АНУ-ын Төрийн Департментаас санаачилсан нээлттэй, ил тод, хариуцлагатай засаглалыг дэмжих үүргийг улс орнуудын Засгийн газарт хүлээлгэх зорилго бүхий Нээлттэй Засгийн Түншлэлд 2011 оноос хойш дэлхийн улс орнууд нэгдэж эхэлжээ. Одоогийн байдлаар 47 улс тус түншлэлд нэгдэн орсон. Монгол Улс энэхүү түншлэлд нэгдэн орох сонирхолоо илэрхийлээд байна. Нэгдэн ороход өөрийн хүлээх үүргийн хүрээнд нээлттэй засаглалыг бэхжүүлэх чиглэлээр хэрэгжүүлэх үйл ажиллагааны төлөвлөгөөг боловсруулах шаардлагатай байдаг. Төлөвлөгөөг төрийн болон төрийн бус байгууллагууд, олон нийтийн оролцоотой хэлэлцүүлгийн дүнд боловсруулах зарчимтай юм.
Энэ хүрээнд Үйл Ажиллагааны Үндэсний Төлөвлөгөөний төсөлд санал авахаар төрийн байгууллагууд, иргэний нийгмийн болон төрийн бус байгууллагуудын төлөөллийг оролцуулах хэлэлцүүлэг маргааш буюу 2013 оны 8 дугаар сарын 15-ны 10 цагт Төрийн ордны Иргэний танхимд болно. Мөн аймаг, орон нутгийн удирдлагууд болон иргэдийн оролцоо бүхий цахим хэлэлцүүлгийг 2013 оны 8 дугаар сарын 20-ны өдөр 10 цагт Төрийн ордны Нутгийн удирдлагын танхимд зохион байгуулна гэж Засгийн газрын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах албанаас мэдээллээ.