Залуучуудын өдрийг тэмдэглэнэ

Хуучирсан мэдээ: 2013.08.13-нд нийтлэгдсэн

Залуучуудын өдрийг тэмдэглэнэ

Хүн амын хөгжил, нийгмийн хамгааллын сайд С.Эрдэнэ, Монголын залуучуудын холбооны ерөнхийлөгч А.Мөнхбат, НҮБ-ын Залуучуудын асуудлаархи ажлын албаны дарга Мохамед Фолл нар өнөөдөр мэдээлэл хийлээ. Жил бүрийн наймдугаар сарын 25-нийг Монголын залуучуудын өдөр болгон тэмдэглэдэг уламжлалын дагуу энэ удаагийн залуучуудын өдрийг тэмдэглэх болсонтой холбоотойгоор тэмдэглэн өнгөрүүлэх үйл ажиллагааг танилцууллаа.

Олон улсын залуучуудын өдөр наймдугаар сарын 12-ны өдрөөс эхэлдэг бол 2003 оноос Монгол Улсад наймдугаар сарын 25-ны өдрийг Залуучуудын өдөр болгон тэмдэглэдэг уламжлатай билээ. Энэ жилийн Олон улсын залуучуудын өдрийг “Залуучууд ба улс дамнасан шилжилт хөдөлгөөн” сэдвийн дор зохион байгуулж байгаа аж.

Монгол Улс сүүлийн жилүүдэд хүн амын шилжих хөдөлгөөн эрчимтэй нэмэгдэж байгаа нь бодлогоор авч үзэх тулгамдсан асуудал болсныг Хүн амын хөгжил, нийгмийн хамгааллын сайд С.Эрдэнэ онцоллоо. Монгол Улсын нийт хүн амд тухай жилд шилжин ирэгсдийн эзлэх хувь дунджаар 4-4,3 хувь байдаг бөгөөд 15-19 насны охид 9,6 хувь, 20-24 насын эрэгтэйчүүд есөн хувь байдаг аж. Энэ нь сургуульд суралцахтай холбоотой байдаг юм байна. Мөн гадаад руу явах залуучуудын шилжих хөдөлгөөн эрчимтэй явагдсан хэвээр байгааг албаныхан хэлж буй. Тодруулбал 67,1 мянган залуучууд гадаад улс орнуудад сурч, ажиллаж амьдарч байгаа нь нийт залуучуудын 7,1 хувь гэсэн албан бус тоо байдаг аж.

Хүн амын хөгжил, нийгмийн хамгаалллын яам, Монголын залуучуудын холбоо, НҮБ хамтран Залуучуудын өдрийг тохиолдуулан төрийн болон төрийн бус байгууллагуудын төрийн захиргааны төв байгууллагуудын залуучуудын хөгжлийн асуудал хариуцсан мэргэжилтнүүдийн мэдээлэл солилцох уулзалтыг зохион байгуулах, “Залуучуудын хөгжил 2013-2017” төслийн хүрээнд 15 аймаг, есөн дүүрэгт Залуучуудын хөгжлийн төв байгуулах ажиллагааг эхлүүлэхээр болжээ. Анхны Залуучууд хөгжлийн төвийг Дархан-Уул аймагт нээх юм байна. Залуучуудын өдрийн хүрээнд Хүн амын хөгжил, нийгмийн хамгааллын сайд С.Эрдэнэ Уул уурхайн дагасан хүн амын тэр дундаа залуучуудын шилжилт хөдөлгөөн, түүнийг дагасан нийгмийн асуудлуудад бүх түвшний анхаарлыг хандуулах, уул уурхайн салбарт ажиллаж буй залуучуудын өмнө тулгамдаж буй асуудал, шийдвэрлэх арга замыг тодорхойлох зорилгоор Өмнөговь аймагт ажиллах, орон нутгийн болон тус аймагт ажиллаж буй иргэд, залуучуудын төлөөлөлтэй уулзалт зохион байгуулах, зарим уурхайн үйл ажиллагаатай танилцах зэрэг олон арга хэмжээг зохион байгуулахаар төлөвлөжээ.

Ш.ЧИМЭГ
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж