Инфляци өссөн нь үнэн байжээ

Хуучирсан мэдээ: 2013.08.12-нд нийтлэгдсэн

Инфляци өссөн нь үнэн байжээ

Сүүлийн зургаан сарын турш  нам төвшинд байсан инфляци өсөлттэй гарсныг Үндэсний статистикийн хорооныхон дуулгав.  Монголбанкны сайтад гарсан мэдээллээс харахад өнгөрсөн зургадугаар сард жилийн  инфляци 8,8 хувьтай байсан юм.  Гэтэл хэрэглээний үнийн улсын индекс долдугаар сард өмнөх сарынхаас 0,1 хувь, оны эхнийхээс 4,9 хувь, өмнөх оны мөн үеэс 8,3 хувиар өсчээ. Энэ нь эдийн засгийн гол үзүүлэлтүүдэд сөрөг хандлага илрэх болсон, ялангуяа орон сууц,  хувцас бөс бараа, хүнсний бүтээгдэхүүний үнэ өссөнтэй холбоотой талаар Үндэсний стастистикийн хороон судалгаа харуулжээ.

Найман хувийн хүүтэй зээлийн сургаар орон сууцны үнэ чамгүй өссөн нь инфляцийн инерцийг эрчимжүүлсэн бололтой.  Инфляцийн төвшин хамгийн бага гардаг, тогтвортой байдаг үе жилийн эхний зургаан сар гэдгийг ч эдийн засагчид тайлбарладаг. Тэгвэл долдугаар сараас эхлэн инфляцийн өсөлт ажиглагдах болсон оны эцэс гэхэд хоёр оронтой тоогоор илэрхийлэгдэх болно гэдэг л бараг үнэний хувьтай болох дог. Учир нь өнгөрсөн долдугаар сарын инфляцийн төвшнийг тодорхойлоход валютын ханшийн, төгрөгийн сулралт ороогүй болохыг тус хорооныхон тайлбарласан. Тэгэхээр ханшийн савалгаа, бараа бүтээгдэхүүн, эрчим хүчний үнийн өсөлт хичээлийн шинэ жилийн нэмэгдэлтэй нийлээд энэ наймдугаар сард инфляци өндөр төвшинд хүрэх магадлал бараг 100 хувьтай байна.  Төгрөгийн евро, ам.доллар, юань, рубльтэй харьцах ханш 10-16,6 хувиар суларсан гэдгийг ч Үндэсний стастистикийн хорооныхон дуулгасан юм.  Эдийн засагт таагүй нөхцөл үүссэнийг статистикийн судалгаанаас харж болохоор байна.  Улсын төсөв 145,6 тэрбум, гадаад худалдааны тэнцэл энэ оны эхний долоон сарын байдлаар 1,3 тэрбумын алдагдалтай гарсан, чанаргүй зээлийн өр нэмэгдэж, банк санхүүгийн салбар сайн биш байгаа, мөнгөний нийлүүлэлт өнгөрсөн сараас хумигдсан зэрэг нь Монголын макро эдийн засгийн байдал тийм сайнгүй байгаагийн шинж болов уу.

Макро эдийн засгийн сөрөг үзүүлэлтүүд ч микро эдийн засагт нөлөөлж, аж ахуйн нгэж байгууллагад олгосон чанаргүй зээлийн өр нэмэгджээ.  Дотоодын зах зээл дэх бэлэн мөнгөний гүйлгээ өнгөрсөн оны мөн үеэс өсөлттэй гарсан хэдий ч өмнөх зургадугаар сараас хумигдсан нь гадаад, дотоодын хөрөнгө оруулалт буурсаны нэг үзүүлэлт юм. Нөгөө талаар өнгөрсөн зургаан сард Монгол Улсын Засгийн газраас бэлэн мөнгөний нийлүүлэлтийг багагүй хэмжээгээр гаргасан бол долдугаар сараас Засгийн газраас гаргаж байгаа бэлэн мөнгөний нийлүүлэлт хумигдаад байгаа. Үнэ тогтворжуулах хөтөлбөрийн хүрээнд 720 тэрбум, найман хувийн хүүтэй зээлийн хүрээнд 320 тэрбум,  “Хүний хөгжил сан”-гийн мөнгөө аваагүй иргэдэд зориулж 18,5 тэрбумыг гаргасан нь бэлэн мөнгөний нийлүүлэлтийг нэмэгдүүлж, ам.долларын эрэлтийг ихэсгэсэн тал бий.  Учир нь иргэд валютаар хадгаламж нээх явдал нэлээд өссөн гэдэг судалгааг ч статистикийнхан өгсөн.   Энэ төгрөгийн худалдан авах чадвар улам муудаж байгаатай холбоотой байх.

Монгол Улсын эдийн засагт голлох үүрэг гүйцэтгэж байсан гадаадын хөрөнгө оруулалт буурснаас болж экспортын хэмжээ 184,5 сая ам.доллар, импортын хэмжээ өмнөх оны мөн үеэс гэхэд 283 сая ам.доллараар  багасчээ.  Хөрөнгийн зах зээл дэх үнэт цаасны арилжаа буурч, энэ оны эхний долоон сарын байдлаар гэхэд  13,9 тэрбум төгрөгийн арилжаа хийгдсэн байх юм. Гэтэл өнгөрсөн 2012 оны долдугаар сард үнэт 62 тэрбум төгрөгийн үнэт цаасны гүйлгээ хийж байжээ. Эндээс харахад Монголын хөрөнгийн зах зээлийн байдал 2013 он гарсаар тийм ч тааламжтай байдалд хүрч чадсангүй. Энэ нь Үнэт цаасны зах зээлийн тухай хууль оройтож батлагдсантай ч нэг талаар холбоотой байж болох.  Аж үлдвэрлэлийн салбар дахь бүтээгдэхүүний нийт үйлдвэрлэл өнгөрсөн оноос өссөн байна.  Архи, ундаа ус, шингэс сүү, хиаман төрлийн бүтээгдэхүүний үйлдвэрлэл сайжирсан нь нөлөөлсөн  гэдгийг тус хорооныхон дуулгасан. Монголчуудын архи, ундааны хэрэглээ жил ирэх тусам л нэмэгдээд байгаа бололтой.

Инфляци өссөн, буурсан гэх эдийн засагчид, олон нийтийн маргааныг халж, Үндэсний статистикийн хорооныхон нам төвшинд байсан инфляци өссөн гэдгийг судалгаагаар тогтоосноо зарлалаа. Цаашлаад намрын ажил, өвлийн бэлтгэлээ сайн базаахгүй бол Олон улсын валютын сангийнхны сануулаад байгаа инфляци 20 руу дөхнө гэдэг муу ёрын үг л үнэн болж, эдийн засагт хурцадмал байдал үүсэхгүй гэх баталгаа алга. Гадаадын хөрөнгө оруулалт буурч, экспортын орлого хумигдаж, нэмэр дээр нэрмээс гэгчээр инфляци  бүр 20 руу дөхөөд ирбэл асуудал улам хүндэрнэ гэсэн үг. Хүн хэлэх, цаша чичэхээс цаашгүй гэдгийг бодолцсон тэр, инфляци буураагүй гэж сайхан худлаа хэлээд суугаад байвал байдал бүр дордоно. Үнэнээ хүлээн зөвшөөрч, өнөөдрөөс инфляцийн энерцйиг бууруулах, үнийг тогтворжуулахын тул өөр аргаар ажиллад үзэхэд гэмгүй болов уу, холбогдох албаныхаан.

Ж.ЭРХЭС
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж