“Lady Gaga”-гийн ээлжит шуугиан- ”Alejandro”

Хуучирсан мэдээ: 2010.06.09-нд нийтлэгдсэн

“Lady Gaga”-гийн ээлжит шуугиан- ”Alejandro”

2009 онд “Хамгийн сонирхолтой хүмүүс” нэвтрүүлэгт оролцож Барбара Уолтерсд ярилцлага өгч байх үедээ “Lady Gaga” (Лейди Гага) өөрийгөө бисекс гэдгээ илчилж шуугиан тарьсан бөгөөд “Poker Face” дууныхаа клипээр ижил хүйстнүүдийн асуудлыг хөгжмийн ертөнцөд гаргаж тавьж байсан юм. Тэр мөн АНУ-ын Вашингтон хотод ижил хүйстнүүдийн жагсаалд оролцож, “Out” сэтгүүлийн хавтсан дээр зургаа тавиулж, ижил хүйстнүүдийг доромжлохын эсрэг тэмцдэг “GLAAD” байгууллагаас “Гайхалтай жүжигчин” шагнал хүртэж байсан бөгөөд өөр олон үйл ажиллагаанд оролцож байсан. Өнгөрсөн жил “MTV Video Music Awards” шагнал гардуулах ёслолын үеэр тэрээр “Би бурханд болон ижил хүйстнүүдэд талархаж байна” гэж ярьсан юм. Гэхдээ тэр “Alejandro” клип гарах хүртэл урьд нь хэзээ ч өөрийн дууны видео клипнүүдээр энэ үзэл бодлоо ил илэрхийлж байгаагүй.
Өмнөх видеонуудад тэр ирээдүйгээс ирсэн мэт тэргэн дээр сууж, эсвэл асар том угаалгын ваннан дотор байгаагаар, эсвэл Beyonce-тай хамтран адал явдалтай аялалд гарч байгаа мэтээр гардаг. Харин энэхүү сүүлд гаргасан “Alejandro” видеогоо тэр өмнө байгаагүй илүү нухацтай хийсэн байна. Зургийг нь топ загвар өмсөгчдийн зураг авдаг, Мадоннатай хамтран ажилладаг Стивен Клайн авсан байна. Долоон минут үргэлжилдэг энэ видеоныхоо талаар Лейди Гага “энэ бол ижил хүйстнүүд хэрхэн их зориг гаргадаг, яаж нэг нөгөөгөө хайрладгийг би хүндэтгэж, тэднийг хайрладгаа илэрхийлсэн бүтээл болсон” гэж “CNN” агентлагийн Ларри Кингэд өгсөн ярилцлагынхаа үеэр ярьсан байна.

Мэдээж түүний “Alejandro” бүтээл нь дан улс төрийн өнгө аястай сурталчилгаа биш бөгөөд бусад бүтээлүүдийн нэгэн адил яаж ч ойлгож тайлбарлаж болохуйц урлагийн бүтээл болсон. Энэ видео нь “Rhythm Nation” маягийн хэмнэлтэй бөгөөд “хомоэротик маягийн цэргийнх юм шиг хэмнэл нь АНУ-ын армийн Бүү асуу Бүү хэл гэдэг бодлогыг шүүмжилж байгаа юм шиг ойлгогдож болох юм” гэж Лейди Гага ярьсан байна.

Католик маягийн имиж нь түүнтэй зүйрлэгддэг өмнөх үеийн нэрт од, дуучин Мадоннагийн шашны талаарх зөрчилдөөнтэй үзэл бодлыг илэрхийлсэн ч байж магадгүй юм. Мадоннагийн шашны талаарх агуулгатай “Oh Father”, “Like a prayer” зэрэг дуунуудыг тухайн үед нь телевизээр гаргахыг хориглож байсан юм. Ларри Кингтэй ярилцах үеэрээ Лейди Гага “Би шашин гэдэг үүднээс нь сүмтэй яаж харилцах ёстойг мэддэггүй. Би маш шүтлэгтэй. Би багаасаа Католик байдлаар хүмүүжсэн. Би Есүст итгэдэг, би бурханд итгэдэг. Би маш сүнслэг. Гэвч үүнээсээ болж би хэн нэг бүлэг хүмүүсийг ялгаварлаж, арьс өнгөөр ялгаварлахыг хүсэхгүй байна. Аль нэг бүлэг хүмүүс, өөр шашинтнуудыг, эсвэл бэлгийн өөр чиг хандлагатай хүмүүсийг үзэн яддаггүй тийм шашин бараг байдаггүй. Тийм учраас шашин бол хуурамч байх гэж би хувьдаа боддог. Ингэж боддог учраас та миний шашны талаарх үзэл бодлыг их зөрчилтэй гэж хэлсэн ч болно. Би ирээдүйд дэлхий ертөнц илүү тайван амгалан болж, хүмүүс илүү энх тайванлаг шашинтай болоосой гэж мөрөөддөг. Энэ бол миний мөрөөдөл” гэж ярьсан байна. Сүүлд нь тэрээр “Alejandro” видео бол өөрийг нь бишрэн хүндэтгэдэг олон тооны ижил хүйстэн фэнүүддээ зориулж баярлалаа хэмээн барьсан бэлэг гэж хэлсэн.

Мэдээж түүний “Alejandro” видео нь зөрчилтэй, туйлширсан ч байж магадгүй хэдий ч ер нь түүний видеонууд ямар нэгэн шок дагуулж байдагт нь хүмүүс хэдийн дассан. Гэхдээ түүний өөрийнх нь үнэлгээгээр бол “Alejandra” видео нь жаазан дотроо байгаа бөгөөд тэр ямар нэг лаазтай бүжиглээгүй эсвэл ташуур барьж саваагүй харин ч бараг томоотой байсан гэнэ.

Т.Бадрах

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж