Өнөөдөр болсон олон улсын сургуулийн хаалтын ажиллагаанд Монгол Улсын Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга П.Цагаан, БХЯ-ны Төрийн нарийн бичгийн дарга хошууч генерал З.Болдбаатар, Зэвсэгт хүчний жанжин штабын дарга дэслэгч генерал Ц.Бямбажав, сургуульд оролцсон улс орнуудын цэргийн багийн удирдлага, бие бүрэлдэхүүн оролцлоо.
Энэ үеэр “Khaan Quest-2013” энхийг дэмжих ажиллагааны олон улсын сургуульд оролцогчдод баяр хүргэж Монгол Улсын Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга П.Цагаан үг хэллээ. Тэрээр хэлсэн үгэндээ “Миний бие “Khaan Quest-2013” энхийг дэмжих ажиллагааны олон улсын сургуулийн хаалтын ажиллагаанд биечлэн оролцож хэл соёл, нутаг орон, зан заншил өөр ч эх дэлхийнхээ энх амгалангийн төлөө нэгэн зорилгод нэгдсэн энхийг сахиулагч та бүхэнтэй мэндчилж байгаадаа сэтгэл хангалуун байна.
Аливаа хямрал, зөрчил, маргаантай асуудлыг намжаах, ухаалгаар шийдвэрлэх цорын ганц арга зам нь зөвшилцөл, ойлголцол бөгөөд хямрал зөрчлийг арилгах, зөвшилцөлд хүрэх үндсэн нөхцөл болсон энх тайван, амар амгалан байдлыг бий болгох явдал өнөөдөр биднийг нэгтгэж байна.
Энхийг сахиулагчдын үүрэг гүйцэтгэх дадлага, ур чадварыг нэмэгдүүлэх, тэдний энхийг дэмжих ажиллагааны явцад хуримтлуулсан туршлага, сургамжийг түгээн дэлгэрүүлж, өөр хоорондоо харилцан суралцах боломжийг бүрдүүлэх нь НҮБ-ын байнгын хүчний тогтолцоог төлөвшүүлэхэд чухал ач холбогдолтой арга хэмжээ бөгөөд дэлхийн олон улс орнууд энэ санал санаачлагыг дэмжин хамтран ажиллаж байгаад бид талархаж байна.
Энэхүү сургуулийг зохион байгуулж явуулахад бүх талын дэмжлэг туслалцаа үзүүлсэн Номхон далай дахь АНУ-ын цэргийн командлал болон тус сургуульд цэргийн албан хаагчдаа илгээн оролцуулсан бүх улс орнуудад энхийн төлөөх үйлсэд нэгдсэн энхийг сахиулагчид та бүгдээр дамжуулан гүн талархал илэрхийлье.
Монгол Улс НҮБ-ын бүрэн эрхт гишүүний хувьд дэлхийн хамтын нийгэмлэгийн өмнө хүлээсэн үүргээ гүнээ ухамсарлан энхийг эрхэмлэгч улс гэдгээ нотлон харуулж, даян дэлхийн энх тайван, аюулгүй байдлыг сахин хамгаалах үйл ажиллагааг тууштай дэмжин нэгэн үзүүрт сэтгэлээр хүчин зүтгэж ирсэн, цаашид ч энэхүү бодлого, чиглэлийг тууштай баримтлах болно.
“Khaan Quest” энхийг дэмжих ажиллагааны олон улсын сургуулийн үр дүнд олж авсан та бүхний мэдлэг, дадлага бүхэн тань сая сая хүмүүст аз жаргал, амар тайван амьдралыг авчирна гэдэгт би бүрэн дүүрэн итгэлтэй байна” гэлээ.