Аврал эрсэн Алтайн зарим нутгаар

Хуучирсан мэдээ: 2013.08.13-нд нийтлэгдсэн

Аврал эрсэн Алтайн зарим нутгаар

“Ер нь бол Байгаль орчин, ногоон хөгжлийн яам болон Монголын хүний эрхийн үндэсний комисс манай уурхайг /”Алтайн хүдэр” ХХК-ийн Таяннуурын уурхай/ зогсоох эрхгүй юм билээ… Бид БОНХЯ-ны даалгаврыг биелүүлэхээр өдөр хоногтой уралдан ажиллаж байна” гэж Говь-Алтай аймгийн Цээл сумд төмрийн хүдэр олборлодог “Алтайн хүдэр” ХХК-ийн Таяннуурын уурхайн гүйцэтгэх захирал Р.Тогтохбаяр малчидтай хийсэн хурлын үеэр хэлсэн юм. Харин өдгөө тус компанийн зам тавих ажил зогссон байгаа билээ.


Хурлаас өмнө,

Говь-Алтай аймгийн Цээл сумын Дэрстэй багийн малчид “Алтайн хүдэр” ХХК-ийн Таяннуурын уурхайн удирдлагуудаас 168,3 км шороон замын тээвэрлэлтээ зогсоохыг хүсчээ. Учир нь, малчид намаржаандаа буух болж, малын уушигны өвчлөлийн гол шалтгаан болоод буй тоос шороогүй орчинг хүссэн хэрэг.

Малчдын 2013 оны долдугаар сарын 29-нд Таяннуурын уурхайн захиргаанд хүргүүлсэн хүсэлтийг товчлон хүргэвэл,

-Сайн байна уу? Та бүхэнд энэ өдрийн мэнд хүргэе. Танай компани Говь-Алтай аймгийн болон орон нутгийн иргэдийг ажилд авч, тодорхой хэмжээний хувь нэмэр оруулж ирсэнд нэн тэргүүнд талархаж явдгаа илэрхийлье. Гэвч танай компанийн 2009 оноос хойш төмрийн хүдэр тээвэрлэж буй шороон зам нь малчид бидний үнэлэшгүй эд хөрөнгө, өв уламжлал болох бэлчээрийн мал аж ахуйд сүүлийн жилүүдэд хохирол учруулсаар байна.

Үүнийг Байгаль орчин, ногоон хөгжлийн яамны шалгалтаар тогтоосон болно. БОНХЯ-ны шалгалтын дүгнэлтээр Таян нуурын төмрийн хүдрийн уурхайгаас Бургастай хилийн боомт хүртэлх 168,3 км авто замд хатуу хучилт хийгээгүйгээс, түүнчлэн уурхай, баяжуулах үйлдвэрийн тоосжилтоос Цээл сумын байгаль орчин бохирдож, хөрс бэлчээр доройтох, хүн, малын эрүүл мэндэд сөргөөр нөлөөлөх, авто замын осол аваар гарах үндсэн нөхцөл бүрдсэн байна гэжээ.

Монгол Улсын Засгийн газар танай компанийн Таяннуурын уурхайгаас Бургастайн хилийн боомт хүртэлх 168,3 км авто замаас 2013 онд барихаар төлөвлөсөн 80 км замын эхний хэсгийг 2013 оны зугаадугаар сарын 15-ны дотор, үлдэх хэсгийг 2013 ондоо багтааж, 2014 онд замыг бүрэн хэмжээгээр барьж ашиглалтад оруулахыг даалгасан байдаг. 

Мөн малчид биднээс жишээ болгон Улсын мал эмнэлэг, ариун цэврийн лабораторид хүргүүлсэн малын уушиг “Тоосжих эмгэгтэй” гэдэг нь тогтоогдсон болно.

Түүнчлэн Монгол Улсын хүний эрхийн үндэсний комисс хүн эрүүл аюулгүй орчинд ажиллаж, амьдрах эрх зөрчигдөж байгааг тогтоон, хатуу хучилттай замаа тавихыг шаардсан байна.

Малчид бид наймдугаар сарын 10-ны өдрийг хойш намаржаа бууна. Тэр үеэр шороо тоосгүй орчинд малаа бэлчээрлүүлэх, амьдрах эрхтэй гэж ойлгож байгаа.  
Тиймээс танай компани Монгол Улсын хуулиа биелүүлж, малчид бидний байгаль орчноо хамгаалах үүргийг хүндэтгэн, тээвэрлэлтээ зогсооно уу.

Хэрвээ энэхүү хууль бус тээвэрлэлтээ үргэлжлүүлсээр байвал 2013 оны наймдугаар сарын 1-ний өдрийн 11.00 цагаас эхлэн, шороон замын тээвэрлэлтийг зогсоох болохыг үүгээр мэдэгдэж байна. Танай компанийг хуулиа биелүүлж, малчид бидний хүсэлтийг хүлээн авна гэдэгт итгэлтэй байна” гэжээ.

2013 оны дөрөвдүгээр сарын 13-15-ны өдрүүдэд БОНХЯ-ны Хүрээлэн буй орчин, байгалийн нөөцийн газрын дарга Д.Энхбатаар удирдуулсан ажлын хэсэг “Алтайн хүдэр” ХХК-ийн үйл ажиллагаанд хяналт шалгалт хийсэн юм. Шалгалтын үеэр яамны ажлын хэсгийн Говь-Алтай аймгийн Цээл сумын иргэдийн санал бодол, “Алтайн хүдэр” ХХК-ийн удирдлагуудын хийхээр төлөвлөж буй ажлуудыг тус, тусад нь сонссон юм. Байгаль орчин ногоон хөгжлийн яамны шалгалтын хэсгийг Говь-Алтай аймгийн Цээл сумын Таяннуурын уурхайд хийсэн шалгалтыг сэтгүүлч би дагалдан явж сурвалжилсан юм. Учир нь, Б.Ойнбилэг миний бие Говь-Алтай аймгийн Цээл сумын гуравдугаар баг буюу Дэрстэй багт төрж өссөн. Хэдий нутгаасаа хол, багаасаа мөрөөдөж, эзэмшсэн сэтгүүлч мэргэжлээрээ Улаанбаатар хотод ажиллаж байгаа ч төрж, өссөн цэлгэр тал, Алтайн нурууны салбар уулс болох Хар азарга, Таянгийн нуруугаа өдөр бүр сэтгэлдээ зураглаж, явдаг юм. Өдий зэрэгтэй яваагаа ч аав, ээж, нутгийн ах дүүс, уул ус минь түшсэнийх гэж сүсэглэдэг. Тиймээс төрсөн нутгийн иргэдийн ашиг хөндөгдөж буй энэ мэт томоохон асуудал ядмагхан сэтгүүлч миний чихнээс холуур өнгөрөөгүй юм.

Шалгалтаар “Алтайн хүдэр” ХХК-ийн Таяннуурын төмрийн хүдрийн уурхай, баяжуулах үйлдвэрийн тоосжилтоос Цээл сумын байгаль орчин бохирдож, хөрс бэлчээр доройтох, хүн, малын эрүүл мэндэд сөргөөр нөлөөлөх, авто замын осол аваар гарах үндсэн нөхцөл бүрдсэн нь илэрсэн юм.

Монгол орны эдийн засгийн хөгжил зөвхөн уул уурхайгаас хамаарч, хөрсөн доорх баялгаа өмнөд хөрш рүү түүхийгээр нь зөөхгүйгээр оршин тогтнох үндэсгүй мэтээр төрийн эрх баригчид сэтгэнэ. Тэгвэл монгол хүнийг үүссэнээс өдийг хүртэл дампуураагүй цорын ганц салбар бол мал аж ахуй гэдгийг мартах ёсгүй. Тиймээс малчид мал сүргээ, өвөг дээдсээс үлдээсэн энэ агуу өв уламжлалаа хамгаалах, төр засгаар хамгаалуулахаар бүрэн эрхтэй.

Үүнийг ч батлах мэт Монгол Улсын үндсэн хуулийн тавдугаар зүйлд “Мал сүрэг бол үндэсний баялаг мөн бөгөөд төрийн хамгаалалтад байна” гэж заасан.

Харин Говь-Алтай аймгийн Цээл сумын зарим айл өрхийн малын уушиг Улсын мал эмнэлэг, ариун цэврийн төв лаборатори /УМЭАЦТЛ/-ийн 2013 оны зургаадугаар сарын 7-нд гаргасан дүгнэлтээр “Уушигны цулцангуудад үрэвсэл үүсч, гематит, цахиурын аморф ба талстууд илрэв. Пнеимокониозис буюу уушиг тоосжих эмгэг гэж тогтоолоо” гэжээ. Энэ өвчин юунаас болж үүсдэг, ямар аюултай талаар УМЭАЦТЛ-ийн дэд захирал Н.Цэрэнчимэд “Өнөөдөр” сонины 2013 оны долдугаар сарын 8-ны дугаарт Эрэн сурвалжлах албаны сэтгүүлч Г.Цолмонд өгсөн ярилцлагадаа, 

-Тоосноос үүдэн уушиг гэмтээх өвчнийг гурван төрөлд хуваан үздэг. Селекозис, пнеимокониозис, антрикониозис гэсэн тоосжилт бий. Үүнээс Говь-Алтай аймгийн Цээл сумаас ирсэн гурван малчны малын уушигнаас төмрийн хүдрийн уурхайн тоосжилттой холбоотойгоор үүсэх пнеимокониозис нь илэрсэн. Антрикониозис нь нүүрсний уурхайн тоосжилтоос үүсдэг. ДЭМБ-ынхны хамгийн том асуудал болж байгаа, эмчлэгдэхгүй, эмчилж чадахгүй хоёр өвчний нэг нь тоосжилт юм. Төмрийн хүдрийн уурхайн тоосжилт өвс, агаар зэргээр дамжин мал, амьтны биед орж өвчин үүсгэдэг. Аморф буюу наанги шавар байдлаар, нөгөө нь хүний нүдэнд харагдахгүй, кристалл буюу талст хэлбэрээр уушгинд тогтдог юм. Тоосжилтоос үүс сэн өвчин мал, амьтны дарх лааг сулруулж, янз бүрийн бактераар өвчлөх шалтгаан болдог. Үүнээс болж хүн 10-15 жил хөдөлмөрийн чадвараа алддаг бол мал амьтан ашиг шимээ алдаж, амар хан өвчилдөг. Зөвхөн “Алтайн хүдэр”-ийн уурхайгаар тогтохгүй “Эрдэнэт”-ийн цагаан тоосноос болж мал өвчилж байгааг 2006-2007 оны үед тогтоосон. Харамсалтай нь “Эрдэнэт” үйлдвэрийнхэн тоосжилтын талаарх дүгнэлтийг хав дарж, нуусан юм билээ. Уушгийг өвчлүүлэхээс гадна ходоодонд бөөнтөх өвчин бас үүссэн. Уурхайгаас ашигт малтмал тээвэрлэж буй зам дагуу бэлчиж буй малын ходоодонд гурав дахь төрлийн бөөнтөх гэдэг шинэ өвчин үүсдэг. Тиймээс манай улс хөгжлийнхөө нэг чиглэлийг уул уурхай гэж үзэж буй бол ашигт малтмал ашиглах гэж буй компаниудаар замыг нь эхэлж тавиулж, тоос босгохгүй байх нөхцөлийг бүрдүүлэх хэрэгтэй байна” гэжээ.

Харин энэхүү малын уушигны дүгнэлтийг “Алтайн хүдэр” ХХК-ийн удирдлагууд хууль бус хувийн эмнэлгээр, албаар манай компанийн эсрэг гаргуулсан гэж үзсэн байна. Үнэн мөн хэзээд ялдаг учир “Алтайн хүдэр” ХХК тоосжилтоор өвдсөн малын уушгийг өөрсдөө шинжлүүлснийхээ дараа итгэнэ биз ээ.

2013 оны наймдугаар сарын 1. Говь-Алтай аймгийн Цээл сумын Дэрстэй багийн төвд болсон хурал.

Дэрстэй багийн иргэд “Алтайн хүдэр” ХХК-ийн Таяннуурын уурхайг хууль бус тээвэрлэлтээ зогсоохгүй бол замын хаана гэдгээ захиргаанд нь хүргүүлжээ.

БОНХ-ийн сайд С.Оюун “Алтайн хүдэр” ХХК-д Таян нуурын уурхайгаас Бургастайн хилийн боомт хүртэлх 168,3 км авто замаас 2013 онд барихаар төлөвлөсөн 80 км замын эхний хэсгийг 2013 оны 06-р сарын 15-ны дотор, үлдэх хэсгийг 2013 ондоо багтааж, 2014 онд замыг бүрэн хэмжээгээр барьж ашиглалтад оруулахыг даалгасан байдаг. Гэтэл 2013 оны наймдугаар сарын 1-ний өдрийн байдлаар хатуу хучилттай нэг ч км зам тавиагүй байна.

Монголын хүний эрхийн үндэсний комисс 2013 оны долдугаар сарын 1-нд Алтайн хүдэр ХХК-ийг хүний эрүүл аюулгүй орчинд амьдрах эрхийг зөрчиж байгааг тогтоон, хатуу хучилттай замыг тавих хүртлээ тээвэрлэлтээ зогсоохыг шаардсан байдаг. Шаардлага хүргүүлсээр байтал 168,3 км шороон замаар тээвэрлэлтээ хийсээр байгаа юм. Тиймээс тус компанийн тээвэрлэлтийг хууль бус гэж малчид үзсэн байна.

Ингээд Дэрстэй багийн малчид Монгол Улсын хуулиас дээгүүр, эд хөрөнгө болох мадыг хордуулж буй энэ компанийг хэрхэх талаар хуралдлаа. 

Малчин М.Хүрэлбаяр өчигдөр идшиндээ хэрэглэсэн ямааныхаа уушгийг авчирсан байв. Уушиг хар хүрэнтэж, дундуур нь идээ бээр гүйж байгааг дарга нар төлөөлөгчид харсан. Мөн муулсан малынх нь ходоодноос эрхийн хуруун чинээ бөөнтсөн зүйл гарч ирснийг авчирсан байлаа.

Тээвэрлэлтээ зогсоохыг хүсч, зогсоохгүй бол зам хаахаар болсныг дуулаад Говь-Алтай аймгийн Төрийн захиргаа удирдлагын хэлтсийн дарга н.Ууган-Эрдэнээр ахлуулсан ажлын хэсэг иргэдээ хэрэг төвөгт орохоос сэргийлэх үүднээс Дэрстэй багийн хурал дээр иржээ. Энэхүү хуралд Цээл сумын засаг дарга А.Түдэв, ИТХ-ын нарийн бичиг А.Цанжид, Дэрстэй багийн засаг дарга, Иргэдийн нийтийн төлөөлөгчид ирсэн байлаа.

Аймгаас ирсэн ажлын хэсэг иргэдэд жагсаал цуглаан хийх хууль дүрмийг танилцууллаа. Хэрвээ энд цугларсан иргэд “Алтайн хүдэр” ХХК-ийн шороон замын тээвэрлэлтийн зогсоох юм бол бүгд шүүхэд дуудагдах шинжтэй. Иргэдээ хамгаалахаар ирсэн үү, эсвэл хууль дүрмээр далайлгахаар ирсэн юм уу гэдгийг үнэндээ ойлгосонгүй.

Мөн БОНХЯ “Алтай хүдэр” ХХК-д өгсөн үүрэг даалгаврынхаа хугацааг сунгасныг аймгийн төлөөлөгчид иргэдэд дуулгалаа. “Алтайн хүдэр” ХХК найман сарын хугацаанд 80 км зам тавьж чадахгүй нь ойлгомжтой. Учир нь тус компани 2009 оноос хойш зам тавина гэж ярьж, өдгөө доод суурийг барихаар ажиллаж, 22 км замд хатуу хучилтын доорх хэсгийг ашиглалтанд оруулжээ. Яамны өгсөн даалгаврыг харсан малчид “Ашгүй дээ, Яам шахаж байгаад одоо л нэг замыг тавиулах нь” гэж хүлээн авчээ. Харин “Алтайн хүдэр” ХХК-ийн шалтаг тоочсоор хугацааг сунгуулж авсан ч БОНХЯ-ны Хүрээлэн буй орчин, байгалийн нөөцийн газрын дарга Д.Энхбатын гарын үсэгтэй энэхүү бичигт “Шороо тоосоо бужигнуулан, тээвэрлэлтээ хийж болно” гэсэн үг алга.

Харин малын өвчилсөн уушгийг авахаас “Алтайн хүдэр” ХХК-ийн удирдлага, Говь-Алтай аймгийн ажлын хэсгийнхэн татгалзлаа.

Иргэд “Замаа тавиач ээ. Өнгөрсөн жилийн аравдугаар сарын 6-нд болсон хурлаар “Алтайн хүдэр” ХХК 168,3 км замаа 2013 оны гуравдугаар улиралд барьж дуусгах Засгийн газрын даалгавартай уралдан ажиллаж байна. Та бүхэн түр хүлээчих гээд яриад байсан. Энэ юу болов? Малчид бид замаа тавьчих, тоосоо багасгачих гэснээс өөр юу ч хүсээгүй. 100 төгрөг ч нэхээгүй. Хэрвээ танай компани тээврээ зогсоогоод, тоосоо босгохоо болин, замаа тавиад эхэлбэл бид ч гэсэн очоод ажилд чинь туслая” гэдгээ хуралд ирсэн дарга нар, “Алтайн хүдэр” ХХК-ийн Таяннуурын уурхайн удирдлагуудад хэлсэн юм.

Мөн малчид иргэддээ тулгамдаж буй асуудлыг шийдвэрлэж чадахгүй байгаа Сумын засаг дарга, Дэрстэй багийн засаг дарга, Дэрстэй багийн иргэдийн нийтийн хурлын төлөөлөгчдийг “суудлаа суллахыг” хурал дээр сануулсан юм.

Хурлаар “Алтайн хүдэр” ХХК есдүгээр сарын 15-ны өдөр гэхэд БОНХЯ-ны өгсөн даалгаврын 60 км замын 90 хувийг хийгээгүй тохиолдолд тээвэрлэлтээ зогсооно гэсэн хэлцэлд хүрэв.

Хурлын дараа,

“Алтайн хүдэр” ХХК-ийн гүйцэтгэх захирал Р.Тогтохбаяр Говь-Алтайн аймгийн шүүхэд гомдол гаргажээ. Энэхүү гомдлын мөрөөр Говь-Алтай аймгийн Прокурорын газар болон Цагдаагийн эрүүгийн гэмт хэргээс урьдчилан сэргийлэх тээвэрлэлтээ зогсоохыг хүсч, гарын үсэг зурсан малчдын гэрээр очиж, хэн зохион байгуулсан, ямар зорилгоор хурал хийснийг тодруулж, хүн нэг бүрчлэн байцаалт авсан байна.

Нам гээд намчирхдаг үзэл бас үнэний хэрэгтэй зүйл бололтой шүү. Говь-Алтай аймаг бол хэзээ ч “цэнхэртээгүй” газар. Ардчилсан хувьсгал ялснаас хойш ганцхан МАН-ын нөхдүүд Говь-Алтай гэх үзэсгэлэнт байгаль, уудам тайван ухаант ард түмнийг удирдаж буй. Нэг ёсондоо бол сөрөг хүчний үгээр дутаж, сонгогдсон хэдэн даргын эрх мэдлээр өдийг хүрсэн. Хэлэх хүнгүй дураар загнаж ирснийг аймгийн төвөөс нь л харахад хангалттай. Зэрэгцээ орших Баянхонгор, Ховд аймгийн төв хөгжөөд, хүрээгээ тэлсэн байна. Харин Алтай хот маань яг байсан хэвээрээ. Хөгжил дэвшил гэгч энэ нутгаас “нүүрээ буруулсан юм уу” гэмээр харагддаг.

 Өдгөө хүний эрх, эрх чөлөөг дээдэлсэн ардчилсан нийгэм гэдгийг Говь-Алтай аймгийн удирдлагууд нэг л сайн ойлгохгүй байна уу даа. Эсвэл “Алтайн хүдэр” ХХК-ийн хандив нэрээр өгсөн мөнгө “чөдөр тушаа” болоод байна уу. Бүр аймгийн 18 сумыг тэжээдэг гэж “Алтайн хүдэр” ХХК-ийнханд тал засаад байна уу. Үүний аль нь болохыг ёстой чөтгөр бүү мэдэг.

Ямартаа ч Говь-Алтай аймгийн Прокурорын газар 2010 оны долдугаар сарын 6-нд 70 жилийн ойд зориулан хандиваар гурван сая төгрөг, 2012 оны наймдугаар сарын 6-нд засвар үйлчилгээ, тохижилтдоо зургаан сая төгрөг, мөн 2012 оны арваннэгдүгээр сарын 12-нд дөрвөн сая төгрөг хандивласан байдаг.

Монгол Улсын Үндсэн хуулиар Засаг захиргаа болон Прокурорын байгууллагууд улсын нэгдсэн төсвөөс санхүүждэг. Эдгээр байгууллага иргэн, хуулийн этгээд, байгууллагаас хандив тусламж авахыг хориглосон байдаг. Мөн 2012 оны тавдугаар сарын 1-нээс хүчин төгөлдөр мөрдсөн Сонирхлын зөрчлийн хуулийг ноцтойгоор зөрчсөн юм. Сонирхлын зөрчлийн хуулийн 17 буюу Хандив авахтай холбоотой хязгаарлалт гэсэн зүйлийн 1-д “Албан тушаалтан, төрийн болон орон нутгийн захиргаа нь иргэн, хуулийн этгээдээс бэлэг, бусад санхүүгийн туслалцааг нийтийн хэрэгцээнд зориулан авах, хүсэхийг хориглоно” гэж тусгасан бий.

Бас болоогүй 2010 оны 12 дугаар сарын 16-нд Говь-Алтай аймгийн Засаг даргын Тамгын газрын шинэ жилийн сүлд модны наадамд 4 сая 685 мянган төгрөг хандивласан гэх баримтууд тодорхой байгаа юм. Засаг даргын Тамгын газар шинэ жилийнхээ сүлд модны наадмыг хувийн компанийн төрийн бус байгууллагаар тэтгүүлсэн нь сонирхолтой.

“Алтайн хүдэр” ХХК нийгмийн хариуцлагыг өндөрт өргөдөг гэдэг. 2012 оны байдлаар тус компани нэг тэрбум 116 сая төгрөгийг “Шинэ эрин хөгжил сан” ТББ-аараа дамжуулан Говь-Алтай аймагт өгчээ. Тэгвэл үүний 450 сая нь УИХ-ын гишүүн Ж.Энхбаярын эзэмшилтэй “Алтайн Эрин” ТББ-ын данс руу “Алтайн хүдэр” ХХК-ийн “Шинэ эрин хөгжил сан”-гаар дамжин орсон байна. Бараг л тэн хагас нь гэсэн үг. Тэгэхээр Говь-Алтай аймгаас сонгогдсон Ж.Энхбаяр гишүүн энэхүү мөнгийг Алтайнхаа ард түмэнд зарцуулсан бололтой. УИХ-д нутгийн иргэдийн төлөөлж гарчихаад, “хүний юмаар хүүдэгнэх” тийм ч олигтой зүйл биш л баймаар санагддаг.

Говь-Алтай аймгийн Цээл сумд болсон иргэдийн хууль ёсны хүсэлтийг хүргүүлэх үеэр сэтгүүлч миний бие байсан болно. БОХНЯ-ны шалгалтын үеэр Дэрстэй багийн иргэдийн санал бодлыг сурвалжлагадаа оруулж чадаагүй болно. Тиймээс нутгийн ах дүүсээрээ орж, тэднийхээ үзэл бодлыг сонсч, өөрийн мэдэх зарим мэдээ, мэдээллийг хүргэсэн юм. Хүн болгон үзэл бодлоо чөлөөтэй илэрхийлж, хэвлэн нийтлэх Монгол Улсын Үндсэн хуулиар олгосон язгуур эрх юм. Энэхүү язгуур эрх Говь-Алтай аймаг зөрчигдсөн эсэхийг судлуулахаар холбогдох байгууллагуудад биечлэн хүргүүллээ.

Үүний хариуд иргэдийг турхирч байгаад “Алтайн хүдэр” ХХК-ийн үйл ажиллагаа, нэр хүндэд халдсан гэх муу нэр зүүх шив. Төрж, өссөн нутагтаа очиж, өөрийн чадах хэмжээгээр хувь нэмэр оруулахсан гэж залуу хүний гэнэн сэтгэлээр мөрөөдөх л юм. Гэвч “Аавын бийд хүнтэй танилц, агтны бийд газар үз” гэдэг үгтэй. Сурч, боловсорч, мэдэх зүйл их байна. Одоохондоо үр хойчийнхоо төлөө, бидний үр хүүхдийн төлөө үгээ хэлж, буруудаж буй Говь-Алтай аймгийн Цээл сумын Дэрстэй багийнхаа ахан дүүстэйгээ санал нэг байж, мэргэжлийн ёс зүйгээ сахин, нэг талыг хэт барилгүй, тулгамдаж буй асуудлыг төр засгийн чихэнд хүргэхээр мэрийхээс өөр хийж чадах зүйл даан ч алга даа. 

“Алтайн хүдэр” ХХК-ийн Таяннуурын уурхайн булхайг дэлгэвэл Говь-Алтай аймгийн дарга нарын асуудал хөндөгдөнө. Яг л бул чулууг хөшихөд газар нь хөдөлдөгтэй зүйрлэж болно” гэж Алтай нутгийн уужим ухаант иргэд ярьдаг.

Аймгийн засаг дарга Ш.Амгаланбаярыг малчдын өмнө тулгамдаж буй асуудлыг сонсохоор хурал хийсэн гэж өдий хүртэл сонссонгүй. Харин “Алтайн хүдэр” ХХК-ийн урагшаа ахихгүй байгаа замын нээлт дээр тууз хайчлаад зогсч байхыг телевизээр харсан. Нэгэн компанийн эрх ашгийн төлөө говь, хангай хосолсон нутагтаа эрүүл аюулгүй орчинд амьдрах эрхтэй иргэдээ дээрэлхээд байна уу, та гэж асуухсан. Мөн та феодалийн нийгмийн үеийн хошууны ноён биш гэдгийг нь ч дуулгахсан. Аврал эрсэн байгалиа харж, амар тайван ард иргэдийнхээ үгийг нэг сонсоод үзээрэй, Засаг дарга Ш.Амгаланбаяр минь.  


Говь-Алтай аймгийн Цээл сумын Дэрстэй багийн малчин Ж.Мөнхтөрийн ямааны уушигны Улсын мал эмнэлэг, ариун цэврийн лабораторийн шинжилгээний хариу 




Б.ОЙНБИЛЭГ
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж