Шинэ ургацын ногоо ямар үнэтэй байна вэ?

Хуучирсан мэдээ: 2013.08.14-нд нийтлэгдсэн

Шинэ ургацын ногоо ямар үнэтэй байна вэ?

Ногоочид хүнсний ногоогоо хэрэглэгчдийн гар дээр шууд хүргэж байна. Ченжүүдэд хямдхан өгч, ашиг орлого гэх зүйлгүй жилийн турш хөдөлмөрлөснийхөө үр шимийг хүртэж чаддаггүй байсан ногоочид “Засгийн газраас эхлүүлсэн энэхүү ажил хэрэглэгч, худалдагчиддаа өгөөжтэй, зохион байгуулалт сайтай байна” гэдгийг онцолж байна. 

Эх орны хөрсөн тариалсан хүнсний ногоог Улаанбаатар хотын хэрэглэгчид бид бүхэн Баянзүрх дүүрэгт Скай худалдааны төв, Чингэлтэй дүүрэгт “Урт цагаан”, Сонгинохайрхан дүүрэгт “Цамбагарав”, Хан-Уулд “Номин” худалдааны төв, Баянголд “Смарт” худалдааны төв, Сүхбаатар дүүрэгт “UB mart”-ын гадна талбайд “Шинэ ногооны худалдаа”-ны төв зэрэг цэгүүдээс худалдаж авах боломжтой юм.

Чингэлтэй дүүрэгт орших “Урт цагаан”-ы гудамжинд шинэ ургацын хүнсний ногоо борлуулж буй худалдааны төвөөр очлоо. Ажлын өдөр, ажлын цаг болоод тэр үү хөл хөдөлгөөн багатай байна.  “Урт цагаан”-д Сэлэнгэ аймгийн Сүхбаатар, Шаамар, Зүүнбүрэн тэргүүтэй сумдын ногоочид өргөн хэрэглээний хүнсний ногоог борлуулж байгаа аж. Энд худалдаалж буй хүнсний ногоо гадуур дэлгүүрүүдэд зарагддгаас 300-650 орчим төгрөгөөр хямд үнэтэй. Мэдээж их хэмжээгээр нь худалдан авбал үнийг нь доош “ярина” гэдгийг худалдаачид хэллээ. “Хэрвээ төмсийг шуудайгаар худалдан авбал кг-ыг нь 500 төгрөгөөр, бүр олон шуудайг авбал түүнээс ч буулгаж болно” хэмээн Сэлэнгэ аймгийн Зүүнбүрэн сумын ногоочин Ч.Отгон хэллээ. Ч.Отгон намартаа ногоогоо хурааж аваад “Скай” их дэлгүүрийн өмнө худалдаалдаг байсан аж. Харин өнгөрсөн хавар Ерөнхий сайд Н.Алтанхуягийг Сэлэнгэ аймагт ажиллах үеэр ногоочид “Намар ургац хураалтын үеэр төмс, хүнсний ногоо, жимс жимсгэнээ Улаанбаатарт борлуулах байр, талбай гаргаж худалдаа эрхлэх боломж олгож өгөөч” гэж хүсэлт тавьсан юм байна. Энэ хүсэлтийн дагуу нийслэлд шинэ ургацын ногоо борлуулах 20 цэг байгуулж, 240 орчим лангуугаар төмс хүнсний ногоо, жимс жимсгэнэ худалдахаар болсон нь ногоочдын ажлыг хөнгөвчилжээ. Харин ногоочдоос лангууны түрээс авахгүй тул хүнсний ногоогоо аль болох хямд үнээр борлуулахыг Засгийн газрын зүгээс уламжилсан байна.

Шинэ ургацын хүнсний ногоо ямар үнэтэй байгааг сонирхуулъя. “Урт цагаан”-д гарсан ногооны худалдаанд төмс, хүнсний ногоог дараах үнээр борлуулж байна.

Төмс – 600 төг /кг/
Байцаа – 500 төг /кг/
Лууван – 1500 төг /кг/
Цагаан лууван – 2000 төг /кг/  
Манжин – 1500 төг /кг/
Орос үрийн бөөрөнхий сонгино – 2000 төг /кг/
Хятад сонгино – 1000 төг /кг/
Шийгуа – 2500 төг /кг/
Помидор – 4000 төг /кг/
Чинжүү – 4000 төг /кг/
Өргөст хэмх – 2500 төг /кг/
Яншуй – 1000 төг /боодол нь/ /кг/
Шанцай – 1000 төг /боодол нь/ /кг/
Хүрэн манжин – 4000 төг /кг/
Хулуу – 1500 төгрөгийн үнэтэй худалдаалж байна.

Харин зарим хэрэглэгчид хүнсний шинэ ургацыг ногоог арай хямдханаар худалдаж авна гэж бодож байсан бололтой. Ченжүүдэд өгдгөөрөө биш юм гэхэд түрээсгүй талбайд худалдаж байгаа учир хүнсний ногоо одоогийн үнээсээ хямд худалдаалах ёстой. Бидний хортой, амтгүй гэж муулсан мөртлөө хүнсэндээ хэрэглэдэг хятад хүнсний ногоо шинэ ургацын ногоогоос хямд байгаа гэж ярьж байна.

Ямартаа ч шинэ ургацын ногооны худалдаа нийслэлийн 28 цэгт аравдугаар сарын 20-ны өдрийг хүртэл үргэлжлэх юм байна. 

Б.БИЛЭГ





NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж