Долларын ханш хаа хүрэх гээд байна

Хуучирсан мэдээ: 2013.08.10-нд нийтлэгдсэн

Долларын ханш хаа хүрэх гээд байна

Валютын ханш, макро эдийн засгийн төлөв байдлын талаар Санхүүгийн зах зээлийн холбооны захирал Ө.Ганзоригтой ярилцлаа.

-Долларын ханш сүүлийн долоо хоногуудад огцом савлаж байна, шалтгааныг нь юу гэж дүгнэж байна вэ?

-Он гарсаар эхний хагас жилийн байдлаар нүүрсний экспорт 50 орчим хувиар, гадаадын хөрөнгө оруулалт 44 хувиар буурсан зэрэг нь долларын ханш өссөн томоохон шалтгаануудын нэг болоод байна. Дээр нь нэмээд аялал жуулчлалын орлого, гадаадад ажиллаж буй Монголчуудын мөнгөн гуйвуулга мөн буурсан дүнтэй байна. Түүнчлэн банкны сектор дэх гадаад валютын хадгаламж бараг 40 орчим хувиар буурсан харагдаж байна.

Үүнээс гадна нас богинотой популист амлалтууд, сонгогдох гэж тараасан хэдэн триллион төгрөг ийм нөхцөл байдалд хүргэх нэг шалтгаан болсон.

Өөрөөр хэлбэл энэ бүх мөнгийг урьдчилан зээл аваад тараачихсан шүү дээ. Одоо хэдийгээр экспортоос тодорхой хэмжээний орлого орж ирж байгаа хэдий ч өрөндөө өгөөд л дуусчихаад байна. Улс төрийн хариуцлагагүй, алсын хараагүй, ердөө дөрвөн жилийн сонгуулийн мөчлөг дагасан амлалтаас болж энэ бүх хүндхэн нөхцөл байдал үүсээд байна гэхэд хилсдэхгүй.

-Монголбанк энэ үед ямар арга хэмжээ авч байна вэ, интервенци хийх ёстой гэж хүмүүс ярьж байна?

-Монголбанкны үндсэн зорилт бол үнийн тогтвортой байдлыг хангах явдал.  Нөгөө талаас манайх ханшийг эдийн засгийн суурь нөхцөлтэй нийцтэй уян хатан тогтох зарчмыг баримталдаг. Тэгэхээр өөрөөр хэлбэл Монголбанк ханшийн огцом савлагааг зөөлрүүлэх зорилгоор шаардлагатай тохиолдолд валютын захад оролцохоос бус ханшийг тогтмол барих үүрэг хүлээдэггүй гэдгийг иргэд сайтар ойлгох хэрэгтэй.

-Та 2012 оны өдийд Эдийн засаг хямрах гэж байгаа тухай ярьж, Засгийн газар бонд гаргах хэрэгтэй гэж зөвлөж байсан? Үүний үр дүн нь юу болов?

-Хэрвээ Засгийн газар 1.5 тэрбум ам.долларын зээл аваагүй бол, Монголбанк бодит сектороо дэмжсэн мөнгөний бодлого явуулаагүй бол өдийд эдийн засаг аль хэдийнэ гүн хямарчихаар нөхцөл байдал үүсээд байсан.

Угаасаа 2012 оны 6 дугаар сараас эхлээд хүндэрч эхэлсэн эдийн засгаа эмчлээгүй байсан бол ажилгүйдэл даамжирч цаашлаад банкуудын зээлийн багц муудаж “Шинэ хямрал” эхлэх байв.

Миний харж байснаар Засгийн газар олон улсын зах дээрээс хөрөнгө босгож бүтээн байгуулалтын төслүүд хэрэгжүүлэх, өөрөөр хэлбэл төсвийн тэлэх бодлого явуулж эдийн засгийг дэмжин барилга, дэд бүтцийн салбаруудад ажил эрхлэлтийг идэвхижүүлэх ёстой байсан.  Өнгөрсөн 10 гаруй сарын хугацаанд Монголбанкнаас авч хэрэгжүүлж буй бодлогууд эдийн засгийн хямралын эсрэг явагдаж байгаа гэж ойлгож байгаа. Яг үр дүнгээ өгөх төслүүдэд мөнгөө хийсэн эсэх нь цаг хугацааны шалгуураар аяндаа харагдах байх.

-Монголбанкыг маш их мөнгө эдийн засагт нийлүүлснээс болж ханш өслөө гэж хардах хүмүүс байна? Та үүнийг юу гэж харж байна?

-Монголбанк одоогийн байдлаар 3 триллион төгрөг банкны сектороор дамжуулаад эдийн засагт нийлүүлчихээд байна. Нийт эргэлдэж байгаа мөнгөний хэмжээ 8 триллионд хүрсэнтэй харьцуулвал энэ нь маш их мөнгө. Ингэж 3 триллион төгрөг эдийн засагт нийлүүлсэн хэдий ч нийт мөнгөний хэмжээ өмнөх оны мөн үеэс 13 хувиар  л өссөн байна лээ. Ер нь мөнгөний нийлүүлэлт өсөхөд инфляци өснө гэсэн ойлголт олон нийтийн дунд байдаг. Гэтэл бодит сектороо дэмжсэн зөв мөнгөний нийлүүлэлт нь харин ч эсрэгээрээ инфляцийг бууруулдаг гэдгийг бид харлаа. 2012 оны 6 дугаар сард 14.7 хувьтай байсан улсын инфляци 2013 оны мөн үед бараг хоёр дахин буурч 8.8 хувьд хүрээд байна.

Иргэдэд халамжийг хавтгайруулан тарааж байсан өмнөх жилүүдэд мөнгөний нийлүүлэлт дунджаар 30-40 хувиар өсч байсныг бодвол  энэ нь хэвийн, бүр ч бага гэж хэлж болохоор байгаа юм.

-Долларын ханш цаашид яах вэ бол?

-Нэн тэргүүнд бид нүүрсний экспортоо сэргээх шаардлагатай. Ингэхийн тулд Засгийн газар, Улсын их хурал яаралтай арга хэмжээ авах хэрэгтэй байна. Бас гадаад талд улс орны имижийг засах, хууль эрхзүйн орчноо сайжруулах зэргээр гадаадын хөрөнгө оруулагчдыг татах асуудлыг яаравчлах нь зүйтэй.

Ингэсэн тохиолдолд долларын ханш одоогийн төвшин дээр тогтворжих, цаашлаад бага зэрэг сулрах ч боломжтой гэж бодож байна. Ер нь хөгжиж байгаа олон орнууд тодорхой мөнгө төсөвлөөд хөрөнгө оруулагч нарыг урьж дуудаж, хэвлэл мэдээллийн хэрэгслээр улс орноо сурталчилдаг практик байдаг. Манайх ерөөсөө ийм юм хийдэггүй. Бид нэгэнт глобалчилагдсан эринд амьдарч байна, манай Засгийн газрын бондыг гадны хөрөнгө оруулагч нар авч байна. Монголын талаар олон сөрөг мэдээлэл өнгөрсөн 12 сарын хугацаанд барууны голлох хэвлэл мэдээллийн хэрэгслээр гарлаа. Үүнд хариу мэдээллүүдийг дор бүр нь хийх ёстой шүү дээ.

-Сүүлийн асуултыг танд нээлттэй үлдээе.

-Манайх одоо цаашид эдийн засгийн урт хугацааны бодлого, төлөвлөлттэй баймаар байна. Ингэж дөрвөн жилийн настай цирк үргэлжлүүлээд тоглоод байвал эдийн засгийн эрсдэл, тодорхой бус байдал үргэлжилсээр байх болно. Дээрээс нь бүтээн байгуулалт гэхээр л зөвхөн зам барина гэж ойлгож болохгүй. Боловсрол, эрүүл мэнд хаачсан бэ гэж асуумаар байгаа юм. Эрүүл, боловсролтой Монголчууд л бүтээж, өрсөлдөж улс орондоо их орлого оруулна шүү дээ гэдгийг хэлмээр байна.

С.ҮҮЛЭН
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж