Энэ талаар Үйлдвэр, хөдөө аж ахуйн яамны Газар тариалангийн бодлогын хэрэгжилтийг зохицуулах газрын Ахлах мэргэжилтэн Н.Оюунсувдаас тодрууллаа.
-Одоогийн байдлаар ургац ямаршуухан байна вэ?
-Энэ жил нийт 7,1 мянган га талбайд хүнсний ногоо тариалснаас өнөөдрийн байдлаар 3,5 мянган тонн хүнсний ногоо, 1000 тонн нарийн ногоо хураан авсан. Сүүлийн өдрүүдэд тариалангийн бүс нутгуудаар бороо үргэлжлэн орж хүйтэрч байгаагаас ургац хураалт түрдээ зогссон. Одоо түүвэрлэн хураалт хийж байна.
-Нийслэлд эрт ургацын ногоо зарах ногоочдын ирц муу байгаа нь юунаас шалтгаалсан юм бол. Лангуу хүрэлцээгүй байна уу?
-Үндсэндээ гурван цэгт ногоочдын оролцоо, худалдаа жигдэрчихсэн байна. Энэ жилийн хувьд лангуу хангалттай байгаа. Үлдсэн ногоочдоос энэ сарын 15-наас юм уу 25-наас зогсч эхлэх тухайгаа мэдэгдсэн. Дийлэнх нь хураасан төмс, ногоогоо аймгаасаа авчрах зэргээр хувийн бэлтгэлүүдээ хангаж дуусаад наашилж байгаа нь энэ л дээ.
-Иргэдийн хувьд шинэ ногооны үнэ өндөр гэж шүүмжилж байгаа. Үнийг бууруулах боломж бий юу?
-Үнийн асуудалд яам оролцохгүй ч хураалт жигдрээд ургац өсөөд ирэхээр ногоочид маань үнээ бууруулах магадлал өндөр. Одоо борлуулалт жигдрээгүй байгаа учраас хүлэмжийн ногооны ургац 800-1000 төгрөгөөр худалдаж байна. Цаашдаа ногоочид бүгд нийслэлд ирж, худалдан борлуулалт жигдрээд эхэлвэл төмс 500 төгрөг, хүнсний ногоо бөөндөө 600 төгрөгт ороод ирэх боломжтой.
-Хүнсний ногооны дотоодын хэрэглээгээ хангах бүрэн боломжтой гэдэг. Ер нь хэзээнээс хэрхэн хангах боломжтой вэ?
-2016 он хүртэл төмс, хүнсний ногооны хөтөлбөрийг Засгийн газраас батлуулаад, тодорхой хэмжээний санхүүгийн дэмжлэг үзүүлэх, үр, шатахуун, сорт, ургамал хамгаалал, усалгаа, тоног төхөөрөмжөө сайжруулбал 2016 оны дотор хүнсний ногоогоор дотоодоо бүрэн хангах боломжтой. Хамгийн гол нь сүүлийн үед их яригдах болсон агуулах, савны асуудал шүү дээ. Улсын хэмжээнд 173 мянган тонн механикжсан болон энгийн агуулах ажиллаж байна. Агуулах дутагдалтай учраас 2011 оноос хойш энэ асуудалд эрчимтэй анхаарсаны дүнд энэ жил гэхэд 35 мянган тонн багтаамжтай зоорь хүлээж авахаас өнөөдрийн байдлаар 25 мянган тонн агуулах хүлээж аваад байна.