлдүүлэхээр болсон. Тэгэхдээ үндэсний цөөнхийн эрх ашгийг бодолцон хоёр, хоёр казах нэр дэвшигч, бас жендэр талаас харж 15 хувьд нь эмэгтэй нэр дэвшигч “хавчуулахаар” төсөлд оруулжээ. Амралтын өдөр сонгууль явуулахад хүн цөөн ирдгийг бодолцон зургадугаар сарын нэг лхагва гаригийг “ажилгүй” өдөр болгон сонгуульд зориулахаар санаачилсан. Харин Л.Болд нарын гишүүд улсаа наймаас арван тойрог болгон хүн амыг нь тэгш хуваарилаад сонгогчид нэг нам, нэг нэр дэвшигчийн төлөө саналаа өгөх төсөл гаргасан юм. Гэвч эхлээд сүрхий шаргуу хэлэлцэж явсан Сонгуулийн хуулийн төслүүдийн эрч сүүлийн үед харьж эхлэв. Пропорциональ тогтолцооноос ухарч өөр аргуудыг нам, намаараа хайж эхэлсэн ч дуулдана.

Холимогоор үзэх үү?

Сүүлийн үед УИХ дахь хоёр намын бүлгийнхэн Төрийн ордноос гадуур сэм уулзалдаж сонгуулийн тогтолцоог хэлэлцдэг болжээ. МАХН-ын бүлгийнхэн цэвэр пропорциональ тогтолцоогоор сонгууль явуулах нь 2012 оны хувьд арай эртдэнэ гээд холимог хувилбараар үзээд алдах уу гэх болсон дуулдана. УИХ-ын 76 суудлын 26-г мажоритар маягаар нэр дэвшүүлэн өрсөлдүүлж гаргаж ирнэ. Үүнтэй зэрэгцүүлэн намын нэрээр санал хураалт явуулж, авсан саналдаа тохирсон хувиар намууд үлдсэн 50 суудлыг хувааж авъя гэсэн яриа МАХН-ынхны дунд Нүхт, Их Тэнгэр хавиар болсон байна. Уг нь ийм хувилбарыг 2008 оны сонгуульд хэрэглэхээр ярилцаж байсан ч “Хэн нь хөрөнгө мөнгөө үрж нэр нүүрээрээ сонгуульдаж гарч ирдэг, хэн нь зүгээр сууж, намын даргыг лоббидож  байгаад намын нэрээр авсан санал дээр сул шахам орж ирдэг юм”гэсэн маргаанаас үүдэн чимээгүй болсон. Цэвэр хувь тэнцүүлсэн хувилбараар сонгуульдахад МАХН санасан хэмжээнд суудал авч чадмааргүй санагдсан тул олны танил 26 хүнийг шигшин нэр дэвшүүлж өрсөлдүүлчихээд, тэдний нэр нөлөө, намын сүрээр авсан хувь дээр намын даргын халаасан дахь таних танихгүй нөхдийг чихэх нь хавьгүй дээр гэсэн байдлаар холимогийг авахаар ярилцах болсон байна. “Танихгүй бурхнаас таньдаг чөтгөр дээр” гэгчээр 1996, 2000, 2004 онд хэрэглэсэн жижиг 76 тойрогтой мажоритар тогтолцоогоор 2012 онд үзсэн ч яахав гэх байр суурь МАХН-ын бүлгийнхнээс сүүлийн үед нэлээд давамгай дуулдах шинжтэй болжээ. Ардчилсан намын бүлгийнхнээс ч холимог хувилбарыг шохоорхдог хэсэг бий болсон юм байна. Ерөнхийдөө 2012 онд эргээд УИХ-д суух сонирхолтой ч нэр дэвшиж өрсөлдөөд барахгүй гэдгээ мэдэрсэн эрхмүүд намын авсан саналын хувь дээр дөрөөлж төр түших сонирхлоос үүдэн холимог хувилбар гарч ирж болзошгүй нь.

Хуучнаар нь үлдээх үү?

Өнгөрсөн дөрөвдүгээр сарын дундуур Төрийн ордонд Сонгуулийн шинэтгэлийн сэдвээр болсон нээлттэй хэлэлцүүлгээс харахад 2012 онд жижиг мажоритараараа өрсөлдье, шинэ тогтолцоогоор хууль гаргасан ч 2016 оноос хэрэглэнэ биз гэсэн аяс нэлээд түлхүү дуулдаж байв. УИХ-ын одоогийн бүрэлдэхүүний дундаж нас харьцангуй ахимаг, 2012 он сүүлийн боломж нь байж мэдэх хүн цөөнгүйгээс шинэ тогтолцоог барьж авах зориг дутаж байгаа нэг шалтгаан үүний цаана байж мэдэх юм. Хүссэн хүсээгүй 1970-аад оныхон ирэх сонгуульд хүч түрэн орж ирэх нь гарцаагүй болсон. Тэр бүү хэл тэд ч хэвийх тийшээ болж, 1980-аад оны эхэн үеийнхний эр бяр тэгширч яваа. Одоо УИХ дотор Х.Тэмүүжин, Г.Баярсайхан, Ж.Сүхбаатар, Ж.Энхбаяр, С.Бямбацогт, Д.Зоригт, Г.Занданшатар нар жин дарж нөлөөгөө ахиулахаар ах нарын өөдөөс хатуу үг эмээлгүй чулууддаг болсон. Тэд нам харгалзалгүй үерхэлдээ үнэнч яваа. Нөгөөдүүл нь “гөлөг” гэх л юм, ганц нэгээрээ тааралдвал их сайндаа боож унагах юм,  аргагүй цаг нь ирсэн болохоор шинэ үеийн төлөөлөл дарагдахгүй байна. Уг нь тэдний насан дээр одоогийн ах нар аль хэдийнэ сайд, дарга болж, зарим нь Ерөнхий сайдын сэнтийд сууж байсан юм шүү дээ. Харин ч 30 өнгөрч 40 шахталаа тэгтлээ өөдөө гарч чадаагүйг нь бодвол 1970-аад оныхны карьер харин ч оройтоод байна. Тиймээс тэд 2012 оны сонгуульд яралзтал үзэлцэж, дээш гарахаа бодох цаг ирсэн. 1980-аад оны эхэн үеийнхний өнөөгийн насан дээр өдгөөгийн ардчилагчид ардчилсан хувьсгалаа ялуулж, С.Баярцогт, Ч.Сайханбилэг, Д.Балдан-Очир нар парламентад сууж байлаа. Ид нас бие жагссан шинэ үеийнхэн дараагийн сонгуулиар гарч ирэхээр “дүүхэлзэж” байгаа болохоор ганц бүрэн эрхийн хугацаанд төрийн түшээгийн сэнтийгээс зүүгдчихээд их улс төрөөс зодог тайлах санаатай суугаа өнөөдрийн УИХ-ын гишүүдэд сонгуулийн тогтолцоогоор оролдоно гэдэг муурын сахлаар хулгана наадахын дайтай болоод явчих шиг боллоо.

Тэгээд л мөнөөх зоригтой гэгч нь барьж аваад хэлэлцэж эхэлсэн Сонгуулийн хуулиа цааш тавьж, аар саар хуулиуд эргэлдүүлэн цаг нөхцөөх болов. Авууштай нь Тавантолгой л юм биз. Бодоод байхад олонд танигдсан нүүрээрээ нэг удаадаа санал авчих боломжоор илүү нь  жижиг 76 тойрогтой мажоритар тогтолцоо болсон учир 2012 оны сонгуульд хуучин зарчмаараа ороод, шинэ хууль гаргаж гэмээнэ 2016 онд олны танил болж амжаагүй залуус  намынхаа авсан хувь пропорцоор саналаа хуваана биз гээд орхих магадлал тун ойрхон болсон байж магадгүй нь. Ингээд шинэ үеэсээ ширвээтээд шилсэн тогтолцооноосоо буцаж мэдэхээр болжээ.
                                
Д.ОЮУНЦЭЦЭГ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж