Санаанд орж
ирснээсээ яг эсрэгээр нь хийгээд амжилтанд хүрч байсан тохиолдол надад хэд хэд
бий. Бүр наад зах нь, 8 настай байхдаа би нохойноос зугтаж яваад баригддагийн
даваан дээр өөрөө гүйхээ больчихож билээ. Тэгсэн чинь намайг ухаан жолоогүй
хөөж явсан том хар нохой жаахан архирч байснаа яваад өгсөнсөн.
Түүнээс хойш ч
юм уу, би яахаа мэдэхээ болих үедээ хааяа өөрийнхөө бодлоос шууд сөрчихдөг
болсон юм. Аз турших. Итгэлийг минь алдсан нэг хүнээс жийрхэж, аль болох
уулзмааргүй мэдрэмж төрөх үед шууд өөрөөсөө зөрөөд, харин ч тэр хүнтэйгээ хамт
цагийг өнгөрүүлж, өдөр хамтдаа хоолонд орж, орой гэрт нь очиж эхэлсэн чинь
түүний талаарх бодол маань өөрчлөгдсөн.
Саяхан ч гэсэн
энэ аргаа ашиглаж үзлээ. Өглөөнөөс орой хүртэл завсар чөлөөгүйгээр ажиллаад л
байгаа хирнээ, нэг л бүтээмж муутай байгаа өөрийгөө хараад “Миний ажил их байна
даа” гэж хальтхан бодогдмогц ачааллаа улам нэмээд үзэхээр шийдлээ. Тэгээд ажлын
цагаас хумслах вий гэж айгаад хийдэггүй байсан зүйлсээ өдөр бүрийнхээ to-do
list-нд оруулдаг болов. Франц хэлний дамжаа, фитнесс хоёроо сөөлжүүлж, өмнө нь
дүүдээ болон ээждээ даатгачихдаг байсан гэрийн ажлууда өөрөө бүгдийг нь хийдэг
болов. Өөрөөр хэлвэл өдөр бүр ажлаасаа гадна өөр нэг зүйлийг заавал амжуулах
шаардлагыг өөртөө тулгасан. Гэтэл хийж суусаар байтал нэг цаг болгочихдог
байсан ажлаа 30 минутанд хийхээс өөр аргагүй болж, өдөр бүр өндөр ачаалалтай
гэдгээ мэдэж байгаа болохоор орой хий дэмий өнгөрүүлдэг байсан хэдэн цагаа шууд
унтахад зориулдаг болдог юм байна. Ингээд ирсэн чинь би өөрөө л цаг заваа
ажлынхаа завсраар урсгаад байсан болохоос, тийм ч их хийх юмтай байгаагүй
гэдгээ ойлгосон. Магадгүй энэ үед би даргаасаа ачааллыг минь багасгаж өгөхийг
гуйсан бол, цөөхөн ажлынхаа ард ч бүтэн өдрийн дараа гардаг хэвээрээ л байх
байсан биз.
Хэрвээ чамд
өдрийн турш ажилтайгаа ноцолдсоор байгаад л бүх цагаа барж байгаа юм шиг
мэдрэмж төрж эхлэвэл амралтаа авах талаар бодохоосоо түрүүлж ачааллаа шууд
нэмээд үзээрэй. Өөртөө байгаа цагийн ч, чадварын ч нөөц бололцоогоо тултал нь
ашиглаагүй байсан гэдгээ бид үнэхээр завгүй болж байж л ойлгодог. Хоёр чухал
ажлынхаа ард гарахгүй байвал дахиад нэг чухал биш ажил нэмчих. Тэгвэл түүнийгээ
жаахан ч болов хийхийн тулд, нөгөө хоёр ажлаа хурдан амжуулна.
Ирэх долоо
хоногт ачааллаа нэмээрэй. Чи ажил дээрээ нэмээд юуг хийхээр төлөвлөж байна?
Эх сурвалж: http://www.goolingoo.mn/