Тус хорооны гишүүд болох Т.Аюурсайхан илтгэлдээ “…Шинэчлэл бол сүүлийн 20 гаруй жил манай намд тасралтгүй явагдаж ирсэн үйл явц. Намын Их хурал болгон шинэчлэл, өөрчлөлтийн томоохон зорилтуудыг дэвшүүлэн тавьж байсан. Өмнөх шинэчлэлүүд цаг үетэйгээ нийцсэн, чухал алхмууд байсан хэдий ч ажлын арга барил, бүтэц, зохион байгуулалт, санхүүжилтийн ил тод байдал, гишүүдийнхээ оролцоог хангах, хүний нөөцийн бодлогыг оновчтой болгох, албан тушаал, мөнгө санхүүгээс хараат бус байж, уг сүлжээг цэвэрлэх зэрэг олон чухал асуудлуудын гүнд орж шийдвэрлэж чадалгүй өөрсдөө хутгалдсаныг нуух шаардлагагүй. МАН-ын нэр хүнд нийгэмд яагаад унаж байна? Юу МАН-ыг муухай харагдуулаад байна? МАН-ын бодлогыг боловсруулж, үйл ажиллагааг удирддаг хүмүүс нийгмээсээ тасарсан байна. Тэд ард олны амьдралыг мэддэггүй, тэдний зовлон бэрхшээл, ахуйн шаардлагыг мэдэрдэггүй учраас гаргаж буй бодлого шийдвэрүүд нь иргэдэд хүрдэггүйгээр барахгүй, тэдний жигшилийг төрүүлж, доог тохуу болдог боллоо. Намын нийт гишүүд УИХ дахь намын бүлгийн гишүүд, түүний дотор нэн ялангуяа жагсаалтаар сонгогдсон гишүүдээс шийдэмгий алхмууд, ширүүн тэмцэл хүлээж байна. Гэвч намын гишүүдийн итгэл улам замхарч, эцэс сүүлдээ намын бүлгийн цөөн гишүүдийн хүзүүнээс оосорлогдож, барьцаалагдсан нам мэтээр нийгэмд харагдаж, биднээс их зүйл хүлээх шаардлагагүй болсныг тунхаглаж байгааг бодууштай. МАН-д фракци бүлэглэл байхгүй мэтээр өөрөө өөрсдөөсөө нууж, бусдаас нуугдаж амьдрахаар ил зарлаж, тайван амьдрах цаг ирээгүй юу гэдгийг асуумаар байна. Манай намд фракци байгаа гэдгийг М.Энхболдын, У.Хүрэлсүхийн, Сү.Батболдын, С.Баярын гээд нэрлэхэд цөөн ч, дагалддаг олон хүнтэй бүлэглэл бий болж, бэхэжсэнийг монгол хүн бүр мэдэх болсныг нуух хэрэггүй.
…Төрийг өвчлүүлж, хөгжлийг ухрааж буй гол шалтгаан нь бохирдсон улс төр гэж үзэж байна. Дан ганц МАН гэлтгүй, эрх баригч хүчин, Монголын улс төр бүхлээрээ бохирдсон байна. Зөвхөн МАН шинэчлэгдээд зогсохгүй, АН болон бусад намууд дотроосоо эрүүлжиж, улс төрийг авлига, бизнөсээс ангид, цэвэр тунгалаг болгохын төлөө хамтарч ажиллах ёстой” гэсэн байна.
Энэ удаагийн илтгэлүүдийг МАН-ын удирдлагуудаас ирж сонирхоогүй бөгөөд шинэчлэлийг дэмжсэн цөөнгүй ахмад гишүүд оролцон, залуусыг дэмжиж буйгаа илэрхийлж байлаа.