Хөвсгөлийн 1538 багш сургалтад хамрагджээ

Хуучирсан мэдээ: 2013.08.14-нд нийтлэгдсэн

Хөвсгөлийн 1538 багш сургалтад хамрагджээ

Багшийн мэргэжил дээшлүүлэх институт Хөвсгөлийн 1538 багшийг сургалтад хамруулжээ.

Монголын Улсын Засгийн газрын бодлогын хүрээнд Боловсрол шинжлэх ухааны яам “Хүүхэд бүрийг хөгжүүлье” гэсэн зоригтой, бас ч үгүй нэлээн хүч хөдөлмөр шаардсан зорилтыг өмнөө тавиад байгаа билээ. Энэ зорилгыг үндэсний хэмжээнд хэрэгжүүлэх үүргийг яамны харьяа байгууллагууд тэр дундаа Багшийн мэргэжил дээшлүүлэх институт нуруун дээрээ үүрч Монголын 27 мянган багш нараар дамжуулан манай улсын ирээдүй болсон 500 мянган хүүхэд багачуудад хүрэхийг зорин ажиллаж байна.

Ажил эхлээд жил хүрэхгүй хугацаа өнгөрч байгаа ч тодорхой үр дүн гарч эхлээд байна. Багшийн мэргэжил дээшлүүлэх институт нь өнөөдрийн байдлаар 20 мянган багшид танхимын сургалтыг хүргээд байгаа юм. Ингэхдээ хөдөө орон нутгийн багш нарыг аль болохоор орон нутагт нь очиж сургалт хийх, хот руу дуудан зардал мөнгө гаргахаас зайлсхийж байгаа юм. Боловсрол шинжлэх ухааны яаманд шууд харьяалагдах тус  байгууллага нь энэ наймдугаар сард гэхэд дөрвөн аймгаас сургалт зохион байгуулах захиалга хүлээж аваад байна. Эхний ээлжинд Хөвсгөл аймаг хамрагдаж энэ сарын 5,6,7-ны өдрүүдэд тус аймгийн Ерөнхий боловсрол,  сургуулийн өмнөх боловсролын 1538 багш, эрхлэгч, захирал арга зүйчид хамрагдлаа. Багшийн мэргэжил дээшлүүлэх институтээс сургалтын зохион байгуулалтыг шинэлгээр хийж багш нарыг мэргэжил, хичээлээр нь ангилан 12 бүлэгт хуваасан байна.

Эдгээр багуудад Багшийн мэргэжил дээшлүүлэх институтийн арга зүйчид нэг багт 4-5 багш байхаар хуваарилалтанд орон гурван өдрийн турш ажилласан байна.  Сургалт “Хүүхэд нэг бүрийг хөгжүүлэх сургалтын арга зүй, технологи” сэдвийн дор явагдсан.  Институтийн захирал Г.Сүглэгмаагийн хэлснээр “Энэ нь ямар нэгэн цоо шинэ технологи биш мөн өмнөх олон сургалт арга зүйг үгүйсгэсэн зүйл биш, харин багш таны туршлага мэдлэгийг улам баяжуулах,  өмнө сурсан, одоо амьдрал дээр хэрэгжүүлж байгаа таны арга барил, технологийг улам төгс болгох зорилготой сургалт юм шүү” гэдгийг хэлж байсан.

Сургалтын төгсгөлд оролцогчдын санал сэтгэгдлээс үзэхэд “багш бүр арга зүйгээ өөрчлөх хэрэгтэй юм байна” гэдгээ ойлгосон, “хүүхэд бүрдээ тохирсон жорыг бид ольё, тунгыг нь таарсан ном сурах бичиг хэрэгтэй юм байна”, “багш бид хандлагаа өөрчилье”, “хүүхэд нэг бүрээ маш сайн судлая”, “юуг нь ойлгохгүй байгаа юм бэ? гэж асуухын оронд аль хэсгийг нь ойлгож байсан бэ гэж асуудаг болноо” гэсэн сэтгэл зүй, хандлагатай болсон байлаа. Цаашид ийм хэлбэрийн сургалтыг жил бүр тогтмол авч байх хүсэлттэй байгаагаа илэрхийлсэн. Мөн энэхүү сургалтыг зохион байгуулахад хамтран ажилласан НҮБ-ын Хүүхдийн сангийн хамт олон Багшийн мэргэжил дээшлүүлэх институтийн зүгээс талархал илэрхийлж байна.

А.АМАР
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж