- Иргэн Ц.Дагвадоржид Нийслэлийн засаг даргын 2012.03.30-ны өдрийн А/224 тоот захирамжаар 215 м.кв газрыг эзэмшүүлэхээр шийдвэрлэсэн, харин барьж буй барилга нь үүнээс хамаагүй их талбайг эзэлж байгаа. Өөрөөр хэлбэл Газрын тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.1., 27.4 дэх хэсгийг зөрчин нийтийн эзэмшлийн газарт хууль бусаар барилга барьж байгаа гэсэн үг.
- 2008 оны Хот байгуулалтын тухай хуулийн 12 дугаар зүйлийн 12.8 дахь хэсэгт барилгажих талбай нь тухайн газрын 70 хувиас илүүгүй байна гэснийг зөрчиж, эзэмшиж буй талбайгаасаа ч илүү гарган барилга барьж байна.
- Энэхүү барилга Урт цагаан худалдааны төвийн гадна халаалт цэвэр бохир усны шугамнаас 2,5-3,0 м байрласан нь Хот, суурины ус хангамж ариутгах татуургын ашиглалтын тухай хуулийн 17 дугаар зүйлийн 17.14-д заасан: бохир ус татан зайлуулах тэнхлэгээс хоёр тийш зургаан метрээс багагүй зайд барилга байгууламж, шугам сүлжээ барихыг хориглоно гэснийг зөрчсөн.
- Монгол улсын Засгийн газрын 2001 оны Эрчим хүчний шугам сүлжээний хамгаалалтын зурвас тогтоох тухай 263 тоот тогтоолын 3 дахь заалтад дурьдсан: хүн оршин суудаг газарт 1-20 кв хүртэлх хүчдэлтэй дэд өртөөнд хамгаалалтын зурвас нь тал бүр тийшээ 10 м байна гэснийг зөрчсөн.
- Хот, тосгоны төлөвлөлт барилгажилтын норм ба дүрэм/БНбД 30-01-04/-ийн заавал мөрдөх 4 дүгээр хавсралтад барилга хоорондын зай хамгийн багадаа 6-8 м байна гэснийг тус тус энэхүү барилга баригдсанаар зөрчиж байгаа болно.
Гомдолтой байгаа оршин суугчид дээрх тайлбаруудыг өгч байна. Түүнчлэн тэдний хэлснээр уг барилгын ажил хууль зөрчсөн нь Нийслэлийн мэргэжлийн хяналтын газрын улсын байцаагч нарын дүгнэлт гарснаар тодорхой болж, “Сүмбэр цамхаг” ХХК-д Мэргэжлийн хяналтын улсын ахлах байцаагчийн 2013 оны наймдугаар сарын 9-ний өдрийн 02-07-81/626 тоотоор барилга угсралтын ажлыг түр зогсоох албан шаардлага хүргүүлсэн байна. Гэсэн ч өнөөдрийг хүртэл “Сүмбэр цамхаг” ХХК-ийн барилга угсралтын ажил зогсохгүй үргэлжилсээр байгааг тэд хэлж байлаа. Нөхцөл байдал ийн удааширч, шийдэгдэхгүй удаж байгаа тул 40 дүгээр байрны “Гэгээн өргөө” СӨХ-ны оршин суугчид, “ЭДКС” ХХК, Урт цагааны түрээслэгчид “Холбогдох хууль тогтоомжийг уландаа гишгэж, эрх бүхий байгууллагын шийдвэрийг хүртэл үл тоомсорлож буй иргэн Ц.Дагвадорж, “Сүмбэр цамхаг” ХХК-ийн энэхүү хууль бус үйлдлийг Нийслэлийн Засаг дарга та газар дээр нь очиж, үзэн яаралтай арга хэмжээ авч өгнө үү” гэсэн хүсэлтийг хотын удирдлагад хүргэж байгаа юм байна.