Тунгалаг Увсаас Түргэний уулс хүртэл

Хуучирсан мэдээ: 2013.08.10-нд нийтлэгдсэн

Тунгалаг Увсаас Түргэний уулс хүртэл

“Замд гаръя” булангаар Монгол орны баруун хязгаарын олон үндэстний өлгий нутаг Увс аймгийг онцолж байна. Тэртээ 1686 онд Ойрадын их хаан Галданбошигт тус аймгийн анхны суурийг тавьж байсан түүхтэй. Нийслэлээс 1500 км-т алслагдсан Увс аймагт дөрвөд, баяд, хотон, халх, казах гээд олон үндэстэн амьдардаг. Үндэсний цөөнх ястангууд эдүгээ зан заншил, соёлоо авч үлдсэн учир гадаад дотоодын жуулчдын сонирхлыг татахгүй байхын аргагүй.

Дөрвөд үндэстний хэл заншил, хотонгуудын бий биелгээг мэдэхгүй хүн ховор биз. Түүнээс гадна энэ нутаг Монголын хамгийн том нуур болох Увс нуураараа алдартай. Түүнчлэн Хяргас, Үүрэг, Ачит нууруудаас гадна Тэс, Нарийн, Завхан, Ховд зэрэг том голтой. Эмчилгээ сувиллын Хартэрмисийн, Хавцал, Бургастайн рашаан ус ч бий.

Дэлхийн өвд бүртгэгдсэн байгалийн үзэсгэлэнт нутгийг харьцангуй богино зайнд байгалийн бүс бүслүүрийн бүхий л шинжийг харах, олон ястны нүүдэлчин малчдын ахуй амьдрал, түүх соёлтой танилцах аялалд хамтдаа гарцгаая.

АЯЛЛЫН ХЭЛБЭРЭЭ СОНГООРОЙ

Жуулчид өөрийн хүссэнээр аялж болох хамгийн тохиромжтой хэлбэр бол явган болон морин аялал. Байгалийн үзэсгэлэнт газар, түүх соёлын дурсгалтай танилцахад жуулчдад өргөн боломж олгодог төдийгүй байгаль орчинд үзүүлэх сөрөг нөлөө багатай.

Тиймээс Увс аймгийн хэмжээнд Хархираа, Түргэний уулсын /Түргэний дархан цаазат газар/ нутагт болон тусгай сонирхлын аялал жуулчлалын эко бүс дэх Баян нуур, Бөөрөг дэлийн элсний чиглэлд явган ба морин аяллыг зохион байгуулж байна. Ялангуяа Хархираа, Түргэний уулс орчмын газар нутаг нь явган аяллын хувьд хамгийн тохиромжтой бүс нутаг гэнэ.

Түүнчлэн дээрх уулс болон Ямаат, Цагаан шувуут ууланд зэрлэг байгалийн “хатан хаан” ирвэсийн хаяг, бумбаа, мод самардсан зэрэг ул мөрөөр аялах, аргаль, янгирыг ажиглах нэн ховор амьтдын ул мөрөөр аялах хэлбэр ч бий.

Харин түүх соёлын хувьд тус аймгийн Сагил сумын Можоо, Бужаагийн хадны зураг, Зүүнхангайн Зураагийн хадны зосон зураг зэрэг төдийгүй дэлхийд хоёрхон байдаг эртний түүх, соёлын дурсгалтай танилцаарай. Увс аймгийн түүх дурсгалын хамгийн сонирхолтой хэлбэр нь нүүдэлчдийн амьдралтай танилцах болон угсаатны аялал юм.

Увс аймгийн жуулчдын аяллын маршрутыг сонгосон байдлыг авч үзвэл 60 хувь нь Хархираа, Түргэн, Цагаан шувуут уулсаар, 25 хувь нь Увс, Хяргас нуур, 11 хувь нь Алтан элс, Ханхөхийн чиглэлээр, дөрвөн хувь нь Давст, Мөнгөт цахирын чиглэлээр аялсан байна. Харин дотоодын жуулчид жилд дунджаар 25000-30000 аялагч жуулчид Увс нуур, Хяргас нуур, Үүрэг нуур, Ханхөхийг зорьдог ажээ.

Баяд, дөрвөд, халх, хотон ястан малчин айлд зочлон нүүдэлчин ахуйтай танилцах, соёл зан заншил, нутгийн зан үйлд суралцах боломжтой. Мөн шувуу ажиглах аялал, уулын аялал ч бий. Увс нутгаар аялах боломжтой томоохон газруудыг дэлгэрэнгүй танилцуулъя.

84 КМ ҮРГЭЛЖИЛДЭГ УВС НУУР

Монголын хамгийн том нуур бол Увс. Их нууруудын хойд хагаст, аймгийн зүүн хойд хэсэгт Давст, Малчин, Наранбулаг, Тариалан сумдын нутагт далайн төвшнөөс дээш 759 м өндөрт оршдог. Аймгийн төвөөс 40 км зайтай. Урт нь 84 км, өргөн 79 км, гүн нь 12-15 м, 3350 ам.дөр.км талбайтай. Төв Азийн гадагш урсгалгүй ай савд багтдаг. 1993, 1995 онд Дархан цаазат газар нутгаар зарласан.

Харин 1997 онд НҮБ-ын олон улсын шим мандлын нөөц газрын сүлжээнд, 2003 онд дэлхийн өвийн сүлжээ, 2004 онд олон улсын ач холбогдол бүхий нүүдлийн шувууд олноор амьдардаг орчны тухай конвенцид тус тус нэгдэн орсон. Шувуудаас 345 зүйл, өвөлждөг найман зүйл, дайрч өнгөрдөг 82 зүйл бүртгэгджээ.

Хун, цаст дэглий, халбаган хошуут, галуу, ногтруу гэх мэт усны шувуудтай. Увс аймгийг зорих жуулчдын 25 хувь нь Увс нуурыг зорьдог байна. Увс нуурын дараа орох томоохон нуур нь Хяргас юм. Тус аймгийн Завхан, Наранбулаг, Цагаанхайрхан, Малчин, Хяргас сумын нутгийг хамран Их нууруудын хотгорт Хан Хөхийн нурууны урд хэсэгт оршдог. 75км урт, 31км өргөн, 80м гүн, 1406.8км талбайтай. Хяргас нуурыг 2000 онд улсын тусгай хамгаалалтад авсан. Энд улаан номд орсон олон төрлийн шувуу, загас амьдардаг.

ХАР ГАЛУУ, ЦАХЛАЙН ӨВӨРМӨЦ АМЬДРАЛЫГ СОНИРХООРОЙ

Хяргас нуурын зүүн хөвөөнд орших “Хэцүү хад” байгалийн цогцолбор нь хол ойрын жуулчдын анхаарлыг татсан үзэсгэлэнт нутаг юм. Энэ бол говь хээрийн байгалийн үзэсгэлэнт газар байрладаг.

Харьцангуй богино зайнд 5-7 км хадархаг, цохио, өндөр хадан хясаа бүхий ургамал амьтны өвөрмөц чуулбар хэсэг. “Хэцүү хад”- аас хар галуу, цахлайн өвөрмөц амьдрал, зан төрхийг харах боломжтой.

Алтайн сугас, монгол хадран,осмон, шар загастай Аймгийн төвөөс зүүн урд зүгт 230км зайнд оршдог.

ДЭЛХИЙД ХОЁРХОН БАЙДАГ ДУРСГАЛЫН НЭГ

Түүх, соёлын дурсгалт газруудаас Зураагийн хадны зосон зураг хамгийн алдартай нь. Зүүнхангай сумаас 351 км-т оршино. Овог отгоороо ан хийж байгааг дүрсэлсэн чулуун зэвсгийн үеийн эл зураг нь дэлхийд хоёрхон байдаг. Нөгөө нь Америкийн Аляскт байдаг ажээ. Түүнчлэн Сагил сумаас 111 км-т Можоогийн хадны зураг гэж бий. Энэ бол Неолитийн үеийн дурсгал юм.

Можоогийн хадны зураг нь Монголд төдийгүй дэлхийд гайхагдах дурсгал хэмээн үздэг. Монголд хоёр байдаг бөгөөд нөгөө нь Ховдын Гурван цэнхэрийн агуйн зураг юм. Эл зурагт аргаль, янгир, тэмээ, нохой, үхэр, хүн зэргийг дүрсэлсэн. Үхрийг нум сумаар харваж байгаа болон хөтлөн явж буй хүнийг дүрсэлжээ.

800 ЛАМЫН ТӨГСБУЯНТЫН ХҮРЭЭ

Дөрвөд далай ханы гол хүрээ ба 1758 онд суурийг нь тавьсан Төгсбуянтын хүрээний туурь нь эдүгээ Түргэн сумын нутагт Түргэн, Буурлын голуудын бэлчирт байрлаж байна. Уг хүрээнд Чогчин, Жүд, Мамба, Чойр, Дуйнхор гэсэн таван том дацан, 22 сүм дуган, 800 гаруй лам байжээ. Гэвч 1938 оны хэлмэгдлийн үеэр уг хийдийг тараасан. Харин эдүгээ Таван Дэнхэрваа уулын хажууд туурь болон үлджээ.

ЧАНДМАНИЙН СОЁЛЫГ НЭВТРҮҮЛЭГЧ

“Юүдэн малгай” хэмээн хочилдог Чандмань уул Увс аймгийн түүх, соёлын томоохон дурсгалын нэг мөн. Хаанаас ч харсан юүдэн шиг өвөрмөц сонин тогтоцтой улаан өнг өтэй энэ уул аймгийн төвийн хойморт заларсан байдаг.

Энэ нь хүрлийн хожуу, төмрийн түрүү үеийн МЭӨ VII-II зууны үеийн булш, эртний түүх соёлын эд өлгийн зүйлс бүхий археологийн олдворуудтай.

976 онд хийсэн археологийн малталт нь олдвороороо дэлхийн соёлын түүхэнд “Чандманий соёл” хэмээх шинэ нэр томъёог оруулж ирснээрээ түүхэн ач холбогдолтой.

Чандмань уулын рашаан тунгалаг устай гидрокарбонат, сульфат, магникальцит төрлийн хүйтэн рашаан. Ходоод, гэдэс, дотрын өвчнийг анагаадаг.

МӨНХ ЦАСТ ДЭГЛИЙ ЦАГААН

Жилийн дөрвөн улиралд мөнхийн цастай цайран харагдах Дэглий цагаан уул Түргэний уулсын оргил нь.

Ховд, Түргэн, Бөхмөрөн, Сагил сумын нутгийг дамжин 70 орчим км үргэлжлэх Түргэний уулс Буурал, Түргэн, Живэртэйн голуудын эх авсан нуруунуудыг дамжин Цагаан дэглий уулнаас зүүн тийш Хавцалын боом хүртэлх 145.1 мянган га талбайг хамардаг.

Энэ уулсаар тундр, ой, тайга, уулын хээр зэрэг байгалийн олон бүс бүслүүр хосолсон бөгөөд мөнх цас, мөсөн тогоо, хүрхрээ, агуй, хад цохио бүхий байгалийн үзэсгэлэнт газартай. Оргил болох “Дэглий Цагаан” уул 4096 м өндөрт өргөгдсөн мөнх цастай учир гаднын жуулчдын зорих газрын нэг болж чаджээ.

Б.ЭНХЗАЯА

Эх сурвалж: "ЗУУНЫ МЭДЭЭ" сонин

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж