-Энэ сарын 9, 10-ны өдрүүдэд түмэн морьтны жагсаал болон 3000 морины уралдааныг танай холбоо амжилттай зохион байгууллаа. Амжилттай гэсэн учир нь зохион байгуулалт сайтай болж өнгөрсөн?
-ММСУХ-ны удирдлага 2008 оны сүүлчээр шинэчлэгдсэн. Удирдлага шинэчлэгдээд, үйл ажиллагаагаа эргээд нэг харахад тус холбооны гадаад харилцаа нэлээн сул байсан. Биднийг дэлхий нийт нүүдэлчдийн их өв соёлтой, морьтон монголчууд гэж хардаг. Гэтэл бид морьтон Монгол гэдгээ дэлхийд таниулах ямар нэгэн үйл ажиллагаа зохион байгуулаагүй. Монголын тухай их л удаж Чингис хааны түүхийг мэднэ. Цаашилбал, хөдөө нутгаар л төсөөлдөг шүү дээ. Тиймээс ч бид гадаад харилцаагаа хөгжүүлэхэд анхаарч, ажилласны үр дүнд 2010 онд Азийн морин уралдааны холбоонд бүртгүүлж, 2012 онд олон улсын морин уралдааны холбооны гишүүн болсон. Дээрх ажлуудыг амжилттай хийж, морин уралдаан хөгжсөн орнуудын клубуудын удирдлагуудтай уулзаж байхад бид тэднээс хоцорч яваа нь ажиглагдсан юм. Тиймээс ч бид 2010 онд Монголын эрийн гурван наадам, тэр дундаа хурдан морины уралдааныг НҮБ-ын харьяа Юнеско-д дэлхийн хүн төрөлхтний биет бус өв соёлоор амжилттай бүртгүүлсэн. Үүний дараагийн ажил бол Гиннест бүртгүүлэх байсан. Тиймээс 2013 оны хийх ажлынхаа төлөвлөгөөнд тусгаж, нүүдэлчдийн өвөрмөц соёл, өв уламжлалыг Гиннест бүртгүүлэхээр зорьсон юм. Энэ хүрээнд зөвшөөрлийг нь авахын тулд бид зургаан сарын турш ажилласан. Яагаад ингэж уддаг юм бэ гэхээр Гиннесийн байгууллагаас хэд, хэдэн шаардлага тавьдаг юм билээ. Хамгийн наад зах нь хүн, амьтныг тамлан зовоохгүй байх, цаашилбал жагсаал болон уралдаанд оролцогчдын аюулгүй байдлыг хангах зэрэг шаардлагыг тавьдаг юм билээ.
Яг үнэндээ Гиннесийн байгууллагынхан Монголын үндэсний хурдан морины уралдааныг урьд өмнө нь нүдээр үзээгүй болохоор төдийлөн ойлголтгүй байсан. Тиймээс ч бидний хооронд урт хугацааны яриа хэлэлцээр үргэлжилж, үүнийг Гиннест бүртгэх үү үгүй юу гэдгийг хоёр тал зөвшилцсөний эцэст зөвшөөрлийг нь авч чадсан. Энэ бүхэн тийм амар ажил байгаагүй гэдгийг зориуд дурьдмаар байна. Улмаар өнгөрсөн дөрөвдүгээр сарын 22-ны удирдах ажилтнуудын зөвлөгөөний хурлаараа дээрх асуудлыг хэлэлцэж шийдвэрлээд Монголын 60 гаруй мянган уяачдад танилцуулсан. Ингээд бүтэн жилийн турш бэлтгэл ажил үргэлжилсний эцэст өдрийн сайныг шинжиж байгаад Балжиннямтай бэлэгт сайн өдөр 10 мянган морьтны жагсаал болон 4000 морины уралдааныг амжилттай зохион байгуулсан.
-Энэхүү арга хэмжээнд оролцогчид маш их ач холбогдол өгсөн нь илэрхий байсан. Монгол орны алс баруун хязгаараас хүртэл морьтнууд ирж оролцсон шүү дээ?
-Дээрх арга хэмжээнд Монголын 21 аймгийн 360 гаруй сумаас төлөөлөгчид ирж оролцсон. Уяачид, сум орон нутгийн удирдлагуудаас эхлээд эгэл жирийн малчид хүртэл 11125 морьтон жагссан. Жагсаалд аавыгаа дагаж, ирсэн хоёр нас найман сартай Ү.Гэрэлт-Одоос эхлээд Төв аймгийн Баянжаргалан сумын харьяат 90 гарсан өвөө хүртэл оролцсон нь Монгол түмэн морио хэрхэн дээдэлдгийн илэрхийлэл болсон гэж бодож байгаа. Бидний зүгээс дээрх арга хэмжээг аль болох эмх цэгцтэй, дэг журамтай зохион байгуулахыг хичээсэн. Энэ нь нэг талаараа морьтон монголчуудын өвөрмөц зан заншлыг дэлхийд сурталчилах арга хэмжээ байсан учраас дэлхийн олон орны хэвлэл мэдээллийн байгууллага ирж сурвалжилсан. Тиймээс ч бид зохион байгуулалтын тал дээр маш их анхаарч, өндөр ач холбогдол өгч ажилласан. Үүнээс гадна тус арга хэмжээнд оролцогчид ч өөрсдөө маш өндөр зохион байгуулалттай, ухамсартай, сэтгэлээ гаргаж оролцсон. Тухайлбал, Төв аймгаас 3000 гаруй морьтон жагссан нь хамгийн олуулаа ирсэн явдал байлаа. Мөн Булган аймгаас 800 орчим морьтон жагсаалд оролцсон. Түүнээс гадна Булган аймгийнхан эмчтэйгээ, сувилагчтайгаа, цагдаатайгаа, хүний эрхийн ажилтантайгаа маш нарийн бүтэц, зохион байгуулалттайгаар тус арга хэмжээнд оролцсон нь онцлог байлаа. Мөн Налайх дүүргээс 600 гаруй морьтон жагссан. Налайх дүүрэгт байрлаж байгаа цэргийн ангийн бие бүрэлдэхүүн ажилласан. Түүнчлэн Сэлэнгэ, Говь-Алтай аймгийнхан өргөн бүрэлдэхүүнээрээ оролцсон. Энэ мэтчилэн бүхий л аймгууд маш их сэтгэл, зүтгэл гаргаж оролцсонд миний хувьд баяртай байна. Бидний зүгээс онцгойлон нэг л шаардлагыг тавьсан. Энэ нь зохион байгуулалттай, заасан дэг журмын дагуу оролцох шаардлагыг тавьсан байгаа. Нэгэнт Монголынхоо нэр хүндийг дэлхийн тавцанд өргөх алхам хийж байгаагийнх бүх талаараа өв тэгш байхыг үнэхээр их хичээсэн. Бид оролцогчдыг аймаг, аймгаар нь гал болгосон. Ингээд 8, 9-ны шөнө аймаг, аймгийн галаар ороод явж байхад маш нарийн зохион байгуулалттай байсан. Бид шөнийн 03.00 цаг хүртэл явахад нэг ч архи ууж, хөлчүүрсэн хүн байгаагүй. Бүгд идээгээ засаад, айргаа сөгнөчихсөн, Төв аймгийнхан бүр тайз засаад бусдыгаа хөгжөөх арга хэмжээ зохион байгуулж байсан. Харин зарим хэсэг нь маргааш болох жагсаалд хэрхэн эмх, журамтай, зохион байгуулалттай оролцох талаараа ярилцаж байлаа. Ингээд 9-ны өглөө Хүй долоон худагт түрүүлж ирсэн Дорноговь аймгийн уяачид тугаа бариад жагсахад бэлэн болсон байсан. Ийнхүү 10 мянган морьтны жагсаал амжилттай болж өнгөрсөн. Маргааш нь 4000 хурдан морины уралдаан болсон. 3000 морийг 500, 500-гаар нь зургаан гараанаас уралдуулахаар төлөвлөсөн. Улмаар 150-200 метрийн өргөнтэй, монгол инженерийн төлөвлөлтөөр автоматаар онгойдог, зургаан гарааны төхөөрөмж бэлтгэсэн. Үүнийг урьд өмнө нь хоёр ч удаа туршиж үзэхэд амжилттай ажиллаж байсан.
-Наадмын өмнөх өдөр нь ХЭҮК-оос мэдээлэл хийж 3000 хүүхдийн амь нас эрсдэх вий хэмээн сэрэмжлүүлж байсан. Иргэдийн зүгээс ч нэлээн шүүмжлэлтэй хандсан?
-Бидний хувьд 10 мянган морины жагсаалд мэдээж ач холбогдол өгч зохион байгуулсан. Гэхдээ үүнээс илүү 3000 хурдан морины уралдаанд санаа зовж байв. Учир нь энэ үеэр хүүхэд мориноосоо унаж, бэртэх вий, амь нас эрсдэх вий хэмээн маш их санаа зовж байсан л даа. Яг үнэнийг хэлэхэд уралдаан болохоос долоон хоногийн өмнөөс хоол орохоо больчихсон. Хийж, амжуулах ажил ч их байсан, хүүхдүүдийн амь нас, эрүүл мэндийн байдалд ч маш их санаа зовж байсан. Нэгэнт бид хүүхдүүдийн амь нас, аюулгүй байдлыг хангаж чадна гээд зөвшөөрлийг нь авчихсан юм чинь алдаа гаргах эрх байгаагүй. Тиймээс ч бид зохион байгуулалттай ажилласны үр дүнд нэг ч хүүхэд, бэртэж, гэмтсэнгүй, нэг ч хүүхдийн амь нас эрсэдсэнгүй. Урьд шөнө нь бид зориулалтын машинаар уралдааны талбайг усалж хоносон. Гэтэл үүрээр бороо орж, байгаль дэлхий өөрөө услаад өгсөн. Монголчууд хэзээнээсээ хувьтай хүн хур борооноор гэдэг дээ. Өөрийн эрхгүй нүдний нулимс гарч маш их бэлгэшээсэн. Энэ нь магадгүй тэнгэр, бурхан ивээсэн хэрэг биз ээ.
-Гэвч хэвлэл мэдээллийн хэрэгслээр 20 гаруй хүүхэд мориноос унаж, ес нь эмнэлэгт хүргэгдсэн гэсэн мэдээлэл цацагдсан шүү дээ?
-Энэ уралдаанд 4279 морь бүртгүүлснээс 4249 нь барианд орсон. Уралдааны үеэр мориноос хүүхэд унах нь унасан. Гэхдээ хэвлэл мэдээллийн хэрэгслээр бичээд байгаа шиг эмнэлэгт хүргэгдээд, амь нас нь эрсдсэн зүйл байхгүй ээ гэдгийг хэлмээр байна. Бид 16.00 цагт үйл ажиллагаагаа албан ёсоор хаасан. Гэтэл 18.00 цагийн орчим морьтой хүүхэд хуушууранд явж байгаад унаж, бэртсэн. Улмаар эмнэлэгт хүргэгдэж, 11-ны өглөө нас барсан харамсалтай явдал тохиолдсон байна. Үүнд ММСУХ гүн эмгэнэл илэрхийлж байгаагаа энэ дашрамд уламжилъя. Хүй долоон худагт ЯТТ бүрэн бүрэлдэхүүнээрээ ажилласан. Тиймээс ч цаг тухай бүрт нь мориноос унасан хүүхдүүдэд эмнэлгийн тусламж, үйлчилгээ үзүүлсэн. Уралдааны үеэр мориноос унасан ч эмнэлэгт хүргэгдэх хэмжээний бэртэл авсан унаач хүүхэд байгаагүй юм шүү. Даатгалын компаниуд, Хүүхдийн төлөө Үндэсний газар, хамгаалалтын хувцас хэрэгсэл зардаг хувийн хэвшлийнхэн бүгд хамтарч ажилласан. Яавал бид хүүхдийн аюулгүй байдлыг хангаж чадах вэ гэж хамтарсан юм. Ер нь бид нэг талаасаа 4249 морь уралдуулж, Гиннест бүртгүүлж, бахархахаас гадна зохион байгуулалттай наадмын үеэр хүүхэд унаж, бэртдэггүй ээ гэдгийг бид гэрчилсэн гэж бодож байгаа. Яах вэ, өмнө нь зохиогдсон наадмын үеэр хүүхдийн амь нас эрсэдсэн тохиолдол байгааг үгүйсгэхгүй. Гэхдээ тэнд эмч, сувилагч, цагдаа зэрэг аюулгүй ажиллагаа хангах хүмүүс байгаагүй. Ер нь цаашид унаач хүүхдийн аюулгүй байдлыг хангах тал дээр анхаарч ажиллах болно. Зөвхөн нэг удаагийн уралдаанаар хэмжигдэхгүй. Монгол наадам болдогоороо болно. Морь уралддагаараа уралдана.
-Өмнө нь Монголын үндэсний бөхийн холбооноос 6016 бөх барилдуулж, Гиннесийн амжилтыг шинэчлэн тогтоож байсан. Дараа нь энэ тухай ном хэвлэгдсэн. Харин та нарын хувьд энэ талаар төлөвлөсөн ажил байгаа юу?
-Бид ер нь яагаад Гиннесийн номонд бүртгүүлэхээр зорьсон юм бэ гэхээр өөрсдийнхөө нэр хүндийг өсгөхийг зорьсонгүй. Эх орныхоо нэрийг чаддаг зүйлээрээ гаргахыг хичээсэн. Морь унаж, эдлэх их ухааныг, нүүдэлчдийн өвөрмөц өв соёлыг дэлхийн сонорт хүргэхийг зорьсон. Лондонгоос Гиннесийн байгууллагын шүүгч нь өөрийн биеэр ирсэн. Тусгай арга барилаар тооллогыг явуулсан. Хөндлөнгийн аудитийн компани хянасан. Тэнд чухам хэн хянаж байгаа нь бидэнд мэдэгдээгүй. Энэ бүхний эцэст тамгатай серификат гардуулахад сайхан санагддаг юм билээ. Мөн ирэх оны зургадугаар сард хэвлэгдэх Дэлхийн Гиннесийн рекордууд гэдэг номонд Монголд зохиогдсон 4000 морины уралдаан, 10 мянган морьтны жагсаал багтана. Бид шаардлагатай зураг, материалаа илгээсэн байгаа. Лондонгоос ирсэн шүүгч 11-ны шөнө буцсан. Энэ талаарх мэдээлэл дэлхийн олон орны хэвлэл мэдээллийн хэрэгслээр цацагдсан. Ер нь Монголчуудын 11125 морь жагсана гэдэг бол эв нэгдлийн бэлгэ тэмдэг болсон. Монголчууд морио унахаараа ямар эрэлхэг, сүртэй харагддаг болохыг илтгэсэн явдал боллоо гэж үзэж байгаа. Цагдаагийн дэд хурандаа н.Чинболдоор ахлуулсан цагдаагийн бие бүрэлдэхүүн ажилласан. Тэд бидэнд баяр хүргэж байсан. Урьд өмнө нь зохиогдсон наадмаас илүү иргэд өндөр ухамсартай оролцлоо гэсэн. Учир нь цагдаа нар иргэдэд шаардлага тавихад маш найрсгаар хүлээн авч, бид чинь монголчууд шүү дээ гэсэн байдлаар хандаж байсныг сүүлд хэлсэн. Нэг талаас харахад үүнийг ММСУХ зохион байгуулсан мэт боловч үнэндээ монголчууд бүх нийтээрээ зохион байгууллаа гэж үзэж байгаа. Монголчууд нэгэн тугийн дор нэгдлээ. Монгол морь гэдэг бол маш гайхамшигтай амьтан. Түүх, ном судрыг эргэж харахад дайн тулаан, эх орны тусгаар тогтнол гээд бүхий л хүнд, хэцүү цаг үеүдэд монгол хүн морьтойгоо хамт байжээ. Унаган эзэн, унасан хүүхэд рүүгээ хүзүүгээ сунгаад үүрсч байдаг монгол морь бол эзнээ орхидоггүй,буянт адгуус. Яах вэ, зарим хэвлэл мэдээллийн хэрэгслээр биднийг шүүмжилж, хүүхдийн эрхийг зөрчиж байна гэж байгаа. Гэхдээ аливаа зүйлийг сайн талаас нь харж байх хэрэгтэй. Хүмүүсийн муу, муухай талыг олж хараад байх юм бол нөхөргүй болдогтой адил хэрэг шүү дээ. Морь уяж байгаа залуус хэзээ ч архи уудаггүй. Тухайлбал, Говь-Алтай аймгийн харьяат нэг залуу жаахан архи уугаад байхаар нь эхнэр нь морь уяулж. Гэтэл тэр залуу мориндоо, гэр бүлдээ анхаарлаа хандуулж, архи уухаа больсон гэдэг. Эхнэр нь манай холбоо руу утсаар ярьж байсан. Энэ мэтчилэн сайн талууд зөндөө бий. Нөгөөтэйгүүр үүний дараа аялал жуулчлалын олон компаниас энэ арга хэмжээг дахин зохион байгуулж, жуулчдад үзүүлэх боломжтой юу гэх саналыг тавьсан. Мэдээж энэ бол боломжгүй зүйл. Зөвхөн 10 мянган хүн жагсаах өөр хэрэг. Харин 10 мянган морьтныг нэгэн тугийн дор нэгтгэх амаргүй ажил байлаа. Лондонгоос ирсэн Гиннесийн байгууллагын шүүгч хатагтай Луис “Хэрвээ үүнийг Монголоос өөр оронд зохион байгуулсан бол үймээн дэгдэх байсан. Харин монголчууд бол үнэхээр морь эдэлж, унаж чаддаг хүмүүс юм байна. Монголоос өөр хаана ч хоёр настай хүүхдээр морь унуулахгүй. 4000 морины уралдааныг үзээд үерийн ус мэт санагдлаа. Цунами гэж ийм л зүйл байдаг болов уу” гэж хэлсэн.
-Унаач хүүхдийн асуудал өнгөрсөн хаврын сэдэв байлаа. Хүний эрхийн байгууллагынхан төдийгүй иргэд ч энэ тал дээр нэлээн хатуу байр суурьтай байсан. Тэр ч бүү хэл хүүхдээр морь унуулахгүй байя ч гэх санал гарсан?
-Дүнжингаравын хаврын уралдаанаар Ховд, Дорноговь аймагт хоёр хүүхэд унаж, амь нас нь эрсдсэн. Ховдын хүүхэд бол уралдаагүй байж байгаад гэнэтийн осол болсон юм билээ. Мэдээж нас барсан хүүхдийн тоо хэвлэлээр мэдээлсэн шиг 20 байгаагүй. Ер нь зохион байгуулалтгүй уралдааны үеэр хүүхдийн амь нас эрсдэж байгааг үгүйсгэхгүй. Зарим хэвлэл мэдээллийн хэрэгслээр ташаа мэдээлэл цацагдсаныг энд дурьдах хэрэгтэй. Өнгөрсөн хаврын турш хурдан морио 800 саяар даатгуулдаг хэрнээ унаач хүүхдээ 100-хан мянгаар даатгуулдаг гэсэн яриа гарсан. Харамсалтай нь хурдан морь бүү хэл мал даатгадаг компани байдаггүй юм шүү дээ. Энэ мэт ташаа мэдээлэл цацагдсан. Үндэсний баяр наадмын хуульд долоогоос дээш насны хүүхдээр морь унуулах тухай заалт бий. Энэ бол монголчуудын хувьд хамгийн боломжтой хувилбар. Харин 10-аас дээш насны хүүхдээр морь унуулах тухай хууль санаачлагчид ярьж байна. Хэрвээ 10-аас дээш насны хүүхэд морь унана гэвэл монголчууд тавтайгаасаа л морь унаад сурчихдаг юм шүү дээ. Тэгээд долоотойгоосоо хурдны морь унадаг. Гэтэл 10-аас дээш насны хүүхдээр морь унуулна гэвэл долоотой хүүхэд унуулсан уяач хууль зөрчсөн хэрэг болно шүү дээ. Хурдны морийг хүүхэд болгон унадаггүй юм. Жишээ нь, сэтгүүлчийн сургууль төгссөн хүн болгон сэтгүүлч болж чаддаггүй. Хүн бүрт сэтгүүлчийн мэдрэмж, ур чадвар заяадаггүй. Тэгвэл унаач хүүхдийн хувьд ч яг адилхан. Моринд дуртай, морь нь хүлээж авдаг шүтэлцээ байдаг юм. Зарим хүүхдийг морь нь огт ойртуулдаггүй. Тиймээс массын ойлгож байгаа шиг хүүхэд бүхэн хурдны морь унадаггүй юм аа. Долоогоос дээш насны хүүхдээр хурдны морь унуулах хуулийн заалт одоо л хүмүүсийн сэтгэхүйд суугаад, хэрэгжиж эхэлж байна. Аливаа хууль хэрэгжихэд тодорхой цаг хугацаа шаардлагатай. Хэрэв 10-аас дээш насны хүүхдээр хурдны морь унуулах юм бол сөрөг үр дагавар олон гарна гэдгийг уяачдын дунд байдаг хүний хувьд хэлмээр байна. Үүнээс гадна хамгаалалтын хувцсыг уяачдад хүчээр шахаж байгаа мэтээр ярьдаг. Хамгаалалтын хувцасны талаар олон хүнтэй ярилцаж байлаа. Тухайлбал, уул уурхайн компанийн захиралтай ярилцаж байхад ажилчид нь эхэндээ хамгаалалтын хувцас өмсөхгүй бакалаа өмсөнө гэдэг байж. Тэдний хувьд үүндээ дасчихсан байж л дээ. Гэтэл гурван жилийн дараа байдал эсрэгээрээ эргэж ажилчид нь “Бид хамгаалалтын хувцасгүй ажлын талбайд гарахгүй ээ” гэдэг болсон байна. Яг энэ маягаар л аливаа зүйл хэвшинэ гэж нэг зүйл бий. Хамгаалалтын хувцасны талаар олон нийтэд зөв мэдээлэл хэрэгтэй байна.
-Үүнээс гадна тантай уулзсаных нэг зүйлийг асуухгүй өнгөрч болохгүй нь. Уяачид хүүхдээр бизнес хийлээ гэж их шүүмжлэх юм?
-Хүмүүс энэ талаар их ярих юм. Жишээ нь, “Болдоо чи өөрийнхөө хүүхдээр хэзээ ч морь унуулахгүй хэрнээ” гэж хүмүүс намайг шүүмжилдэг байхгүй юу. Баячууд өөрсдийнхөө хүүхдээр хэзээ ч хурдны морь унуулж, амь насыг нь золионд гаргахгүй гэж. Үнэндээ бол Улаанбаатарт байгаа хүүхдүүд бол хурдны морь унадаг хүүхэд биш. Унаач хүүхэд гэдэг бол ахуйдаа өссөнийг хэлдэг юм. Би бол 1970-аад оны унаач хүүхэд. Булган аймгийн наадамд хурдны морь унадаг л байсан. Харин чамайг хөдөө авааччихаад морь уна гэж шаардвал юу болох вэ. Магадгүй чи морь унадаг хэрнээ уналгүй удсан байж болно, эсвэл амьдралдаа хэзээ ч унаж үзээгүй, унах дургүй байж ч мэдэх. Яг л үүнтэй адилхан. Өглөө сургуульдаа машинаар хүргүүлээд, орой машинаар авахуулдаг тэр захирлуудын хүүхдүүд морь унах нь битгий хэл өөрсдөө зам хөндлөн гарч чадахгүй. Хотын хүүхдүүд ийм л байна. Тухайлбал, ахын маань хүүхэд хоёр настайдаа анх удаа хөдөө очиж үзсэн. Анх очихдоо ишигнээс айгаад уйлж, байлаа. Харин жил бүр хөдөө явсаар одоо таван настай тэр жаал өвөөтэйгөө морь унаад ойр зууртаа хонь, малаа эргүүлэхтэйгээ болсон. Тэр хүүхдийн сэтгэхүйд би том болоод морь унана гэсэн ойлголт суучихсан. Тэгвэл түүнтэй нас чацуу өөр нэгэн хамаатны жаал эцэг, эхээсээ мөнгө гуйж, чихэр, жимс авч, РС тоглоом тоглож байх жишээтэй. Ийм л асуудлыг нэг өнцгөөс хараад байгаа юм. Хүний хүүхдээр морио унуулдаг компанийн захирлуудын хүүхдүүд морь унах хүүхэд биш. Харин хүний хүүхдээр морио унуулсныхаа төлөө тэд амь, насыг нь хамгаална, даатгуулна, хичээлээс нь завсардуулахгүй байх үүрэгтэй. Тиймээс ч ММСУХ-ноос амралтыг нь тааруулж, наадмуудыг зохион байгуулдаг юм.
-Сүүлийн үед эрлийз морьдын асуудал нэлээн анхаарал татах болсон. Энэ талаар?
-ММСУХ энэ талаар үндсэн бодлого, зорилтоо тодорхойлсон. Нэгдүгээрт үндэсний хурдан морины уралдаан байх ёстой. Хоёрдугаарт эрлийз насны морьдыг тусгай сертификаттай хүүхэд унадаг байя гэж байгаа. Магадгүй 15-16 насны хүүхдээр унуулж болох юм. Гуравдугаарт цэвэр цусны морин тойруулгын уралдааныг хөгжүүлэх талаар үндсэн чиглэлээ гаргаад ажиллаж байна. Морин тойруулгын спорт бол Монголд хөгжих боломжтой. Дэлхийтэй хөл нийлүүлье гэвэл цэвэр цусны морьдыг уралдуулах ёстой. Түүнээс биш дэлхий дахинд эрлийз морь гэсэн ойлголт байхгүй. Дэлхийд зөвхөн цэвэр цусны Англи мориор уралддаг. Яах вэ, араб адуу ч гэдэг юм уу тухайн улс орны үндэсний уралдаан байдаг. Түүнээс биш Английг Монгол морьтой эрлийзжүүлээд уралдуулна гэсэн ойлголт байхгүй. Ер нь хүмүүс шүүмжлэхээ урьтал болгодог. Тухайлбал, улсын наадмаар морь уралдуулах шаардлагагүй, өвөл уралдууллаа гээд л. Тэгвэл хотынхны хувьд яах вэ, хангалттай баярлаж, цэнгэдэг. Тэгвэл хөдөөгийнхний хувьд цагаан сар, улсын наадмаар л баярлах боломж тохиодог шүү дээ. Түүнээс гадна монголчууд өөрсдийн гэсэн он цагийн тоололтой. Намрын хайлган цагаас хаврын тэргүүн сар хүртэл морь уралдуулдаггүй. Өөрөөр хэлбэл, хаврын тэргүүн сарын шинийн 3-наас хойш морь уралдуулахыг зөвшөөрдөг. Энэ нь өвлийг өнтэй давсны баяр цагаан сараас хойш гэсэн үг. Гэтэл хүмүүс өвлийн хүйтэнд уралдууллаа гээд л. Ер нь хүн үндэснийхээ өв соёл, ёс заншлыг судалж, мэддэг байх нь их чухал.
Эх сурвалж: "МОНГОЛЫН МЭДЭЭ" сонин