Авто замын газраас сар тутам нэгэн бүтээлч ажлыг санаачлан зохион байгуулдаг уламжлал тогтжээ. Энэ дагуу тус газрын судалгаа, шинжилгээ, норм, норматив төлөвлөлтийн хэлтсээс саяхан “Төв-АЗЗА” ХК-тай хамтран улсын чанартай автозамд цэвэрлэгээ хийжээ. Улаанбаатар-Дундговь чиглэлийн замын дагуух Ногоон дов гэдэг газрын ойр орчмын зам дагуух болон овооны эргэн тойрны хогийг цэвэрлэсэн байна. Хөрөнгө, хүн хүчийг нь шийдээд өгчихвөл улсын чанартай бүх замын дагуу энэ мэт цэвэрлэгээ хийхэд илүүдэхгүй гэдгийг Автозамын газрынхан онцолж байлаа. Жолооч, зорчигч нар хөдөлгөөнд оролцон замаар зорчихдоо соёлгүй хандаж, ачиж явсан хогоо замын ойролцоо буулгаж хаях, идэж уусан зүйлийнхээ цаас, лааз, шил, яс зэрэг үлдэгдэл хогийг шууд л машиныхаа цонхоор шидчихдэг нь улсны чанартай бүхий л замын ойр орчмын бохирдлоос харагдаж байдаг. Тиймээс нийт жолооч, зорчигчдод замын хөдөлгөөнд соёлтой оролцож, байгаль дэлхийгээ хог шороогоор бохирдуулахгүй байхыг автозамчид сануулж байна.
Д.Цээнэ
Д.Цээнэ