Энэхүү үзэсгэлэнд Сюзн Фоксын уран бүтээл болох Монголын хээр тал, монголчуудын ахуй амьдрал, монгол хүн, онгон дагшин байгал, өвөрмөц тогтоц, амьтан тэр дундаа аргаль, янгир, тахь, морь зэргийг уран нарийн дүрсэлсэн 32 уран зургийг дэлгэж үзэгч олны хүртээл болгож байна. Үзэсгэлэн энэ сарын 16-ыг дуустал гарах аж.
Тэрбээр нээлтийн үеэр хэлэхдээ: “Би хэдийгээр өөрийн дур сонирхлын дагуу бүх сэдвээр зурах дуртай боловч амьд байгаль тэр дундаа амьтдыг зурах илүү дуртай. Зураачийн хувийн онцлогийг уран зургаар илэрхийлэхийг үргэлж эрмэлзэж, уламжлалт тосон будгийн аргаар бүтээлээ туурвидаг. Тухайн зургийн сэдвээ амьдардаг орчинд нь харж, ажиглан, судалбар хийх нь нэн чухал байдаг. Ингэж зургаа зурахын тулд Кени, Канадын Шар чулуу, Гранд Тетон, Гласиар үндэсний парк, Монгол зэрэг улс орнуудаар аялан уран бүтээлээ туурвихын зэрэгцээ энэ нь миний мэргэжил болсон. Би тухайн аялан очсон газрынхаа таталбар зураг болон фото зургийг ихээр авдаг. Уран зургийн нэг чухал суурь бол хар зураг бөгөөд би үүнд дуртай.
Би цаг зарж амьтдыг ажиглан харж сууснаараа тэднийг зүгээр хараад өнгөрөх бус тэдгээрийн бие биентэйгээ харилцах харьцаа, дотоод мөн чанар, нэг нэгнийгээ үнэлэх үнэлэмж хүнээс тэс өөр амьдралтай юм гэдгийг ойлгож авсан. Тэрхүү агшныг зурагт буулгаж буй тэр боломж бол миний ур чадварын рашааныг урсган гаргаж буй зүйлийн нэг юм. Амьтан болгон хүнтэй адил өөрсдийн өвөрмөц шинж чанартай байдаг. Энэхүү амьтдын өвөрмөц шинж чанарыг би өөрийн уран бүтээлдээ тусгахдаа тухайн амьдардаг орон нутгийн гоо үзэсгэлэнтэй холбон илэрхийлэхийг үргэлж эрмэлзэж байдаг юм.
Хүн, амьтан ургамал бид бүгд амьдарч буй дэлхийдээ хамааралтай юм. Хэрвээ тэдний хувьд энэ газар нутаг тийм ч сайхан биш бол бидний хувьд ч мөн тийм газар нутаг байхгүй. Манай дэлхий ертөнцийн юмс бүхэн хоорондоо хамааралтай харилцан шүтэлцээтэй байдаг гэдгийг бид бүхэн одооноос л ойлгож эхэлж байна. Дэлхий ертөнц дээр үлэг гүрвэл устан үгүй болсон цаг үеэс хойш хүний үйл ажиллагааны нөлөөнөөс амьд байгаль болон хичнээн их зүйл үгүй болж байгааг би зургаараа үзүүлдэг. Мөнх бус орших хүн гэдэг амьтнаас гадна байгалийн туйлын үнэн гэж байдаг. Уран бүтээлч хүний хувьд би үүнийг уран бүтээлээрээ илэрхийлэхийг зорьдог юм” гэв.
Энэхүү “Миний Монгол” үзэсгэлэн энэ сарын 16-н хүртэл Монголын Үндэсний музейн үзэсгэлэнгийн танхимд өдөр бүр 09:30-17:30 цагийн хооронд нээлттэй байх юм.