
В.И.Лениний музейн өмчлөлийн шүүх хурал таван удаа зарлагдсан боловч дөрвөн удаа ашиглагч тал буюу МАН-ын хүсэлтээр хойшилж байсан. Ингээд тав дахь удаа шүүх хурал зарлагдаж, анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж, Лениний музейн барилга бол төрийн өмч мөн гэдгийг тогтоожээ. Анхан шатны шүүх хурал асуудлыг шийдвэрлэсэн учраас ССАЖЯ-ны зүгээс музейн барилгаа хүлээн авч шинэ музей байгуулах ажилдаа орох гэсэн боловч МАН Нийслэлийн шүүхэд давж заалджээ. Нийслэлийн шүүхэд давж заалдсаны дараа МАН-аас мөн завсарлага авч, шүүх хурлыг хойшлуулсан юм. Энэ сарын 9-нд шүүх хуралдаж анхан шатны шүүхийн шийдвэрийг үндэслэлтэй гэж үзээд МАН-ын нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгосон. Ийнхүү Лениний музейг МАН-ынх бус Төрийн өмч гэж шүүхийн шийдвэр хэвээр үлджээ.
МАН давж заалдахгүй гэдэгт итгэлтэй байна. Хэрэв МАН-аас давж заалдвал дахин хоёр сар энэ хэргийг авч хэлэлцэх шаардлагатай болох гэнэ. Гэвч их цаг хугацаа өнгөрчихвөл соёлын үнэт өвүүдийг хаана байлгах асуудал улам хүндрэлтэй болно. Мөн Лениний музейн ерөнхий дэвтэрт музейд байдаг бүх л олдворуудыг бичсэн байдаг аж. Харин МАН-аас уг дэвтрийг долдугаар сарын 1-ний үеэр галд шатсан гэж мэдэгдээд байгаа ажээ. Мөн баримтат кино болон бусад материалуудыг шүүн үзсэний үндсэн дээр Лениний музейд 4970 гаруй үзмэр байгаа аж. Гэвч уг үзмэрүүдээс хичнээн нь одоо байгааг хэлж мэдэх боломжгүй байгаа аж. Тиймээс энэ асуудлаар Цагдаагийн газарт хүсэлт гарган шалгуулж байгааг дуулгалаа. Мөн АНУ-аас олон үлэг гүрвэлүүдийн үнэт олдворуудыг хүргүүлж авч ирэхээр манайд мэдэгдээд байгаа аж.
Хэвлэлийн хурлын үеэр ССАЖЯ-ны Төрийн нарийн бичгийн дарга П.Алтангэрэл сэтгүүлчдийн асуултад хариулт өглөө.-Үзмэрийн тухай дахиад тодруулахгүй юу. Ямар, ямар үзмэр дутсан юм бол?
-МАН-ын талаас бүртгэлийн ерөнхий дэвтрийг өгөхгүй байгаа. Энэхүү дэвтэр шатсан гэсэн тайлбарыг хийсээр байна. Баримтат кино болон бусад материалуудыг шүүн үзсэний үндсэн дээр Лениний музейд 4970 гаруй үзмэр байгааг бүртгэж авсан. Гэвч уг үзмэрүүдээс хичнээн нь байгааг хэлж мэдэх боломжгүй байна. Тиймээс бид хичнээн үзвэр дутсаныг мэдэхгүй байна.
-Танай яам үзмэрээ хүлээж аваагүй гэсэн үг үү?
-Үзмэр, музейгээ аль, алийг нь хүлээж аваагүй. Үзмэр маань хаана явааг ч мэдэхгүй байна.
-МАН-ынхан дахин давж заалдвал талбай дээрх Батаарыг яах вэ?
-МАН-ынхан одоо дахин давж заалдахгүйгээр өгчих байх гэж найдаж байна. Хэрвээ давж заалдвал бид ямар нэгэн арга хэмжээ авах болно.