Л.Отгонбаяр замын талаас уралдааныг орхилоо

Хуучирсан мэдээ: 2013.08.11-нд нийтлэгдсэн

Л.Отгонбаяр замын талаас уралдааныг орхилоо

ОХУ-ын Москва хотын алдарт “Лужники” цэнгэлдэхэд өчигдөр нээлтээ хийсэн хөнгөн атлетикийн дэлхийн аварга шалгаруулах тэмцээний эмэгтэйчүүдийн марафон гүйлтийн төрөлд ОУХМ Лувсанлхүндэгийн Отгонбаяр өрсөлдөж, харамсалтай нь барианд орж чадсангүй. Энэ төрөлд аваргын алтан медалийг Кенийн Эдна Киплагат 2:25:44 цагийн амжилтаар хүртсэн бол Италийн Валериа Странео 2:25:58 цагийн амжилтаар мөнгө, Японы Фүкүши Каёко 2:27:45 цагийн амжилтаар хүрэл медаль хүртлээ.

Өдгөө 31 настай ОУХМ Л.Отгонбаяр хөнгөн атлетикийн ДАШТ-д дөрөв дэх удаагаа оролцож буй юм. Тэрбээр 2007 онд Японы Осака, 2009 оны Германы Берлин, 2011 оны БНСУ-ын Дэгү хотноо болсон дэлхийн аваргад хурд хүч, тэсвэр тэвчээрээ сорин өрсөлдсөн бөгөөд Монголын эмэгтэй марафон гүйлтийн өмнөө барьдаг цорын ганц тамирчин гэхэд болно. Л.Отгонбаяр дөрвөн удаагийн ДАШТ-ээс гадна 2004 оны Грекийн Афин, 2012 оны Английн Лондон хотноо болсон олимп болон 2006, 2010 оны БНХАУ-ын Гуанжу хотноо болсон Азийн наадмуудад оролцсон. 2006 оны Гуанжугийн Азийн наадамд наймдугаар байр эзэлж, эх орныхоо нэрийг тивийн хэмжээнд өргөсөн билээ. 

ОХУ-ын Москва хотноо болж буй 14 дэх удаагийн хөнгөн атлетикийн тэмцээнд манай улсаас марафон гүйлтийн төрөлд Гавьяат тамирчин Б.Сэр-Од, ОУХМ Л.Отгонбаяр нар оролцож байгаа юм. 

Эрэгтэй марафон гүйлтийн тэмцээн Улаанбаатарын цагаар наймдугаар сарын 17-ны орой 20:30 цагт эхэлнэ.

Б.БИЛЭГ
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж