Английн регбичид Монголд иржээ

Хуучирсан мэдээ: 2013.08.12-нд нийтлэгдсэн

Английн регбичид Монголд иржээ

Монголын регбигийн холбооноос өнөөдөр энэ сарын 17, 21, 23-ны өдөр Улаанбаатар хотноо зохион байгуулах гэж буй “Регби фестиваль”-ийн талаар мэдээлэл хийлээ.  Гурван өдөр үргэлжлэх “Регби фестиваль”-д Английн Хертфорд коллежийн шигшээ баг оролцож, Монголын тамирчидтай өрсөлдөх юм. Тэдгээр тамирчид Монголд хэдийнэ ирж, бэлтгэлээ базааж эхэлсэн байна.

Английн регбичид эхний тулаанаа Батлан хамгаалах их сургуулийн багтай хийх бол наймдугаар сарын 21-нд Монголын регбигийн холбооны харъяа дөрвөн клубын тамирчидтай тоглох ажээ. Харин наймдугаар сарын 23-нд буюу фестивалийн сүүлийн өдөр Монголын шигшээ болох  “Улаанбаатарын дайчид” багийнхан Хертфорд коллежийн шигшээ багтай хүч үзнэ. Уг фестивалийн тасалбарын үнэ 3000 төгрөг бөгөөд нэг тасалбараар гурван өдрийн тоглолтыг бүгдийг нь үзэх боломжтой юм байна. Зохион байгуулагчдын мэдээлснээр арга хэмжээг дэлхийн жишигт нийцүүлэн явуулахыг зорьж байгаа тул тэмцээн цагтаа эхэлж, цагтаа өндөрлөх ажээ. 

Тоглолтууд бүгд Төв цэнгэлдэх хүрээлэнд болох бөгөөд цагийн тухайд наймдугаар сарын 17-ны өдрийн тоглолт 14.00 цагаас, 21-ний өдрийн тоглолт 14.00 цагаас, харин 23-ны өдрийн гол тоглолт 19.00 цагаас тус тус болно.    

Жич: 08.17, 21-нд 12.00 цагт, 23-нд 18.00 цагт хаалга нээнэ.

С.ӨЛЗИЙЖАРГАЛ


NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж