“Мандухай цэцэн” роман 32 жилийн дараа хэвлэгдлээ

Хуучирсан мэдээ: 2013.08.14-нд нийтлэгдсэн

“Мандухай цэцэн” роман 32 жилийн дараа хэвлэгдлээ

Төрийн шагналт зохиолч, академич Ш.Нацагдоржийн “Мандухай цэцэн хатан” роман 32 жилийн дараа дахин хэвлэгдлээ. 1981 онд анх хэвлэгдэхдээ уншигчдыг байлдан дагуулж байсан эл роман 1987 онд “Мандухай цэцэн” хэмээх дөрвөн бүлэгт уран сайхны кино болон дэлгэцнээ амилсан юм. Зохиолчийн охин, түүхийн ухааны доктор Н.Ариунгуагийн дурссанаар академич Ш.Нацагдорж анх 1977 онд кино зохиол бичсэн ч МАХН-ын Төв хорооноос Мандухай хатны тухай түүхэн уран сайхны кино хийх ажлыг зогсоох шийдвэр гарснаар роман болгон бичсэн түүхтэй аж. 

Монголын төр, алтан ургийг угсааг таслахгүйн төлөө хуяг нөмөрч, хурц илд барьж, аргамаг агтны нуруун дээр исгэрэх сум, илд жадны дундуур шурган явсан эрэлхэг хатны түүхийг дэлгэцнээ амилуулах гэж тэрээр арав гаруй жил цуцалтгүй хөөцөлдсөнөөр монгол түмний үзэх дуртай мөнхийн бүтээл болсон  “Мандухай цэцэн хатан” кино бүтсэн түүхтэй юм. Зохиогч өөрөө Мандухайн дүрд жүжигчин Б.Цэрэнпагма агсныг тоглуулах бодолтой байсан ч хатан хүн нүүрэндээ мэнгэтэй байх нь зохимжгүй хэмээн Шихэр хатанд сонгон тоглуулж, харин Мандухай хатны дүрд Ардын жүжигчин Н.Сувд шалгаран тоглож байсан гэдэг.

Киноныхоо дараа “Мандухай цэцэн” романы эрэлт улам нэмэгдэж, Герман, Солонгос, Япон хэлээр орчуулагдан, гадаадын хэд хэдэн оронд хэвлэгдэж байжээ. Тэгвэл энэ удаа “Эдмон” компанид хэвлэгдсэн “Мандхай цэцэн” романд зохиогчийн охин, түүхийн ухааны доктор Н.Ариунгуа өмнөтгөл бичиж, хавтасны чимэглэл зургийг  зураач Ж.Цог зуржээ. Сонирхуулахад,  Ж.Цог зураач “Үхэж үл болно Чингис хаан”, “Аравт”, “Долоон бурхан харвадаггүй”, “Ану хатан” зэрэг сүүлийн үеийн бүх томоохон түүхэн кинонд ерөнхий зураачаар ажиллажээ.

32 жилийн дараа ахин хэвлэгдсэн “Мандухай хатан” романыг бүх номын дэлгүүрээр худалдаалж байгаа ажээ.

Э.ТЭКҮ
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж