МАН-ын бүлэг чуулган хуралдуулахыг шаардлаа

Хуучирсан мэдээ: 2013.08.12-нд нийтлэгдсэн

МАН-ын бүлэг чуулган хуралдуулахыг шаардлаа

Хэдийгээр УИХ-ын чуулганы хуралдаан завсарласан байгаа ч МАН-ын бүлгийнхэн өнөөдөр хуралдлаа. Тэд бүлгийн ээлжит бус хуралдаанаараа хэлэлцээд, УИХ-ын ээлжит бус чуулганыг хуралдуулах шаардлага хүргүүлэхээр болсон байна. МАН-ын бүлгийн дэд дарга С.Бямбацогт ээлжит бус бүлгийн хуралдааны дараа сэтгүүлчдэд мэдээлэл хийж, энэ талаар  ярилаа.

Түүний ярьснаар өнгөрсөн долоо хоногт болсон МАН-ын Бага хурлын дараа МАН-ын Удирдах зөвлөл хуралдаж, чиглэл өгсний дагуу ийнхүү УИХ дахь МАН-ын бүлэг ээлжит бус хуралдаанаа хийсэн юм байна.

"Одоогийн Засгийн газар болохгүй, бүтэхгүй гэснээ МАН руу чихэж, өмнөх Засгийн газрын алдаа оноо байсан гэх мэдээллийг ихээр өгөх болсон. Нэг жилийн хугацаанд Засгийн газар тэр алдаа, оноог нь засах боломж байсан. Засгийн эрх барьж байгаагийн хувьд эрхээ эдэлж,  үүргээ биелүүлж ажиллахыг Засгийн газраас хүсч байна. МАН-д бүх буруугаа чихэж суухын оронд хариуцлагатай ажиллахыг Засгийн газарт сануулж байна” бүлгийн хуралдаанаас үзжээ.  

Мөн Монгол Улсын нийгэмд үүсээд байгаа нөхцөл байдалтай уялдуулан хариуцсан албан тушаалтнуудад хариуцлага тооцож, арга хэмжээ авахыг Засгийн газарт сануулж байгаагаа МАН-ынхан танилцуулсан юм. МАН-ын бүлгийн дэд дарга С.Бямбацогтын мэдэгдсэнээр тус бүлгээс УИХ-ын дарга болон Ардчилсан намынханд шаардлага хүргүүлэхээр болж, 2013 оны төсөвт тодотгол хийх, валютын нөөцтэй болох, эдийн засгийн хүнд үед шаардлагатай арга хэмжээ авахын тулд ээлжит бус чуулганыг хуралдуулах албан ёсоор шаардахаар болжээ. Бүлгийн зүгээс ээлжит бус чуулганыг энэ сардаа багтаан зарлах ёстойг гэж үзэж байгаа юм байна. 

Ш.ЧИМЭГ
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж