“Шувууны үүр” үзэсгэлэн нээгджээ

Хуучирсан мэдээ: 2010.06.09-нд нийтлэгдсэн

“Шувууны үүр” үзэсгэлэн нээгджээ

Уран бүтээлч Банзардарийн Сайханбаярын “Шувууны үүр” үзэсгэлэн өчигдөр Занаду Арт галерейд нээлтээ хийжээ. Үзэсгэлэнд уран бүтээлчийн 30 гаруй тосон будгийн болон инстолляци тавигдсан байна.
Тэрбээр энэ удаагийн үзэсгэлэнгийн санаагаа шувууны үүртэй нь тайрч орхисон модны мөчрөөс олсон бөгөөд бүх л уран бүтээл нь байгаль хүн хоёрын хоорондын харьцаа өнгөрсөн, одоо, ирээдүйд хэрхэн өөрчлөгдөж болохыг харуулахыг зорьсон байна. Мөн монгол үндэстний соёлын нэгээхэн хэсэг болсон наадам, хурдан хүлгийн талаар сонирхолтой хэлбэрээр дүрсэлсэн нь түүний “Эх орныхоо өв соёлыг хойч үедээ өөрийн бүтээлээр захиа болгон бичиж үлдээж байнаа…” гэж хэлсэнтэй холбоотой ажээ.
“Морины хүүхэд” цуврал бүтээлээс өхөөрдөм жаахан хүүхдүүдийн сэтгэл хөдлөл, сониуч харц зэргийг нүүрнийх нь хөдөлгөөн, донж маягаас харж болох бөгөөд цайруу, гэгээтэй өнгөөр гэнэн, цайлган байдлыг хослуулан дүрсэлжээ. Тэрээр өөрийн уран бүтээлийг хэдхэн үгээр ийнхүү тайлбарлалаа.
“Хязгааргүй орон зай намайг дуудна
Миний мөрөөдөл
Хүн ба урлаг
Шүтээн
Онгод
Агшин
Мэлмий
Энэ зохиолууд намайг амьдруулж надаас илүү ихийг хүсч, сая би урлагт   ойртоно.
Энэ бол миний орон зай, миний ертөнц”  хэмээсэн залуу уран бүтээлчийн ертөнцөөр аялахыг хүсвэл энэ сарын 14-ныг дуустал “Занаду АРТ” галерейд дэлгэгдэх  юм байна.

П.Наран

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж