Хуучирсан мэдээ: 2013.08.13-нд нийтлэгдсэн

Дэлхийн аль ч орны эдийн засагт аялал жуулчлалын салбар томоохон байр суурь эзэлдэг. Улс орны нэр хүндтэй ч холбож ойлгох нь бий. Манай улсын хувьд аялал жуулч­лалын салбарт их ашиг олох боломжтой. Учир нь манай улсад байгалийн үзэсгэлэн цог­цолсон онгон дагшин газар олон байдаг. Хэдэн газарчин буюу бидний хэлж заншсанаар “гайд”-ууд ёстой л өөрсдийн эзэмшсэн ур чадвараараа гадны жуулчдаас мөнгө авдаг нь үнэн. Уг нь нэг талаараа бол хувийн компани, хувь хүмүүс лаагаа иднэ үү, луувангаа иднэ үү өөрсдийнх нь дур. Гэхдээ тэд Монгол Улсын нүүр царай болдог учраас тоохгүй байхын аргагүй. Ямартай ч үүнтэй холбогдуулан очсон газрынхаа сонин тохиолдлуудаас дурьдъя.
Монголчуудын бахархдаг “Эл­сэн тасархай”-д очлоо. Биднийг машинаас буух хооронд хэдэн тэмээгээ хөтөлсөн малчид “Тэмээ унах уу, тэмээ унах уу” хэмээн дайрчих шахан урд хойгуур гүйлдэх аж. Улаанбаатарын уна­ган хүү надад хөдөө нутаг, тэмээн сүрэг сайхан санагдсан учир элдвийг бодсон ч үгүй. Тэгээд ойролцоогоор 100 метр хүрэхгүй газар тэмээ уна­хад 2000-3000 төгрөг байх юм. Гэтэл миний хажууд машинтай гадны жуулчид ирэв. Нутгийн иргэд ч, газарчин эмэгтэй ч бушуухан шиг хоорондоо нүд ирмээд авах нь тэр. За тэгээд хүн тус бүрийн тэмээ унах төлбөрийг мань хоёр ч будилуулж өгч байгааг нь харах эвгүй санагдах шиг. Ямар ч гэсэн гадны жуулчин тэмээ унахын тулд 20 орчим мянган төгрөг төлөх шаардлагатай болсон юм. Өмнөөс нь санаа зовох ч шиг. Гэсэн хэдий ч харийн хүний өмнө эх орон нэгтнийгээ эвгүй байдалд оруулаад дэмий санагдаад чимээгүй л өнгөрлөө.

Жуулчид ч тэмээгээ унан зураг хөргөө авхуулан, зугаатай байлаа. Ямар ч гэсэн тэмээний эзэн, газарчин, жуулчин гэлтгүй бүгд л сэтгэл хангалуун цааш аяллаа үргэлжлүүлцгээсэн юм. Харин газарчин эмэгтэй тэндээс явахын өмнө тэмээчин залууд хандаж “За, амжилт. Дараа долоо хоногт францчуудыг авчирна аа” хэмээн жогтой инээмсэглэв. Тэгээд жуулчдыг машиндаа суулгаад явж одов.

Аялал маань цааш үргэлжилж, “Эрдэнэ зуу” хийдэд ирлээ. Тоолж томшгүй олон цайны газар. Зуны сайхан цагаар хөдөө амар ч явааг ч хэлэх үү, нутгийн хуушуур идмээр санагдаад явчихав. Тэгээд нөгөө олон цайны газрын нэгэнд нь орж, хуушуур захиалаад хүлээж суулаа. Тэгтэл гадны нэг жуулчин гүйж ороод хэдэн хуушуур аваад гарах болтой. Би ч яахав хүлээгээд л сууна. Тэгж, тэгж “Яав, ийв” гээд асуутал үйлчлэгч нь “Өө, чамайг яараагүй юм байх гэж бодоод түрүүний шар үстэй нөхөрт хэдийг өгчихлөө. Чи дахиад хүлээчих ээ” гэж авдаг байгаа. Бидний чанга ярилцахыг сонссон харийн жуулчид нэлээд гайхаж байгаа бололтой гараад явав. “Улсынхаа нэрийг л бод” гэж дотроо бод­соор би үйлчлэгчтэй элдвээр мар­галдахаас татгалзаж, чимээгүй хүлээн тэвчээр заав.

Дараа нь “Эр­дэнэ зуу” хийдэд очлоо. Үүдэнд нь тайлбарлагчид зогсож байгаа бололтой “За та хүлээж байгаарай. Өөр хүмүүс ирэхээр би тайлбарлаж эхэлнэ” хэмээв. Хэсэг жуулчид ирэв. Тайлбарлагч ч биднийг дагуулан хийдийн музейг тайлбарлаж эхлэв. Ажиглаад байсан тайлбарлагч нь англи хэл үнэхээр сайн сурсан байх юм. Хийдийн гарал, түүх, эд хогшил гээд бүх зүйлийг яг таг ойлгомжтой тайлбарлаж өг­лөө. Гэхдээ мэдээж гадаадаар. Монголчууд олон бол Монголоор, гад­ны жуулчид олон бол англиар тайлбар хийдэг аж. Тэнд байсан жуулчдын нэг болох бразиль залуу ч надтай англиар ойлголцох хэмжээнд олон сэдвээр ярилцлаа. Жуулчид тайлбарлагчид өөрсдийн талархлыг илэрхийлэн хоёр, тав, 10 ам.доллараар гарыг нь цайлгаж байх юм. Тайлбарлагч маань ч урам орсон шинжтэй “Би та бүхэнд өөр юугаар туслах вэ” хэмээн инээд алдав. Хажуунаас нь хөтөч эмэгтэй ч явах цаг болсоныг анхааруулж байгаа бололтой. Тэднээс салаад би нэгэн хийдийн хажууд өөр нэг залуутай тааралдав. Зам зуур тааралдсаны хувьд хаанаас ирснийг нь сонирхоод амжлаа. Гэвч мань эр надтай нэг ч үг дуу гарахгүй өөр тийш харан алга болов. Би гад­ны жуулчдыг арай өөрөөр төсөөлж байсан юм. За тэр ч яахав. Хажуунаас хөтөч нь бололтой нэг монгол залуу “Битгий санаа зов. Наадах эр чинь АНУ-аас ирсэн юм. Манайд гурав дахь удаагаа ирсэн гэсэн. Өмнө нь манайхан гомдоосон бололтой, сонин ааш үе, үе гаргаад байдаг юм. Би ч худлаа инээгээд л гүйгээд байна шүү дээ” хэмээн намайг бүүр ихээр гайхшруулж чадлаа.

Жуулчид янз бүрийн л зорилготой манай улсад ирдэг байх. Аялах, амрах, ажил хэрэг гэх мэт. Үүнийгээ дагаад янз бүрийн сэтгэгдэлтэй нутаг буцдаг болов уу. Энэхүү харилцаа холбоо нь улсын нэр хүндтэй холбоотой байхаас өөр аргагүй гэдгийг өөрийн биеэр мэдэрсэн ч жуулчидтай харьцах ганц л дүрэм байдаг гэдгийг сайн ойлгосон. Мөн аялал жуулчлалын салбараас бага гэлтгүй ашиг олох олон арга байгаа болоод уулын ам болгонд амралт, байгалийн үзэсгэлэнт газар болгонд хэн нэгэн өөрийн бизнесийг эрхэлж байгаа нь сайн хэрэг. Гэхдээ жуулчидтай харьцах харилцаа, тэдэнд хандах хандлагад ганц зүйл нөлөөлдөг зүйл үнэхээр хүчтэй. Арга ч үгүй биз, хүн бүр сайхан амьдралын төлөө ямар нэг зүйлийг золиосолдог шүү дээ. Үйлчилгээ сайн байна гэдэг, ахиухан мөнгө авах эхлэл. Харин үйлчилгээ үзүүлэхийн гол мөн чанар нь харилцаа холбоо. Найрсаг байх, долигнох, бялдуучлах, үнэнч шударга байх гээд бүхий л зан чанар чухал болоод хүссэн хүсээгүй худал инээх цаг ирдэг бололтой. Жуулчдад үзүүлж буй үйлчилгээний хэлбэрт “сайн долигнох” гэсэн ойлголт газар, газ­рын хүмүүст бий.

Б.БААТАР

Эх сурвалж: "УЛСТӨРИЙН ТОЙМ" сонин

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж