Хуульчдын анхдугаар их хурал хуралдана

Хуучирсан мэдээ: 2013.08.12-нд нийтлэгдсэн

Хуульчдын анхдугаар их хурал хуралдана

Хууль зүйн Үндэсний хүрээлэнгийн “Хуульчдийн танхим”-д Хууль зүйн сайд Х.Тэмүүжин Хуульчдын анхдугаар их хурлын товыг тогтоосон талаар мэдээлэл хийлээ.

2012 оны гуравдугаар сарын 7-нд УИХ-аас Хуульчийн эрх зүйн байдлын тухай хуулийг баталсан бөгөөд дөрөвдүгээр сарын 15-наас хэрэгжүүлж эхэлсэн. Уг хуулийн үзэл баримтлалын дагуу хуульчийн мэргэжлийн стандартыг батлан, сахиулж ажиллах байгууллага нь мэргэжлийн өөрөө удирдах ёс бүхий Хуульчдийн холбоо байхаар заажээ. Хуульчдийн холбоо нь нийт хуульчийн мэргэжлийн үйл ажиллагаа эрхлэх зөвшөөрөлтэй бүхий хуульчдийг нэгтгэх бөгөөд тэднийг төлөөлөн мэргэжлийн үйл ажиллагааны стандарт батлах, хариуцлага тооцох, хуульчийн үргэлжилсэн сургалт эрхлэх, эрх зүйн боловсролыг дэмжих, хууль зүйн туслалцаа үзүүлэхэд дэмжлэг үзүүлэх, хуульчдын нэгдмэл ашиг сонирхлыг илэрхийлэх зэрэг чиг үүргийг хэрэгжүүлэх аж.

Хууль зүйн сайд Х.Тэмүүжин холбоо байгуулах шаардлагын талаар танилцуулсан бөгөөд “энэхүү холбоо байгуулагдсанаар хуульчдийг хариуцлагатай, ил тод, нээлттэй ажиллах боломжийг бүх талаар бүрдүүлнэ” гэв.

Хуульд заасны дагуу Хуульчдын холбооны товыг хууль хэрэгжүүлэгчийн хувьд Хууль зүйн яам хариуцан зохион байгуулахаар болсон бөгөөд тус яамны сайдын тушаалаар 2013 оны есдүгээр сарын 5-нд Хуульчдын анхдугаар их хурлыг хуралдуулахаар болжээ.

Нийт бүртгэгдсэн 4551 хуульчаас 500-г нь их хуралд төлөөлөн оролцох бөгөөд тэдний 20 хувь нь шүүгч, 20 хувь нь прокурор, 40 хувь нь өмгөөлөгчид, үлдсэн 20 хувь нь эдгээрээс бусад хуульчдийн төлөөлөл байх гэнэ. Эдгээр 500 их хурлын төлөөлөгчийг тодруулахын тулд цахим сонгуулийн хэлбэрийг ашиглах бөгөөд хуульчдад нэр дэвшихэд нь 5 хоног, санал хураалтанд 4 хоногийг төлөвлөжээ. Тодруулбал, нэр дэвшихийг хүсэгч хуульчийн гэрчилгээ эзэмшигч нь нэр дэвших боломжоо эдлэх, мөн их хуралд оролцох хүсэлтээ илэрхийлэн нэр дэвшсэн 10-100 хүний төлөө санал өгөх эрхийг эдлэх юм. Ингээд бусад хуульчдаас санал авсан нэр дэвшигчид эрэмбийн дагуу их хуралд төлөөлөх боломжтой болох аж.

Хуульчдын их хурлыг хуралдуулан  мэргэжлийн өөрөө удирдах ёс бүхий байгууллагын бүтцийг бий болгож байгаа энэхүү ажлыг анхны бодит ажил гэж үнэлж болох бөгөөд сэтгүүлчдийн, барилгынхны зэргээр бусад мэргэжлийнхэнд жишиг болж буй юм.

Хуульчдын анхдугаар их хурлаар Хуульчдын холбоогоо байгуулах бөгөөд Хуульчдын холбооны дүрэм батлах, мэргэжлийн дүрэм батлах, холбооны гишүүний татварын хэмжээг тогтоох, холбооны ерөнхийлөгчийн сонгох, холбооны зөвлөлийн гишүүнийг батламжлах, мөн Мэргэжлийн хариуцлагын хороо байгуулж, бүрэлдэхүүнийг батламжлах зэрэг асуудлыг хэлэлцэн шийдвэрлэхээр төлөвлөжээ.

Б.МАНД
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж