НӨАТ-ын тухай хуульд өөрчлөлт оруулна

Хуучирсан мэдээ: 2010.06.10-нд нийтлэгдсэн

НӨАТ-ын тухай хуульд өөрчлөлт оруулна

Засгийн газрын ээлжит хурал­даанаар Нэмэгдсэн өртгийн албан татварын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулахаар шийдвэрлэж, энэхүү хуулийн төслийг УИХ-д өр­гөн мэдүүлэхээр болсон байна. Ингэс­нээр тариаланчдын олон жил Зас­гийн газарт санал болгож ирсэн улаан буудай, хүнсний ногоог НӨАТ-аас чөлөөлүүлэх хүсэлтийг хүлээн авсны зэрэгцээ үйлдвэрлэлийн аргаар бэлтгэсэн мах, дайвар бүтээгдэхүүнийг дотооддоо борлуулсан нөхцөлд НӨАТ-аас чөлөөлөхөөр тогтсон аж. Хэрвээ энэ төслийг УИХ-аар баталбал жил бүрийн хавар тэнгэрт хаддаг махны үнэ ч буух бололцоо бүрдэнэ гэж Засгийн газар үзжээ. Энэ асуудлаар Сангийн сайд С.Баярцогтоос зарим зүйлийг тодрууллаа.

-НӨАТ-ын хөнгөлөлтийг үйлдвэр­лэ­лийн аргаар мах боловсруулагчид болон тариаланчдад зөвхөн үзүүлэх юм уу?

-Дотооддоо боловсруулах үйлд­вэрийг барьж байгуулахтай холбоо­тойгоор шинээр барьж байгуулах эрчим хүчний эх үүсвэр цахилгаан, дулаан үйлд­вэрлэх, түгээхэд ашиг­ладаг тоног төхөө­рөмж, мөн зэс, цайр, төмөр, хөнгөн цагаан, хайлах боловс­руулах, алт мөнгө цэвэршүүлэх тоног төхөөрөмжийг НӨАТ-аас чөлөөлөхөөр боллоо. Мөн хийн түлш, түүний үйлд­вэрлэл, олбор­лолт, бо­ловсруулалт, дамжуулалт, хад­­­га­лах, хийн хайгуулын тоног тө­хөөрөмж, тусгай зориу­лалтын машин меха­низм, хийн хэрэглээний тех­ник хэрэгс­лийн тоног төхөөрөмжийг НӨАТ-аас чөлөөлөхөөр шийдвэрлэсэн.
УИХ-аар одоо төмөр зам барих тухай асуудлыг ид хэлэлцэж байгаа. Энэ хүрээнд импортоор ний­лүүлж байгаа төмөр зам, дохиолол, холбооны тоног төхөөрөмжийг НӨАТ-аас чөлөөлөх нь зүйтэй гэсэн байр суурийг Засгийн газар барьсан. Агаарын бохирдлыг бууруулах чиг­лэлээр хийн түлшээр ажилладаг 1500 см куб хөдөлгүүр, цилиндрийн багтаамжтай, үйлдвэрлэснээсээ хойш таван жилийн настай байгаа авто машиныг гадаадаас оруулж ирэхэд НӨАТ-аас чөлөөлдөг байя гэсэн байр суурийг бас барилаа.

-Ер нь үйлдвэрлэлийн аргаар боловсруулсан махыг НӨАТ-аас чө­лөөл­сөн нь ямар учиртай вэ. Мах­ны үнэд нөлөөлнө гэж үзсэнийх үү, эсвэл өөр агуулгатай юм уу?

-Махны хувьд, үйлдвэрийн аргаар боловсруулж бэлтгэсэн, дотооддоо борлуулсан тураг болон шулж ангилсан мах, хүнсэнд хэрэглэх дотор болон дайвар бүтээгдэхүүнийг НӨАТ-аас чө­лөөлнө гэж үзсэн. Улаанбаатар хотын махны хэрэгцээг ченжүүд хангадаг. Тэд хөдөөгийнхнөөс гол төлөв хямд үнэтэй, гар аргаар бэлтгэсэн махыг худалдаж аваад зардаг. Өөрөөр хэлбэл,  гар аргаар мах бэлтгэгчид нь НӨАТ төлөгч биш байдаг. Гэтэл эрүүл ахуйн шаардлага хангасан орчин нөхцөлд боловсруулсан махан дээр НӨАТ ногдуулдаг, энэ шатанд хэрэглэгч дээр уг бүтээгдэхүүн очихдоо үнэтэй хүрч байгаа учраас адил төвшинд авч үзэж, махны үнийг буулгах зорилгоор ийм арга хэмжээ авлаа.

-Махны үнэ хэзээнээс эхэлж буурах бол?

-Хууль батлагдсаны дараагаас үйлд­вэр­лэлийн аргаар мах бо­ловс­руу­лагчдын хувьд ченжүүдтэй өрсөлдөх боломж нь шууд бий болох учраас нөлөөлөл нь ихэснэ гэж бодож байна.

-Маш олон зүйл дээр НӨАТ тог­тоохгүй болж, өөрчлөхөөр болж байна. Энэ тохиолдолд 2010 оны төс­вийн орлого хэдий хэмжээгээр буурах вэ? 

-Төсвийн орлого дээр энэ удаа өөрчлөлт гарах зүйл бараг байхгүй.

-Яагаад?

-Ихэвчлэн шинэ төрлүүд дээр НӨАТ-ыг чөлөөлөхөөр төсөл боловс­руулсан байгаа л даа, боловсруулах шинэ үйлд­вэр байгуулах, төмөр зам барих гээд.  
Харин махны хувьд орлогын бага зэрэг бууралт гарна, хэрвээ хууль батлагдвал. Хүнсний ногооны хувьд татвараас чөлөөлөгдсөн байсан.

Г.Дарь

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж