
Жижиг зээл нь малчин, хувиараа хөдөлмөр эрхлэгч болон нөхөрлөл, хоршоо байгуулах иргэнийг үйлдвэрлэл үйлчилгээ эхлэх болон өргөтгөхөд, мөн шинээр ажлын байр бий болгоход зориулагдах бөгөөд зээлийн хугацаа хоёр жил хүртэл, нэг ажлын байранд ноогдох дундаж өртөг 1.0 сая төгрөгөөс илүүгүй, эхний удаа малчин, хувиараа хөдөлмөр эрхлэгчдэд 5.0 сая хүртэл төгрөг, нөхөрлөл, хоршоо байгуулах иргэнд 10.0 сая хүртэл төгрөгийн зээлийг сарын 0,85-аас илүүгүй хүүтэйгээр 2 жил хүртэл хугацаагаар олгох юм.
Энэ жил тус аймагт жижиг зээлийн эх үүсвэрт 350.0 сая төгрөгийн хөрөнгийг хуваарилсан байна. Нийт зээлдэгчийн 15-аас доошгүй хувь нь гэр хорооллын иргэд, 15-аас доошгүй хувь нь малчид, 10 хүртэлх хувь нь хөгжлийн бэрхшээлтэй иргэд байх заалттай юм байна. Иргэд өөрсдийн төслөө аймгийн Хөдөлмөрийн хэлтэст өгч, тодорхойлолт гаргуулан ажлын байр бий болгох гэрээ хийх бөгөөд энэхүү тодорхойлолтыг үндэслэн арилжааны банк зээл олгоно. Ажлын байрыг НДШ-ээр баталгаажуулах бөгөөд гэрээгээр хүлээсэн ажлын байраа бий болгоогүй, НДШ төлөөгүй нөхцөлд зээлийг эргүүлэн татах хүртэл арга хэмжээ авна.
Мөн зорилтот бүлэгт хамаарах иргэн зээлд хамрагдвал 2 сая хүртэлх төгрөгийн зээлийг хүүгээс чөлөөлөх дэмжлэгийг үзүүлэх юм. Зээлтэй холбоотой дэлгэрэнгүй мэдээллийг аймгийн Хөдөлмөрийн хэлтсээс авна.