
Хүмүүс Ангараг гариг дээр очиж амьдрах сонирхолтой байна. Тэд 2022 оноос хэрэгжиж эхлэх “Ангараг I” төслийн хүрээнд цэнхэр гариг руу буцаж ирэхгүйгээр нэгмөсөн явахаар шийджээ. Эхний ээлжинд зургаан тэрбум ам.долларын санхүүжилт хэрэгтэй байгаа энэ төсөлд оролцохыг хүссэн хүн ердөө 38 ам.доллар төлнө. Тэгээд төсөл амжилттай болбол Анагараг гариг дээр хүн амьдрач болох анхны суурин газрыг байгуулах юм. Ийнхүү хүн төрөлхтөн дэлхийгээс залхаж эхэлсэн бололтой. Хамгийн хачирхалтай нь Ангараг руу очих хүсэлтэй 100 мянган хүн бүртгүүлснээс 30 мянга нь Америкийн иргэн аж. Тэд эрх чөлөөний эх орон, ардчиллын өлгий нутагт амьдарч байгаа ч тэр нь хангалтгүй санагдсан бололтой. Тэгээд ч угаасаа дэлхий дээр амьдрах боломжгүй болчихсон хүн олон бий. Тухайлбал, Эдвард Сноуден байна. Америкийн эрх баригчдаас эмээсэн улс орнууд түүнд цагаачлах эрх өгөх нь битгий хэл, хил рүүгээ ойртуулахаас ч цаараглаж байна. Түүнд улс төрийн орогнол өгсөн Оросыг америкчууд элдвээр дарамталсаар байгаа энэ үед Ангараг дээр амьдрах хүмүүсийн дунд Э.Сноуден багтвал гайхах юм алга. Харин Ангараг гариг суурин газар байгуулах тухайд гэвэл энэ санааг одоо л дөнгөж бодож олж байгаа америкчуудыг харахаар монголчуудаараа бахархах сэтгэл өөрийн эрхгүй төрөх юм. Аль 20-оод жилийн өмнө л бид Ромбо гаригтай харилцаа холбоо тогтоосон улс. Тэр ч байтугай өнгөрсөн хавар бурхан бумбын оронтой нягт хамтарсны ачаар бурхан төрүүлдэг хүнтэй ч болсон юмдаг. Түүнчлэн зарим нэг нь ертөнцийн мөхлийн тухай бусдаас түрүүлж сонсчихоод олон түмэндээ дуулгахын тулд нойр хоолоо умартан телевизийн камер дагаж гүйсэн билээ. Ер нь сүүлийн хэдэн жилийн хугацаанд шинжлэх ухаан судалж, эрдмийн цол зэрэг хамгаалсан ч ер бусын ертөнцийн тухай номлолд итгэж, ирээдүйгээ мэргэлүүлэхийн тулд цан хэнгэрэг барьж, цовхчин бүжиглэх нэгнийг дагаж хошуурах хүмүүс олширсон. Одоо тэгээд чухамдаа тэдний ярьж, хөөрдөг харийн ертөнцөд бид өөсрдөө очих уу, аль эсвэл гариг андуурчихаад яваа тэдний зардлыг нь даагаад Ангараг руу нь бүрмөсөн явуулах уу гэдэг чухал асуудал болчихоод байна.
Т.ЭЛИСАЭх сурвалж: "УЛСТӨРИЙН ТОЙМ" сонин
