Спортын хатан хаан хэмээн өргөмжлөгддөг хөнгөн атлетикийн 14 дэх удаагийн дэлхийн аварга шалгаруулах тэмцээн ОХУ-ын Москва хотноо өнөөдөр “Лужники” олимпийн цогцолборт эхэллээ. Дэлхийн 206 орны 1974 (эрэгтэй 1106, эмэгтэй 868) шилдэг тамирчид 47 багц медалийн төлөө өрсөлдөх гэж байна. Тус 47 багц медалийн 24 нь эрэгтэй, 23 нь эмэгтэйчүүдэд очих юм. Монгол улсаа төлөөлөн гавьяат тамирчин, ОУХМ Б.Сэр-Од, ОУХМ Л.Отгонбаяр нар оролцож байна.
Өнөөдөр эмэгтэйчүүдийн зээрэнцэг түлхэлт, эрэгтэйчүүдийн арван төрөлтийн 100 метрийн гүйлт, уртын харайлт, эрэгтэйчүүдийн 800 м-ийн урьдчилсан гүйлт боллоо.
Харин эрэгтэйчүүдийн 10 000 м, эмэгтэйчүүдийн марафоны аваргууд өнөөдөр тодрох юм. Эмэгтэйчүүдийн марафоны төрөлд ОУХМ Л.Отгонбаяр уралдах бөгөөд тэрбээр дөрөв дэх удаагаа ДАШТ-нд оролцож байна.
Тэмцээний нээлтийн ажиллагаа Москвагийн цагаар 21:45-д эхлэх бөгөөд энэ үед эмэгтэй марафон болон эрэгтэй 10000 м-ийн аваргууд тодорсон байх юм.
ЗҮҮЛТ: 1983 онд Финландын Хельсинки хотноо хөнгөн атлетикийн анхны ДАШТ зохиогдож эхэлжээ. 1978 онд Италийн Ром, 1991 онд Японы Токио хотноо болж, дөрвөн жилд нэг удаа болдог байсан ДАШТ-нийг 1993 оноос хоёр жилд нэг удаа зохион байгуулахаар өөрчилжээ. Ингэснээр олимпийн их наадмын өмнө болон дараа жил нь ДАШТ-ийг зохион байгуулах болжээ. 1993 онд Германы Штуттгарт хотноо дөрөв дэх удаагийн ДАШТ зохиогдож эхэлсэнээс хойш өдгөө хоёр жил тутамд зохиогдож байна. Өнгөрсөн жил 13 дахь удаагийн ДАШТ Өмнөд Солонгосын Тэгү хотноо болсон бол 15 дахь удаагийнх БНХАУ-ын Бээжин хотноо зохион байгуулагдах аж.