
Үүнд хөл бөмбөгийн дэлхийн аварга шалгаруулах тэмцээн нь бүтэн сарын турш зохион байгуулагдах ба тоглолтын хуваариуд нь Монгол орны хувьд ихэвчлэн оройн цагаар таарч байгаа. Ийнхүү үзэгч, хөгжөөн дэмжигчдийн хамтран үзэх дуртай их спортыг аятай тухтай сонирхох орчныг бүрдүүлэх талаар нийслэлийн зүгээс тодорхой арга хэмжээ авах шаардлагатай байна. Хөл бөмбөг сонирхогч залуус, хөгжөөн дэмжигчдийн дийлэнх нь тэмцээнийг бөөнөөрөө, олон нийтийн үйлчилгээний газарт үзэж сонирхох хүсэлтээ илэрхийлж байна.
Архидан согтуурахтай тэмцэх тухай хуулийн 7.8-д “Согтууруулах ундаа худалдах, түүгээр үйлчлэх зөвшөөрөлтэй худалдаа, үйлчилгээний газарт 00-06 цагт согтууруулах ундаа худалдах, түүгээр үйлчлэхийг хориглоно” гэж заасан байдаг. Хуулиар бол 00-06 цаг хүртэл согтууруулах ундаа худалдах, түүгээр үйлчлэхийг хориглосноос бус, 00-06 хүртэл үйл ажиллагаа эрхлэхийг хориглоогүй болно.
Иймд үйлчилгээний газруудын үйл ажиллагаанд дэмжлэг үзүүлж, хөл бөмбөгийн тэмцээн үзэх нөхцөл боломжийг бүрдүүлэн ажиллаж байгаа газруудын 00-06 цагт явуулах үйл ажиллагааг хуулийн дагуу дэмжин ажиллахыг зөвлөж байна гэж Ерөнхий сайдын зүгээс Хотын даргад хандаж өгсөн үүргийг Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дарга, сайд Ч.Хүрэлбаатар Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч Г.Мөнхбаярт уламжиллаа хэмээн Засгийн газрын Хэвлэл, мэдээллийн албанаас дамжууллаа.