Их, дээд сургуулиудад шаардлага хүргүүллээ

Хуучирсан мэдээ: 2013.08.13-нд нийтлэгдсэн

Их, дээд сургуулиудад шаардлага хүргүүллээ

Монголын оюутны холбооноос их, дээд сургуулиудын сургалтын төлбөр нэмэгдсэнтэй холбогдуулан шаардлага хүргүүлсэн талаар өнөөдөр мэдээлэл хийлээ.  МОХ-ны шаардлагад, 2012-2013 оны хичээлийн жилд сургалтын төлбөрөө нэмэгдүүлэх замаар хуримтлуулсан хөрөнгийн зарцуулалтыг олон нийтэд нээлттэй болгож суралцагчид, эцэг эхчүүдэд тайлагнах,  нэг оюутанд үзүүлэх үйлчилгээнд зарцуулах зардлын хэмжээг бодитойгоор тогтоох замаар сургалтын төлбөрийн хэмжээг тооцох аргачлалыг боловсронгуй болгох, санхүүгийн ил тод нээлттэй байх зарчмыг баримтлах, сургалтын төлбөрийг инфляцийн түвшинтэй уялдуулан нэмэх зэрэг шаардлагыг хүргүүлсэн байна. Шаардлагыг биелүүлээгүй тохиолдолд МОХ-ны зүгээс эсэргүүцлийн үйл ажиллагаа зохион байгуулах бөгөөд сургалтын төлбөрөө нэмэгдүүлсэн сургуулийн нэр хүндэд халдах болно гэдгээ мэдэгдлээ.

Жил бүр сургалтын төлбөр нэмдэг уламжлал бараг л тогтчихсон нь сүүлийн жилүүдийн намар хичээлийн шинэ жил эхлэхийн өмнө байдаг л нэг маргаан болж. Өнгөрсөн жил гэхэд их, дээд сургуулиуд сургалтын төлбөрөө 15-20 хувь нэмэгдүүлсэн судалгаа байгаа юм. Энэ жил мөн л их, дээд сургуулиуд төлбөрөө нэмэгдүүлсэн байна. Одоогийн байдлаар МУИС-ийн сургалтын төлбөр 50 хувь, ШУТИС 10-13 хувь, МУБИС, ҮБТДС зэрэг сургуулиуд сургалтын төлбөрөө нэмэх шийдвэр гаргасан байна. Тиймээс МОХ-оос сургалтын төлбөрийг нэмэхдээ  инфляцийн түвшинтэй уялдуулан тогтоох ёстой хэмээн үзэж байгаа гэлээ.

Б.АРИУНТУЯА
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж