Ц.Энхтайваны хонгор халзан түрүүллээ

Хуучирсан мэдээ: 2013.08.10-нд нийтлэгдсэн

Ц.Энхтайваны хонгор халзан түрүүллээ

Дэлхийн дээд амжилт Гиннест бүртгүүлэх “Монгол морь-3000” уралдаанд нийтдээ 4279 хурдан буян бүртгүүлж гараанаас гарсан ч 4249 морь барианд оржээ. Морьд 18 километрийн зайнаас шандас сорьсон бөгөөд түрүүлэн ирсэн эрлийз хээр азарга хасагдсан байна.

Ингэснээр улсын наадамд аман хүзүүдэж, давхар уяагаар “Их хурд-6” уралдаанд гуравт хурдалсан Ц.Энхтайваны хонгор халзан морь түрүүлжээ. Харин аман хүзүүнд Монгол улсын тод манлай уяач Х.Бат-Эрдэнийн хүрэн соёолон хурдалсан бол Архангай аймгийн харьяат Д.Жаргалсайханы буурал морь гуравт хурдалсан байна. Мөн Дундговь аймгийн Алдарт уяач Ц.Бямбасүрэнгийн хүрэн азарга дөрөвт, Ховд аймгийн харьяат Б.Ерөөлтийн зээрд халзан морь айргийн тавд оржээ. Б.Ерөөлтийн энэхүү халзан морь энэ цагийн шилмэл хурдан хүлэг гэдгээ нотлон харуулж энэ удаагийн уралдаантай нийлээд энэ жил зохиогдсон зургаан том уралдааны түрүү, аман хүзүү, айрагт хурдалсан гайхам амжилтыг үзүүллээ.

Энэхүү уралдаанд 26 хүүхэд мориноос унасан бөгөөд ямар нэгэн бэртэл гэмтэл аваагүй гэдгийг зохион байгуулах комисс онцолсон байна.

Ийнхүү төв Азийн нүүдэлчин монголчууд дэлхийн дээд амжилтыг шинэчлэн тогтоолоо. Өмнө нь Малайз улсад 2228 морины уралдаан зохиогдож байсан түүхтэй юм.

Т.ДАРХАН
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж