Бүтээн байгуулалтын ажил үргэлжилж байна

Хуучирсан мэдээ: 2013.08.12-нд нийтлэгдсэн

Бүтээн байгуулалтын ажил үргэлжилж байна

Засгийн газрын гишүүд буюу бүх сайд нарын оролцдог даваа гариг бүр “Бүтээн байгуулалтын цаг” уулзалт өнөөдөр боллоо.

Энэ удаагийн хуралдаанаар нийслэл болон орон нутагт явагдаж буй зам засвар, шинэчлэлийн ажлын талаар ярилцсан юм.

Сургууль, цэцэрлэгийн засвар 45 хувьтай байна

Нийслэлийн Засаг дарга Э.Бат-Үүл өнгөрсөн долоо хоногт  нийслэлд хийгдэж буй зам засварын болон бүтээн байгуулалтын ажлын талаар сайд нарын уулзалтад танилцуулав. Одоогийн байдлаар Улсын төсвийн хөрөнгө оруулалтаар хийгдэж буй Нисэхийн чиглэлийн 16,6 км замын нэг талын урсгалыг нээсэн байгаа бөгөөд одоогоор хийгдэж буй замаас нийт хоёр зам хаалттай байгаа бол үлдсэн нь зорчих хэсгээ нээсэн байгаа ажээ. Мөн гэр хорооллын дахин төлөвлөлтийн дагуу талбай, суурийн ажил эхэлсэн байгаа гэнэ. Улсын төсвийн хөрөнгө оруулалтаар нийслэлд хийгдэж буй сургуулийн засварын ажил 45 хувьтай байгаа бөгөөд хугацаандаа амжиж хийгдэнэ гэдгийг Хотын датга Э.Бат-Үүл танилцууллаа.

Нийслэлд түгжрэл үүсгэж буй Батоникийн зам, Чингисийн хөшөө явах зам, Мишээл экспогийн арын зам зэрэг хэсгүүд хэзээ ашиглалтад орохыг Ерөнхий сайд Н.Алтанхуяг хотын даргаас тодруулсан юм.

Үүнд хариулснаар, Батоникийн замын ажил он дамжин үргэлжлэх бөгөөд арваннэгдүгээр сарын 1 гэхэд гэрээ нь дуусах аж. Харин Цонжинболдог хүрэх замд өнөөдөр шинээр зургаан км замыг нээж, нийт 11 км замыг шинээр ашиглалтад оруулаад байна.  Харин бусад замын хувьд ажил эхлээд явж байгаа гэж албаныхан танилцууллаа. Засгийн газрын хуралдаанаар нийслэлийн дахин төлөвлөлтөд 85 тэрбум төгрөг төсөвлөсөн ч үүнийг одоо болтол ашиглаагүй байгааг Ерөнхий сайд шүүмжлээд, Засгийн газраас бүтээн байгуулалтад зарцуул гэж мөнгө гаргаж өгч байгаа учраас үр бүтээлтэй ашиглахыг санууллаа.

Зам тээврийн яам “сануулга” авав

Засгийн газраас энэ жил зургаан аймгийг хатуу хучилттай замаар холбохоор ажиллаж байгаа. Энэ ажлын хүрээнд Зам тээврийн сайд А.Гансүх замын ажилтай танилцсан байна. Энэ онд орон нутгийн замуудаас хамгийн эхнийх нь болох Улаанбаатар-Баянхонгорын чиглэлийн зам наймдугаар сарын 24-нд ашиглалтад орох бол Дорноговь аймгийг нийслэлтэй холбосон замыг есдүгээр сарын 5-нд ашиглалтад хүлээж авах аж. Мөн Дундговь аймгийн замыг арваннэгдүгээр сарын 1-нд ашиглалтанд орно гэдгийг Зам тээврийн сайд танилцуулсан юм. Зарим орон нутгийн зам засварын ажил саатсан, хугацаандаа дуусахгүй зэрэг ажил харагдаж байгаа учраас Зам тээврийн яам энэ асуудалд анхаарч ажиллахыг Ерөнхий сайд санууллаа. Ийм байдал тус яаманд олон удаа тохиолдож байгаа учраас дахин асуудал гаргахгүй байхыг тэрбээр хатуу анхааруулсан юм.


Замын үүд “түгжрэхгүй”

Өнгөрсөн дөрөвдүгээр сард Ерөнхий сайд тэргүүтэй ажлын хэсгийнхэн Замын-Үүдэд ажилласан. Ингэхдээ Замын-Үүд боомтыг өргөжүүлэх ажлыг 2-3 сард багтаан хийх үүрэг өгсний дагуу өчигдөр Замын-Үүд боомтод өргөтгөл нээсэн байна. Өргөтгөл нээгдсэнээр суудлын автомашин, ачааны машинд тусдаа үйлчлэх бөгөөд энэ нь иргэдэд хүндрэл учруулахгүй, боомтын үйл ажиллагааг чирэгдэлгүй хүргэх зэрэг олон давуу талтай болж байгаа гэдгийг Эдийн засгийн хөгжлийн сайд Н.Батбаяр онцоллоо.

Мөн тус яамнаас "Гудамж" төслийн хүрээнд нийт 33 уулзварыг ашиглалтад оруулахаар ажиллаж байгаа гэдгээ онцлов. Одоогоор найман уулзварын ажил үргэлжилж байгаа бол замын ачааллыг бууруулах бусад ажил графикийн дагуу явагдаж байна. Салбарын сайдынх нь мэдээлснээр Туул голын дагуух хурдны зам тавих ажлын маршрут бэлэн болсон бөгөөд Засгийн газрын хуралдаанаар хэлэлцүүлэхээр бэлтгэсэн байгаа талаар тэрээр мэдэгдэж байлаа.

Ш.ЧИМЭГ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж