Эрүүдэх сандлыг Хятадын талд буцаана

Хуучирсан мэдээ: 2013.08.12-нд нийтлэгдсэн

Эрүүдэх сандлыг Хятадын талд буцаана

Цагдаагийн ерөнхий газраас аймаг, хот, орон  нутаг, төвийн цагдаагийн хэлтсийн мөрдөн байцаагч, хэсгийн төлөөлөгчдийн албан хэрэгцээнд зориулж, мөрдөн байцаалтын ажиллагаанд хэрэглэх тусгай сандал тараасан тухай, энэхүү сандлыг буцаан татах болсон тухай өмнө мэдээлж байсан. Харин энэхүү эрүүдэн шүүх сандлыг хэрхэх болсон талаар Хууль зүйн сайд Х.Тэмүүжингээс тодруулсан юм.

Тэрээр “Эрүүдэн шүүх сандлыг татах ажиллагаа явж байгаа. Хүний эрхийн үндэсний комиссоос Эрүүдэн шүүхтэй холбоотой сандлын тухай гомдлыг Хууль зүйн яаманд ирүүлсэн. Хууль зүйн яамнаас шалгалт явуулсан. Өмнөх Засгийн газрын үед Сандаг-Очир гэх хүн Цагдаагийн дарга байх үед сандал авах шийдвэр гарсан юм байна билээ. Энэ сандлыг мөрдөн байцаах үйл ажиллагаанд хэрэглэх зорилгоор Хууль зүйн яаманд хэлж, мэдэгдэлгүйгээр тараасан тухай асуудал хөндөгдсөн. Үүнтэй холбогдуулан цагдаагийн тэргүүн дэд даргыг үүрэгт ажлаас нь чөлөөлсөн. “Энэ сандлуудыг татаж ав, яагаад мэдэгдээгүй тухай мэдээллээ өг” гэх албан шаардлагыг Хууль зүйн яамнаас тавьсаар атал Цагдаагийн газраас Прокурорын газарт хандан “Сандлыг хэрэглэх зөвшөөрөл" хүссэн хүсэлтийг явуулсан байсан. Яамны бодлого болон хууль тогтоомж, нэгдэн орсон олон улсын гэрээ, олон улсын түвшинд Монгол Улсын нэр хүндэд санаатай ч гэмээр таагүй ажлыг зохион байгуулсан учраас хариуцлага тооцсон. Сандлуудыг татаж авах ажил дуусч байгаа. Сандлыг нийлүүлсэн Хятадын компанитай гэрээ хэлцэл хийж байгаа. Сандлыг нь буцааж өгөөд, оронд нь хэв журам сахиулах болон цагдаагийн албан хаагчдын хэвийн үйл ажиллагаа явуулахтай холбоотой өөр тоног төхөөрөмж авах бололцоо юу байна гэдгийг ярилцаж байгаа. Мөн энэ сандлын асуудлаас гадна цаашид энэ мэт алдаа дутагдал гаргахгүй байхын тулд холбогдох дүрэм журмыг сайжруулахаар ажиллаж байна. Тухайлбал, иргэний эрх чөлөөтэй холбоотой, хязгаарлахтай холбоотой тоног төхөөрөмжийг хууль сахиулах байгууллагын дотор хэрэглэх шийд гаргах гэж байгаа бол зөвхөн Хууль зүйн яамнаас зөвшөөрөл авч гаргадаг журамд шилжиж байна. Яамны болоод ардчиллын хяналтгүйгээр хэн нэгэн томилогдсон албан тушаалтны дур мэдсэн шийд гарах боломжгүй болно гэсэн үг” гэв.

Б.МАНД
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж