Сургуульдаа цэцэггүй очно

Хуучирсан мэдээ: 2013.08.14-нд нийтлэгдсэн

Сургуульдаа цэцэггүй очно

Хичээлийн шинэ жил дөхсөн энэ өдрүүдэд боловсролын салбар хариуцсан сайд нэг уриалга гаргах гэж байгаа сурагтай. Энэхүү уриалга нь “Жинхэнэ амьд цэцэгс болсон хүүхдүүдээ хөтлөөд л сургуульдаа ирээрэй” гэсэн агуулгатай ажээ. Үнэхээр ийм уриалга гарвал би л хувьдаа талархана. Цэцэг гэдэг энэ бизнесээс болоод хичнээн өрх айлын хичнээн хүүхэд хичээлийн шинэ жилийн өглөө багш болон ангийн андтайгаа уулзаж чадахгүй байгаа бол гэхээс…

Ноднин охиныхоо хичээлийн шинэ жилд нь зориулан гурван сарнайтай баглаа цэцэг өглөө. Гурван сарнайтай баглаа цэцэг гоёл чимэглэл энэ тэр гэсээр хориод мянган төгрөг болчихлоо. Гэтэл есдүгээр сарын 1-ний өглөө сургууль руугаа явж байхдаа охин маань баглаа цэцгээ голов. Миний цэцэг гуравхан сарнайтай байна. Би хуримын цэцэг шиг олон сарнайтай, сагстай цэцэг авмаар байна гээд л цамнаж гарлаа. Арга ч үгүй биз дээ. Олны дунд аав, охин хоёрын цэцэг л “жул” харагдаж байлаа. Зарим хүүхдүүд баглаа цэцгийнхээ араар аав ээжтжйгээ нуугдаж тоглоод л… Зарим хүүхдүүдийг зэрвэс харвал цүнх үүрсэн баглаа цэцэгс явж байгаа юм шиг эндүүрч харагдахаар байлаа. Энэ жил аав, охин хоёр өөр төлөвлөгөө гаргалаа.

Зун цэцэг тариад намар нь том болохоор ангидаа авч очих төлөвлөгөө байлаа. Охин маань таван сард нэг жижигхэн таримал цэцэг авсан. Түүнийгээ зунжингаа тордсон, бордсон, арчилсан. Охин маань цэцэгнээсээ болоод цаг агаарын мэдээг байнга үздэг болов. Борооны ус цэцэгт сайн гэвэл шөнө бороо орж байсан ч хамаагүй цэцгээ бороонд гаргана, нартай газар удаан байвал хатдаг гэж зөвлөвөл өдөржин сүүдэр дагуулж цэцгээ маллана. Өглөө босоод л цэцэгнийхээ навчийг тоолж тоосыг нь арчина. Одоо тэр цэцэг нь олон салаа навчтай час улаан саглагар цэцэг болсон. Зунжин арчилсан тэр цэцгээ гэртээ л байлгана гэсэн.

Есдүгээр сарын  1-ний өглөө аав, охин хоёр ямар ч цэцэггүй сургуульдаа очно оо.

М.НЯМСАЙХАН
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж