Б.Гантогтох: Амжилтын нууц уйгагүй хөдөлмөр

Хуучирсан мэдээ: 2013.08.10-нд нийтлэгдсэн

Б.Гантогтох: Амжилтын нууц уйгагүй хөдөлмөр

Б.Гантогтох: Миний амжилтын нууц бол уйгагүй хөдөлмөр сайн дасгалжуулалт

Азийн олимпийн зөвлөлөөс зохион байгуулсан Азийн танхимийн болон тулааны спортын 4 дүгээр наадам энэ оны зургаадугаар сарын 29-нөөс долдугаар сарын 07-ны өдрүүдэд БНСУ-ын Инчёон хотноо амжилттай зохион байгуулагдсан. Тус наадамд Монголын баг спортын 9 төрлөөр, 83 тамирчин оролцсон юм.

Дашрамд дуулгахад Инчеоны наадамд 2400 гаруй тамирчин, төлөөлөгч, 1000 орчим сэтгүүлч, сурвалжлагч, дотоод, гадаадын 540 сайн дурын ажилтан, 460 гаруй шүүгч ажиллаж, шилдгүүдийг тодруулах ажлыг гардан зохион байгуулсан байна. Энэхүү Азийн танхимын ба тулааны спортын IV наадам нь “Инчеон 2014” Азийн наадмын өмнөх хамгийн том туршилт, бэлтгэл ажлын шалгуур болж байгаа юм.

Энэ удаагийн наадмаас өмнө нь Азийн танхимын спортын наадам, тулааны спортын наадмуудыг тус тусад нь зохион байгуулж явуулдаг байсан. Азийн Олимпийн Зөвлөлөөс (OCA) энэ хоёр наадмыг нэгтгэн зохион байгуулах шийдвэр гаргасан билээ. Энэхүү наадмын зорилго нь олимпийн бус спортын төрлийг Ази тивийн хэмжээнд дэмжих, Азийн наадам болон бусад том наадмыг зохион байгуулж чадахгүй байгаа улс орнуудад наадам хэрхэн зохион байгуулах талаар бодит амьдрал дээр үзүүлж туршлага суулгахад оршиж байгаа юм.

Азийн 44 орны шилдэг тамирчид өрсөлдсөн энэхүү наадмаас муай тай боксын төрөлд мөнгөн медалийг 17-н насандаа эх орондоо авчирсан залуу тамирчин Б.Гантогтохтой уулзаж түүний амжилтын нууцаас уншигч та бүхэндээ толиулахаар шийдлээ.

-Юуны түрүүнд баяр хүргье. Өөрийгөө товч танилцуулаач, хэзээнээс энэ спортоор хичээллэв. Яагаад энэ спортыг сонгох болов.

-Баярлалаа. Би 1996 онд Дорнод аймагт төрсөн, Хан-Уул дүүргийн 32-р сургуулийг энэ жил төгсөөд , Төмөр замын дээд сургуульд ороод байгаа, 2009 оноос кикбокс, муай тай боксын спортоор хичээллэж уралдаан тэмцээнд орж байна. Манай дүү Б.Гансэлэм маань анх түрүүлж кикбоксын дугуйланд явдаг байсан тэгээд надаа нэг өдөр цуг очиж үзэхийг санал болгосон юм тэгээд очоод үзсэн чинь их л сонирхолтой санагдаад тэгээд кикбоксоор тогтмол системтэйгээр манай гэрийн хажууханд байдаг “Мишээл” кикбокс сургалтын төвд О.Алтанпүрэв багшийнхаа удирдлага дор хичээллэх болсон.

-Кикбокс, муай тай бокс хоёр юугаараа ялгаатай вэ? Хамт нэг доор хоёулангаар нь хичээллээд явахад бэрхшээлтэй юу.

-Энэ хоёр төрөл хоорондоо төстэй  муай тай бокс нь Тайландын үндэсний тулааны спорт хөл гар өвдөг тохой оролцон өрсөлддөг юм, тулааны өмнө заавал вай кру хэмээх ёслол хийнэ, хатуу ширүүн өрсөлдөөнтэй Тайландад бол нийгмийн хэрэглээ болтлоо хөгжсөн байдаг юм. Кикбоксын хувьд зөвхөн хөл гар л оролцдог европ тивд хүчтэй хөгжсөн байдаг спорт, дотроо нилээн хэдэн төрлөөр тэмцээн уралдаан зохиогддог. Энэ хоёр спортын бэлтгэл сургуулилалтыг нэг дор хийгээд явахад боломжтой байдаг.

-Урьд оролцож байсан уралдаан тэмцээн амжилтаасаа сонирхуулаач?

-2010 оны кикбоксын өсвөр үеийн улсын аварга шалгаруулах тэмцээний хүрэл медаль, 2011 оны залуучуудын улсын аварга шалгаруулах тэмцээний мөнгө, 2012 оны насанд хүрэгчдийн нийслэлийн спортын 11 дүгээр наадмын мөнгөн медаль, 2013 онд Тайландын вант улсын Бангкок хотноо зохиогдсон муай тай боксын дэлхийн аварга шалгаруулах тэмцээний хүрэл медалийг аваад байгаа. Мөн мэргэжлийн рингэнд нийт зургаан тулааныг хийгээд байна. Өнгөрсөн хоёрдугаар сард Якутад зохиогдсон мэргэжлийн кикбоксын 54 кг-ийн Азийн аваргын төлөө өрсөлдсөн.

-Азийн наадамд хэрхэн бэлтгэв, саяын гаргасан амжилтын нууц юундаа байна вэ?

-Амжилтын маань нууц бол уйгагүй хөдөлмөр, сайн дасгалжуулалт гэж бодож байна. Миний энэ амжилт олон хүний дэмжлэгээр бий болсон. Гэр бүлийнхэндээ болон клубын тамирчид хамт олондоо талархаж явдаг. Мэдээж энэ болгоныг удирдан чиглүүлж зохион байгуулан гол ачааны хүндийг үүрсэн хүн бол яах аргагүй миний багш кикбоксын спортын анхны олон улсын хэмжээний мастер Монголын анхны кикбоксын дэлхийн аваргын алт, хүрэл медальт О.Алтанпүрэв дасгалжуулагч Багш маань Азийн наадамд бэлтгэх төлөвлөгөө, зардал санхүү бүх зүйлийг маань зохицуулж өгсөн ачтан байгаа юм. Бидний хувьд аль жилийн өмнөөс л нарийн төлөвлөгөө гарган бэлтгэж эхэлсэн. Эхлээд ОХУ-ын Эрхүү хотноо очиж хамтарсан бэлтгэл хийж улмаар олон удаагийн сорилт тулаануудыг хийсэн. Улмаар тэр бэлтгэлээрээ ОХУ-ын Саха Якутад зохиогдсон мэргэжлийн кикбоксын халз тулаанд оролцож тэндээ хамтарсан бэлтгэлийг хийсэн байгаа. ОХУ-аас Тайланд руу нисэж Муай тай боксын ДАШТ-д оролцсон юм. -30 градусын хүйтнээс + 35 хэмийн халуунд шууд нисээд буухад маш сонин бас хэцүү байсан шүү. Тэндээ бас л муай тай боксын техник бэлтгэлийг түлхүү хийж улмаар ДАШТ-ний 54 кг-д оролцож Испани, Энэтхэг улсын тамирчдыг хожиж хүрэл медаль авсан юм. Тайландаас ирээд Буриадын Улаан-Уд хотноо зохиогдсон  Буриадын аварга шалгаруулах тэмцээнд оролцож мөнгөн медаль авч Азийн наадмын бэлтгэл үндсэндээ хангагдсан даа.

Монголдоо сэргээлтийн бэлтгэлээ сайн тааруулж клубын ах нартайгаа хэдэн сорилт хийж  аваад БНСУ-ын Инчёон хотноо болсон Азийн танхимийн болон тулааны спортын 4 дүгээр наадамд оролцохоор явсан.

-Азийн наадамд хэрхэн өрсөлдөв өрсөлдөгчид хэр байна даа?

-Миний жинд Aзийн 16 орны шилдэг тамирчид ирсэн байлаа. Би сугалаагаар Xонг Конгийн тамирчин Хо Кванг Хэнгтэй таарсан юм, тэрээр мэргэжлийн рингэнд урьд олон зодолдсон Дэлхийн аваргын хүрэл медальтай туршлагатай хүчтэй тамирчин байсан. Миний эхний тулаанууд хэцүү болдог. Биеэ барина тэгээд л их цуцдаг гэхдээ багш маань хэрхэн өрсөлдөх арга тактикийг маш сайн зөв зүйтэй боловсруулж надад хэлж өгсөн байсан юм. Эхний үед сайн хамгаалж өрсөлдөгчөө сайн ажиллуулах аль болох хий өшиглүүлж хий цохиулах явдал байлаа. Яг л багш бид хоёрын төлөвлсөнөөр болсон. Өрсөлдөгч маань эхний үед  урагшаа зүтгэж олон удаа хий өшиглөж хий цохисоноос 2-р үеэс их цуцаад ирсэн дээ, энэ үед нь би холын зайнаас оновчтой өшиглөх цохих аргаар оноогоо ахиулсаар байсан 3-р үед багш маань шийдвэрлэх дайралтаа хийгээрэй гэсэн ялангуяа өвдөгөөр олон оноо авах ойрын зайд тохойлдох зэргээр урагшаа хамгаалаад хариу дайралтуудыг сайн хйигээрэй гэсэн би ч их хичээсэн их ядарч байсан боловч шүд зуугаад л зүтгэсэн дээ, цаг дуусахад их л догдолж байсан гэтэл бүүр 4:1 ээр хожсон байсан. Багшийнхаа тактик мэдлэгийг энэ үед үнэхээр биширсэн дээ, багш маань байхгүй бол би ялж чадахгүй байсан байх.

Хоёр дахь тулаан хатуу өрсөлдөгч байлаа. Киргизийн Талантов гэж 26 настай хурдтай тамирчин байсан, эхний тулаандаа тэрээр өрсөлдөгчөө техникийн нокаутаар ялсан байсан, багш бас л мэргэн арга тактик боловсруулсан байсан. Эхний 2 үе би ер нь хожигдоод байх шиг байсан. Багш 3-р үед гараар хүчтэй оноод өвдөгөө явуулаарай гэсэн би ч хэлсэнийг нь хийсэн дээ. Энэ тулаан их чухал тулаан байсан хожвол хүрэл медалийн болзол хангана хожигдвол хоосон буцах.

Киргизийн тамирчин Талантовийг би 3:2 оор буулгаж аваад нүднээсээ нулимстай буусан даа, багш ч баярлаад надад бас харуулахгүй гэсэндээ нулимсаа нэг арччихаад намайг тайвшруулж байсан сайхан цаг үе.

Энэ ялалтандаа урамшсан би мөнгөн медалийн төлөө Лаос улсын тамирчин Панеоког 4:1 ээр буулгаж шигшээ тулаанд шалгарч үлдсэн гэхдээ ихэнх хүмүүс намайг Лаосын тамирчинг ялна гэхэд итгэлтэй биш байсан. Учир нь Лаосын тамирчид яг Тайландуудтай ижил маш сайн тамирчид байдаг юм. Хөрш зэргэлдээ хэл заншил ижил төстэй болохоор Лаосын тамирчид тай боксоор маш сайн хичээллэж уралдаан тэмцээнд орж сайжирсан байдаг юм. Багш маань Лаосын тамирчинг харчихаад жингээ их хассан байна дээр нь их даарсан байна гэж хэлсэн. Үнэхээр Лаогийн тамирчин эхний нэгдүгээр үед хүчтэй хурдтай намайг алчих гээд л байсанаа 3-р үеэс их сулраад ирсэн багшийн хэлсэн гэдсэнд нь гараар хүчтэй цохиорой гэсэн нь бас л хэрэг болсон. Лаогийн тамирчин гэдсэндээ хэд цохиулаад сулраад ирсэн дээ. Тэгээд л төгсгөлөө сайн хийснээр ялалт минийх болсон.

Аваргын төлөө БНСУ-ын Ким Сан Жэтэй өрсөлдөж эхний үед сайн хамгаална гэж бодож байсан чинь миний бодсоноос дэндүү хурдтай байсан. Надад хамгаалах боломж олгохгүй угсарсан олон хөлийн өшиглөлтүүд нь намайг их сандраасан шүү, тэгээд 2-р, 3-р үед сайн зүтгэсэн оноо адил яваад байсан боловч 10 секунд дутуу байхад гэдсэндээ өвдөглүүлээд оноо алдаад хожигдож, аварга болох боломжоо алдсандаа их л харамсаж байсан.

-Гэхдээ анхныхаа том наадмаас мөнгөн медаль авна гэдэг чинь үнэхээрийн гайхалтай амжилт шүү дээ. Цаашдын уралдаан тэмцээн, хүсэл мөрөөдөл чинь юу байна даа?

-Ирэх аравдугаар сарын 18-нд ОХУ-ын Эрхүү хотноо мэргэжлийн кикбоксчдын Орос-Монголын шигшээ багуудын уулзалт тулаан болох бөгөөд Анапа хотноо болох Дэлхийн цомын аварга шалгаруулах тэмцээн болно. Арваннэгдүгээр сард УАШТ байгаа. Харин арваннэгдүгээр сарын 30-наас арванхоёрдугаар сарын 09-ны хооронд Турк улсын Анталяа хотноо кикбоксын ДАШТ болно. Миний мөрөөдөл бол агуу аварга тамирчин болох бүх холбоо, бүхий л оролцсон тэмцээндээ түрүүлэх.

Энэ дашрамд намайг үргэлж дэмжиж байдаг ар гэрийхэн ах, дүү нартаа мөн намайг өдий зэрэгт хүргэсэн О.Алтанпүрэв багшдаа талархалаа илэрхийлье.

А.АМАР
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж