Тэд хүссэндээ хүрч Мурсиг орлох нэгэн гарч ирсэн. Эхэндээ засаглалыг эсэргүүцэх өнгө аястай эхэлсэн энэ жагсаал сүүлдээ эмх замбараагүй байдалд хүрч олон хүний амь насыг авч одоод байна. Египеm улстай нэг бүс нутагт орших Тунис ч мөн ялгаагүй жагсаал цуглааны хөлд дарагдаад буй. Учир нь засгийн толгойд байгаа хүмүүс Тунисийг туйлдуулж, эдийн засгийн уналт, авлигын цэцэглэлтийг улам өөхшүүлсэн хэмээн тэд үзэж буй. Тунис одоогоор ямар нэгэн хүссэн зүйлдээ хүрээгүй байгаа. Хэрвээ тэд дахин сонгууль зарлаж чадах юм бол жагсаалаа эцэслэнэ гэдгээ амласан.
Дахиад 10 Египет
Сарын өмнө Египетэд эхэлсэн жагсаал цуглаанаас болж 16 хүн амиа алдаад байлаа. Одоо энэ тоо 10-аар нэмэгдсэн. Кайр хоттой зэргэлдээ хотууд бүгд үймээн, самууны хөлд дарагдсан. Яг энэ байдалтай холбоотойгоор Египетийн сөрөг хүчнийхэн Адли Мансурыг жинхлэх талаар ярилцаж эхэллээ. НҮБ-ын судалгаагаар Африкийн хамгийн аюултай хотоор тодруулаад байгаа бөгөөд сүүлийн хоёр сарын туршид 27 хүн амиа алдсан гэх судалгаа гарчээ. Хэрвээ бэртэж гэмтэж хүмүүсийг нэмбэл бараг 500-г хол давна. Египетчүүд энэ бүхнийг хүсч тэмцсэн гэж үү? Асуулт нь одооохондоо тодорхойгүй байна. Албан бус мэдээллийг иш үндсээ болгох юм бол Муслимийн ахан дүүс бүлэглэл болон Аль Кайдачууд цугласан олныг турхирах үйлдлийг хийж байгаа гэх. Бүр зэвсэглэлээр ч хангадаг байж болзошгүй байна. Тийм ч учраас муж, хотуудад жагсаал, цуглаан биш хүчирхийлэл, харгислал хэрээс хэтэрсэн гэдгийг олон хүн хэлж буй. Хосни Мубаракийн засаглалын үед Египетийн эдийн засаг туйлдсан уу гэвэл тэгсэн. Гэхдээ тухайн үедээ энэ байдал нь ард иргэдэд мэдрэгдээгүй байсан юм. Халамж, тэтгэвэр өндөртэй, төрийн ажилчид хангалуун байлаа. Гагцхүү үг хэлэх үзэл бодлоо илэрхийлэх, засаглалыг шүүмжлэх эрх хэнд ч байгаагүй юм. Мубаракыг эс тооцвол шүү дээ. 30 гаруй жилийн нэг хүний тоглолтын дараа тайзан дээр ард түмэн гарч ирсэн. Тэд өөрсдийн сонгосон төлөөллөө жилийн өмнө тавцан дээр гаргасан ч сарын өмнө түлхэн унагасан. Одоо Адли Мансур тэднийг түр хугацаанд төлөөлж буй. Латин Америкийн Бразиль улстай холбоо тогтоож, ӨАБНУ-ын дэмжлэгийг аваад байсан энэ улсад одоо үйлдвэрлэл гэхээр юм бараг үгүй болсон. Газрын тосны нөөцөө Хятадын компаниар тогтоолгож, үндсэн ажиллагаагаа энэ ондоо багтаа нээнэ гэж байсан ч үймээн самууны дунд энэ ажил таг чиг болов. Олон улсын валютын сан шаардлагатай санхүүгийн эх үүсвэрийг гаргана гэж байсан ч гаргаж өгөхөө хойшлуулаад байгаа. Үймээн самууны үр дүн нь одоогоор ийм л байна.
Тунис ч гэсэн асч эхэллээ
Нэг бүс нутгийн, ёс заншил, үүх түүх бараг адилхан гэж хэлж болох Тунист мөн л эсэргүүцлийн гал асч байна. Бүх юм зургаан сарын өмнө эхэлсэн. Тухайн үед сөрөг хүчний тэргүүн Шокри Белайдыг буудан хороосон чухам хэн гэдгийг нь албан ёсоор тогтоогоогүй ч эрх баригчид энэ мэдээллийг чихнийхээ хажуугаар өнгөрүүлсэн юм. Чухам ямар нэгэн хариу үйлдэл үзүүлээгүйд Тунисчууд дургүйцэж, жагсаал, цуглааны эх үндсийг тавьсан билээ. Үндсэндээ 2011 онд дэгдсэн Арабын хувьсгалын дүнд иргэдийн чөлөөт саналаар сонгогдсон Монсеф Марзукиг бүх тунисчууд эсэргүүцэж байгаа. Марзуки ч одоохондоо бас л хариу үйлдэл үзүүлээгүй байна. Тунисийн түүхэнд иргэдийн чөлөөт сонголтоор гарч ирсэн ерөнхийлөгч гэх тодотголтой энэ эрхэмийн суудал одоо ганхаад байгаа нь үнэн. Хэрвээ ямар нэгэн үймээн самуун дэгдээхийг хүсэхгүй байгаа л бол тэр суудлаа хэн нэгэнд шилжүүлэх, сонгууль зарлах талаар ямар нэгэн алхам хийх ёстой. Гэхдээ түүнийг шийдсэн шийдээгүй ард иргэд нь түүнийг түлхэн унагах хүчтэй. Учир нь тэр 2011 оны 12 дугаар сараас хойш түр орлон гүйцэтгэгчийн статустай байгаа билээ.
Тунист эдийн засаг туйлын хүнд байгаа. Зине Эль Абедин Бен Алигийн 23 жилийн ноёрхлын дүнд хувийн сектор бараг үгүй болсон. Бүх зүйл төрийн мэдэлд очсон. Хэрвээ ямар нэгэн үйл ажиллагаа явуулдаг бол төрд заавал татвар өгдөг байсан. Энэ бүгдээс шалтгаалаад Тунисийн хөгжил 30-аад жилээр хоцорсон билээ. Гадны томоохон гүрнүүдтэй зөвхөн зэвсэглэл, батлан хамгаалахын салбарт хамтралцаж, гадны хөрөнгө оруулалтыг улсдаа нэг ч татаагүй. Гэсэн атлаа байгалийн баялагаараа чамгүй. Байгалийн хий, уран, газрын тосны нөөцтэй болох нь тогтоогдсон.
Жагсаал цуглааны цар хүрээ үүгээр дуусахгүй. Латин Америкийн Чили, Барзильд эсэргүүцэл өрнөж байна. Испани, Грект ч ялгаагүй эсэргүүцлийн жагсаал өрнөж байгаа. Энэ бүгдийн цаад шалтгаан нь чухам юу гэдгийг тааварлаж чадахгүй. Тийм боломж ч хэн нэгэнд байхгүй. Гэхдээ улс орноо аврах гэсэн цорын ганц хүсэл тэднийг зангидаж байгаа гэж үү…?