Валютын урсгал сайжирснаар зах тогтвортой болно

Хуучирсан мэдээ: 2013.08.10-нд нийтлэгдсэн

Валютын урсгал сайжирснаар зах тогтвортой болно

Монголбанкны Ерөнхийлөгчийн зөвлөх,
Ерөнхий эдийн засагч С.Болдтой эдийн засгийн өнөөгийн нөхцөл байдал,
төгрөгийн ханшийн өөрчлөлт, бодлогын асуудлаар уулзаж ярилцлаа.

Эдийн засгийн өнөөгийн нөхцөл байдлыг та хэрхэн харж байна?

Эдийн
засгийн мөчлөгөө эргэн харвал бид 2012 оноос эхлээд дараалсан 7 улирлын
турш гадаад эдийн засгийн таагүй орчин, түүний сөрөг нөлөөллийн дунд
амьдарч байна. Та бүхэн санаж байгаа байх. Гадаад худалдааны нөхцөл 2011
оны 4 дүгээр улирлаас муудаж, гадаадын шууд хөрөнгө оруулалтын урсгал
өнгөрсөн оны эхнээс л буурах хандлагатай болсон. Энэ бол 2013 онд,
саяхан л бий болчихсон үзэгдэл биш л дээ. Гэхдээ ийм удаан хугацаанд
үргэлжилсэн тодорхой бус байдал дунд бид дотоодын үйлдвэрлэлээ дэмжих,
ажлын байруудаа хадгалж үлдэх, үндэсний бүтээмж болон хуримтлалаа
нэмэгдүүлэхэд чиглэсэн бодлого хэрэгжүүлсний үр дүнд гадаад зах зээлээс
дотоодын эдийн засагт үзүүлэх сөрөг нөлөөлөл нь 2008-2009 оны хямралын
үетэй харьцуулахад хамаагүй зөөлөн тусч байна.

Долларын ханш
харьцангуй алгуурхан чангарч байснаа сүүлийн хэдэн өдөрт нэлээд огцом
өөрчлөгдлөө. Энэ нь юунаас шалтгаалсан гэж та бодож байна вэ?

Тиймээ,
эдийн засгийн суурь нөхцлөө дагаад төгрөгийн гадаад валюттай харьцах
ханш алгуур суларч байсан. Гэтэл сүүлийн хэдэн долоо хоногт зах зээлд
гарсан хэд хэдэн сөрөг муу мэдээллээс шалтгаалж ханшид огцом хэлбэлзэл
бий болсон юм. Нэгд, Стандарт банкны зээлтэй холбоотой, урьд өмнө огт
сонсогдоогүй мэдээлэл нийтэд тархсан. Хоёрт, Хадгаламж банкны асуудал
байна. Гэхдээ тус банкийг Төрийн банкинд шилжүүлэх арга хэмжээг
Монголбанк 1 өдрийн дотор амжилттай хэрэгжүүлсний үр дүнд банкны
үйлчилгээнд ямар ч гацаа үүсээгүй, үйл ажиллагаа нь хэвийн явагдсан
бөгөөд нэг ч гүйлгээ саатаагүй юм. Ингэснээр валютын зах дээр ч томоохон
савлагаа үүсээгүй, харьцангуй тайван байсан. Гуравт, Оюу толгойн
төслийн санхүүжилт, хөрөнгө оруулалт нь УИХ-ын чуулганаар шийдвэрлэгдэх ч
юм шиг, өөрөөр хэлбэл 10 сар хүртэл ямар ч шийдвэр гарахгүй хойшлох
лугаа адил, Оюу толгойгоос бусад хөрөнгө оруулалтууд бүрмөсөн зогсчих
мэтээр, улмаар валютын орох урсгалгүй болчих юм шиг мэдээллүүдээс
үүдэлтэй сөрөг хүлээлт зах зээлд давамгайлаад байв. Олон улсын хэвлэл
мэдээлэлд ч ийм утга, агуулгатай мэдээллүүд олноор гарч байсан. Үүний
нөлөөгөөр Чингис бонд, Хөгжлийн банкны бондын үнэ ихээхэн унаж, гадаадын
хөрөнгө оруулалттай аж ахуйн нэгжүүдийн хувьцааны үнэ огцом буурсан.
Эдгээр хүчин зүйлс нь сая валютын захад ханш огцом хэлбэлзэхэд нөлөөлсөн
юм.

Долларын ханшийн энэ огцом өсөлтийг багасгахад Монголбанкнаас ямар арга хэмжээ авч байгаа вэ?

Сүүлийн
хэдхэн хоногт гарсан валютын ханшийн огцом өөрчлөлт бол эдийн засаг,
бизнесийн орчинд сөргөөр нөлөөлж болзошгүй, зохистой бус хөдөлгөөн
байлаа л даа. Тиймээс ч Монголбанк валютын захад жинтэй оролцож,
шаардлагатай зохицуулалтыг хийгээд байна. Цаашид бид хууль тогтоомж,
төрийн мөнгөний бодлогод заасан чиг үүргийнхээ хүрээнд, шаардлагатай үед
нь валютын захад оролцож, ханшийн огцом хөдөлгөөн, зохисгүй хэлбэлзлийг
багасгана.

Зах зээлд аливаа нэг муу мэдээлэл тархсан, сөрөг хүлээлт үүссэн, ханш огцом өөрчлөгдсөн үед иргэдийн зүгээс яавал зохистой вэ?

Иргэд
сандарч тэвдэх огт хэрэггүй юм. Зах зээлд гарсан иймэрхүү шуугиан,
сөрөг хүлээлтээс болж иргэд маань өөрийн хүсээгүй шийдвэрийг гаргаж,
шаардлагагүй зардал үүсгэн, өөр дээрээ ихээхэн эрсдэл авч, алдагдалд
орох вий дээ гэсэн болгоомжлол бидэнд байнга л байдаг. Тиймээс иргэд
маань зах зээлд гарсан аливаа өөрчлөлт, мэдээллийг цаг хугацааных нь
хувьд сайтар нягтлан үзэж, нухацтай хандан, зөв шийдвэр гаргаж байх
хэрэгтэй.  

Монголбанк валютын ханшийг тогтвортой бариад байж болдоггүй юм уу?

Төгрөгийн
ханш сулрахаар муу, чангарахаар сайн, эсхүл ханшаа тогтмол барих ёстой ч
гэдэг юмуу нийтийн дунд байдаг буруу ойлголтоосоо бид салах цаг аль
хэдийнэ болсон. Төгрөгийн ханш гадаад валютын эсрэг сулрах нь цаанаа
ямар агуулгатай юм бэ гэдэг нь чухал. Энэ бол дотоодын үйлдвэрлэлийг
дэмжсэн, экспортод суурилсан эдийн засгийн бүтэцтэй болох бодлогын
сонголт юм. Монгол улсад сүүлийн 20 жилийн хугацаанд ийм бодлого
байгаагүй. Тэгвэл төгрөгийн гадаад валюттай харьцах ханш суларч байгаа
хандлага нь дотоодын үйлдвэрлэлийг дэмжих, экспортыг урамшуулах, түүний
өрсөлдөх чадварыг сайжруулах, цаашлаад эдийн засгийн бүтцийг төрөлжүүлэх
бодлоготой нийцтэй бөгөөд тийм нөхцөл боломжийг нь бас бүрдүүлж өгнө.
Ханшийг барина гэдэг ойлголт үндсээрээ буруу. Валютын ханш нь эдийн
засгийн суурь нөхцөл, гадаад худалдаа, хөрөнгө оруулалтын орчноосоо
хамаарч уян хатан тогтож байх ёстой. Гэхдээ валютын зах тогтвортой биш,
ханш хэт савлаад, огцом үсчиж харайгаад байвал аюултай. Тиймээс ханшийн
тэрхүү огцом хөдөлгөөнийг нь багасган тогтворжуулах зохицуулалтыг төв
банкнаас хийж байдаг.

Долларын ханш чангарахаар инфляци өсөх
вий гэсэн болгоомжлол байдаг. Төгрөгийн ханш долларын эсрэг сулраад
байхаар тэр нь инфляцийг өсгөх үү?

Ханш сулрах нь инфляци
өсөх үндсэн шалтгаан бас биш л дээ. Бидний тооцоогоор Японд нэрлэсэн
ханшийн 10 хувийн сулралт нь тодорхой хугацааны хоцрогдолтойгоор
инфляцийг 0.25 хувиар л өсгөх нөлөөтэй байдаг бол Монголд дотоодын
үйлдвэрлэл маш сул байдгаас бараг 4 хувийн нөлөөлөл бий болгох эмпирик
хамаарал харагддаг. Гэхдээ энэ нь ийм хэмжээний инфляцийн нөлөөлөл
заавал бий болгодог гэсэн үг ч бас биш. Энэ оны тухайд төгрөгийн гадаад
валюттай харьцах ханшийн сулралтаас шалтгаалсан инфляцийн өсөлт нь гол
нэрийн бараа, бүтээгдэхүүний үнийг тогтворжуулах хөтөлбөрийн нөлөөгөөр 2
хувиас хэтрэхгүй гэж бодож байна. Эдийн засгийн удаашралын мөчлөгийн
үед валютын ханшийн өсөлтөөс шалтгаалсан инфляцийн дарамт харьцангуй
бага байх боломжтой.

Монголбанкны валютын нөөц хэд байна вэ?
Зарим хүмүүс валютын нөөц шавхагдаж байгаа гэх утгатай таамаглал хэлж ч
байсан. Та яг бодитой, үнэн зөв тоог нь хэлж өгнө үү.

Зах
зээлд аливаа хариуцлагагүй, худал цуу яриа дэгдээх нь ханшийг огцом
савлуулах, зохиомлоор хөөрөгдөх шалтаг болдгийг иргэд маань эрхбиш
ухамсарлах бизээ. Монгол Улсын гадаад валютын албан нөөц 2.8 тэрбум
ам.доллар, үүнээс гадна Монголбанкны своп хэлцэл буюу энгийн үгээр
хэлэхэд 2 тэрбум орчим ам.доллартай тэнцэх хэмжээний юанийн эх үүсвэр
бий. Үүнийг бид 2 дахин нэмэгдүүлж, 4 тэрбум ам.доллартай тэнцэх
хэмжээнд хүргэхээр ч ажиллаж байна. Зөвхөн валютын захын тогтвортой
байдал ч гэлтгүй, ерөөс Монгол Улсын санхүүгийн болон макро тогтвортой
байдлыг үргэлжлүүлэн хадгалах чадавхи, мөнгөний бодлогын арга
хэрэгслүүд, нөөц бололцоо Монголбанкинд хангалттай байгаа.

Монголбанкнаас хэтэрхий их төгрөгийг эдийн засагт шахсан гэж зарим судлаачид хэлж байгаа юм билээ. Энэ талаар та юу хэлэх вэ?

Энэ
оны 6 дугаар сарын статистикийг харвал нийт мөнгө M2-ын маань өсөлт
ердөө 13.5 хувьтай л байна. Мөнгөний нийлүүлэлтийн өсөлтийн өнөөгийн
түвшин нь эдийн засгийг сэргээн идэвхижүүлэх, бодит секторын өсөлтийг
эрчимжүүлэхэд хангалттай бус байна. Монголын эдийн засагт төгрөг
илүүдээгүй, харин хямд бөгөөд урт хугацаатай төгрөгийн эх үүсвэр
дутагдаж байна гэж бид үзэж байгаа. 2010-2012 онд М2 мөнгөний жилийн
өсөлт 15-69 хувийн хооронд, эдгээр гурван оны дундаж нь 39 хувьд байсан.
М2 мөнгөний нийлүүлэлтийн өсөлтийн ийм орчинд л эдийн засгийн бодит
өсөлт 2011 онд 17.5 хувиар өсч байсан. Гэхдээ 2011-2012 онд иргэдийн
хэрэглээг хавтгайрсан халамжийн бодлогоор дэмжиж байсан нь эдийн засагт
хөөсрөлт бий болгож, эдийн засгийн өндөр өсөлт нь иргэдийн амьжиргаанд
мэдрэгдэхгүй байхад хүргэсэн. Иймд байгалийн баялгийн орлогоос
хамааралтай, хэрэглээнд суурилсан эдийн засгийг дотоодын үйлдвэрлэл,
хөрөнгө оруулалт, хуримтлалд суурилсан шинэ бүтэцтэй болгохоор бид
ажиллаж байна.  

Тэгвэл эдийн засагт байгаа нийт төгрөг нь валютын ханшийг өсгөх нөлөөтэй юу?

Хэрэв
Монголбанк мөнгөний бодлогын хүрээнд эдийн засагт бүтээмжтэй төгрөгийн
нийлүүлэлтийг хийгээгүй байсан бол М2 мөнгө өсөх бус, харин ч бүр 25
хувиар буурах байлаа. Энэ нь эдийн засагт маш огцом цочрол өгөх, зээл
бүрмөсөн зогсох, хувийн хэвшил шахагдан агшиж ажлын байруудаа олноор
алдах, компаниуд дампуурч үүд хаалгаа барих, эдийн засагт маш хүнд
цохилт үзүүлэх байсан юм. Цаашлаад аж ахуйн нэгжүүд банкнаас авсан
зээлээ төлж чадахгүйд хүрэх, банкны салбарын муу зээл өсөн нэмэгдэх,
санхүүгийн тогтвортой байдал алдагдах, үүнээс улбаалж төгрөгийн гадаад
валюттай харьцах ханш 40-50 хувиар суларч, хямрал нүүрлэж ч болохоор
эрсдэлтэй байлаа. Нэгэнт ийм хямрал бий болсон байвал түүнээс ангижрахад
асар их хугацаа шаардагдаж, эдийн засгийн хөгжил 5-10 жилээр ухрах
байсан гэсэн үг л дээ. Тиймээс Монголбанк эдийн засагт бүтээмжтэй
төгрөгийн нийлүүлэлтийг оновчтой цаг үед нь, зохистой хэлбэрээр хийснээр
харин ч хямралаас урьдчилан сэргийлж, эдийн засаг зөөлөн газардалт
хийсэн юм. Бодлогын бүх арга хэмжээ хуулийн хүрээнд хийгдсэн. Энэ бол
эдийн засгийг болзошгүй хямралаас гэтэлгэх Монголбанкны зайлшгүй үүрэг
юм. Бид тэр үүргээ л биелүүлсэн.

Монголбанк өнгөрсөн хугацаанд
2.9 их наяд төгрөгийг эдийн засагт нийлүүлсэн. Мөнгөний энэ нийлүүлэлт
нь инфляцид яаж нөлөөлөх вэ?

Зарим хүмүүс инфляци цаашид
өснө, дарамт нь ч өндөр байгаа, ханш суларна, 2000 болно ч гэх шиг янз
бүрийн зүйлийг олон нийтэд хандан хийж байна билээ л дээ. Инфляци, ханш,
түүний төлөв, хандлагын талаар ярихдаа зах зээлийн аливаа бодит
хүлээлтийг эвдчих вий, буруу хүлээлт бий болгочих вий гэсэн
болгоомжлолтой, хариуцлагатай хандах хэрэгтэй юм. Эдийн засаг дахь
мөнгөний хэмжээнээс болж инфляци бий болдоггүй, харин мөнгөний
нийлүүлэлтийг хэрхэн яаж хийв, тэрхүү мөнгөний нийлүүлэлт нь эдийн
засагт хэрэглээ, хөөсрөлт бий болгож байна уу, аль эсвэл бодит секторт
дэмжлэг болж, дотоодын үйлдвэрлэл, ажлын байр, актив хөрөнгө, экспортын
чадавхийг нэмэгдүүлэн, үндэсний бүтээмж, хуримтлалыг өсгөхөөр байна уу
гэдгээс инфляци шалтгаалдаг юм. 2011-2012 оных шиг бэлэн мөнгө хэлбэрээр
хүмүүст 1.9 их наяд төгрөг зүгээр л тараагаад байвал инфляци мэдээж
өснө. Түүний нөлөөгөөр иргэдийн амьжиргаа ч, гадаад худалдаа ч,
төлбөрийн тэнцэл ч бүхэлдээ мууддаг, эдийн засгийн эрсдэлүүд нь
нэмэгддэг, хямрах аюул заналхийлдэг. Өөрөөр хэлбэл бэлэн мөнгө тараах
хэлбэрээр бүтээмжгүй мөнгөний нийлүүлэлт хийх нь эдийн засгийг
сүйрүүлдэг. Харин бодит сектороо дэмжсэн, ажлын байруудыг хадгалж тоог
нь нэмэгдүүлсэн, хуримтлалыг өсгөсөн бүтээмжтэй мөнгөний нийлүүлэлт
гэдэг нь эдийн засгийг болзошгүй хямралаас гэтэлгэх, тогтвортой байдлыг
хадгалахад асар их үүрэгтэй. Монголбанкны хийсэн төгрөгийн нийлүүлэлтийн
хэмжээ бол эдийн засагт одоо байгаа ажлын байруудаа алдчихгүй хадгалж
авч үлдэхэд л хүрэлцэхүйц байсан хэмжээ юм л даа.

Валютын ханш цаашдаа яах бол? Эдийн засгийн өнөөгийн нөхцөл байдлыг сайжруулахын тулд юу хийх хэрэгтэй вэ?
 
Инфляци
нам, тогтвортой байгаа өнөөгийн орчинд гадаад худалдаагаа, гадаадын
шууд хөрөнгө оруулалтаа дэмжих хэрэгтэй байна. Тийм ч учраас экспортоо
дэмжих, өрсөлдөх чадварыг нь сайжруулах, хөрөнгө оруулалтаа сэргээх, Оюу
толгой төсөлтэй холбоотой асуудлыг тодорхой болгож шийдвэрлэхээр
Засгийн газар ажиллаж байгааг бид мэднэ. Ойрын хугацаанд Засгийн газраас
чухал шийдвэрүүд гарна гэдэгт бол бидэнд эргэлзээ алга байна. Ингэснээр
эдийн засагт эерэг нөхцөл байдал, хандлагууд ар араасаа бий болж, тэр
нь эргээд валютын захын тогтвортой байдалдаа эерэгээр нөлөөлөх байх. Оны
төгсгөлийг тогтвортой суурьтай үдэж, дараа онуудын хөгжлийн бат бэх
суурийг бүрдүүлнэ гэдэгт Монголбанкны хамт олон итгэлтэй байна.

Ярилцсанд баярлалаа.

Э.МИШЭЭЛ
Эх сурвалж: "ӨДРИЙН СОНИН"

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж