Нийслэлийн Засаг даргын 2013 оны А/688 дугаар захирамжийн дагуу “Ургамлын харшил тоосжилтыг хязгаарлах, харшил урвалж үзүүлж байгаа ургамлын үрлэлт, тоосжилтыг хязгаарлах цаашид хийх ажил”-уудын талаар Нийслэлийн Байгаль орчин, ногоон хөгжлийн газрын ахлах мэргэжилтэн Ц.БЯМБАСҮРЭНГЭЭС тодрууллаа.
-Хүн амын эрүүл мэндэд сөрөг нөлөөтэй харшил үүсгэгч, өдөөгч үрлэлт, тоосжилт бүхий улиас, хөл газрын буюу шарилж, луулийн төрлийн ургамлуудаас үүссэн харшил ихэсч байна. Үүнийг хэрхэн зогсоох вэ?
-Улиас мод нь хоёр гэрт ургамал бөгөөд эр улиасны тоос нь хавар эрт гарч тоос хүртэлт явагдсанаар 6-р сарын дунд үеэс эм улиасны үрлэлт (хөвөн хаях үзэгдэл)10 орчим хоног явагддаг. Харшил урвалж үзүүлэх байдлаараа эр улиасны тоос нь харшлыг үүсгэгч өвөрмөц идэвхитэй, эм улиаснаас гарах үр нь харшлыг өдөөх онцлогтой нь судалгаагаар тогтоогдсон байдаг. Иймд дээрх харшил өвчлөлд нөлөөлөх үрлэлт, тоосжилтыг хязгаарлах шат дараалсан аргыг эрдэмтэд зөвлөдөг. Нэгдүгээрт, модлог ургамлын нахиа задрахаас өмнө 3-р сарын дунд үеэс 4-р сарын эхэн үед нэг настай мөчрийг танах, хоёрдугаарт, 6 сарын эхээр үр, цэцгийг танах, гуравдугаарт намар навчаа гээсний дараа хавар огтлолт хийгээгүй улиасны огтлолтыг хийх арга болно. Ургамлын таналт, тайралтын технологийг алдсанаас ургамлыг үхэлд хүргэх аюултай бөгөөд нийслэлийн ногоон байгууламжид ийм шалтгаанаар үхсэн улиас цөөнгүй байгаа нь бидний хийсэн тооллогоор батлагдсан.
-Улаанбаатар хотод ургаж буй улиасны үрлэлт, тоосжилтийг хязгаарлах чиглэлээр ямар ажил хийж байна вэ?
-Улаанбаатар хотын ногоон байгууламж 67 000ш улиас мод, 88 га зүлэгт талбайтай (2012 оны жилийн эцсийн тооллогоор). Эдгээрийн 40 орчим хувь нь нийтийн эзэмшлийн зориулалттай. Нийтийн эзэмшлийн ногоон байгууламжийн арчилгаа хамгаалалтын ажлыг Улаанбаатар хотын Захирагчийн ажлын албаны Тохижилт Хог хаягдлын удирдлагын хэлтэс, нийслэлийн Хот тохижилтын газар НӨҮГ хариуцан ажилладаг бөгөөд 2013.04.25-ны өдрийн байдлаар дээрх газруудаас нийтийн эзэмшлийн ногоон байгууламж дахь нийт улиас модны 40 гаруй хувьд нь хэлбэржүүлэх огтлолт хийсэн байна. Ингэснээр 3 жил огтлох шаардлагагүй болдог. Өөрөөр хэлбэл жил бүр тодорхой хувийг огтлоод байхад цагаан хөвөнг 3 жилийн туршид гаргахгүй байх боломжтой юм. Харин харшил урвалж үзүүлэх өвөрмөц идэвхитэй ургамлын тоосжилтыг хязгаарлах ажилд мэргэжлийн байгууллага болон мэргэжлийн бус, эзэмшлийн талбайдаа ногоон байгууламж бүхий иргэд аж ахуйн нэгжүүдийн оролцоо чухал бөгөөд энэхүү ажлыг технологийн дагуу гүйцэтгэхийн тулд тэдэнд зориулсан сургалт, туршилтын ажлыг зохион байгуулах шаардлагатай байна. Нийгмийн эрүүл мэндийг хамгаалах, ургамлын харшил өвчнөөс урьдчилан сэргийлэх мэдлэг олгох ажлуудад эрүүл мэндийн болон байгаль орчны байгууллагууд хамтран зохион байгуулж байна.
-Шарилж, луулийн төрлийн ургамлын харшилтай хүмүүс их байдаг. Үүнээс яаж сэргийлэх вэ?
-Хөл газрын ургамал буюу шарилжны тоосжилт нь харшил үүсгэх, өдөөх хүчтэй нөлөөтэй өвөрмөц тоосжилттой. Тоосжилтыг хязгаарлах гол арга нь таналт тайралт хийх, зүлэгт талбайн арчилгааг технологийн дагуу хийх явдал юм. Өсвөр насны хүүхдүүд болон тодорхой насандаа хүмүүс хөл газрын ургамлын харшил өвчинд эмзэг мэдрэмтгий байдаг. Тухайн насны хүмүүсээр хөл газрын ургамлын таналт тайралт, арчилгааны ажлыг хийлгэх нь эрүүл мэндэд маш хортой. Иймд хөл газрын ургамлын ургалтыг хязгаарлах, ийм төрлийн өвслөг ургамлыг тарих, нэгэнт ургасан хөл газрын ургамлыг зулгаахгүйгээр таналт тайралт хийх, гэх мэт аргыг зөв гүйцэтгэснээр тоосжилтыг хязгаарлах боломжтой. 2013 онд хөл газрын ургамлын тархалт, нягтаршлын зураглал гаргах, тэдгээрийн агаар дахь тоосны хэмжээг тодорхойлох судалгааны ажлыг хийж байна. Энэхүү судалгааны ажлын дүнд ирэх жил хийх ажлын хэмжээ тодорхойлогдох юм. Мөн энэ жил хөл газрын ургамалтай тэмцэх шинэ арга хэлбэрийг сонгох туршилт, судалгааны ажлыг хийж байна, ирэх оноос практикт нэвтрүүлнэ.
![](https://news.mn/wp-content/archive1/news/photo/2013/8/763ec7fb7f2aab86/9830194cef407408big.jpg)